Трамп цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авахаа амлав

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн цагийн дотор өөрийн “муу ёрын, терроризмын шинжтэй үйлдэл” гэж нэрлэсэн үйл явдлыг цагаачлалын эсрэг улам ч хатуу бодлого хэрэгжүүлэх үндэслэл болгож хувиргав.

Трампын хэлснээр, Афганистан гаралтай нэгэн эрийг Үндэсний гвардийн нөөцийн хоёр алба хаагчийг Вашингтон хотод буудсан хэрэгт холбогдуулан баривчилжээ. Хоёр алба хаагч Трампын олон нийтийн дунд маргаан дагуулсан хууль сахиулах хүчнийг дэмжих үүднээс нийслэлд байршуулсан цэргийн багийн бүрэлдэхүүнд байсан аж.

Флорида дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ хийсэн видео мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Трамп хохирогчдод хүндэтгэл үзүүлж, түүнээс хэдхэн хормын дараа АНУ Афганистанаас цэргээ татсан 2021 оны дараа Байденын засаг захиргаа сэжигтнийг АНУ-д нэвтрүүлсэн гэж буруутгаж эхэлжээ.

Тэрбээр “Уг явдал манай улсын үндэсний аюулгүй байдалд тулгарч буй хамгийн том эрсдэлийг тод томруун харуулж байна” гэж мэдэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй тэр улс төрийн өнгө аястай мэдэгдэл хийж, Афганистанаас гадна бусад улс орноос ирсэн цагаачдыг чиглэсэн өөрийн хатуу бодлогыг дахин онцолжээ.

Энэ нь түүний засаг захиргаа Ерөнхийлөгч Жо Байдены үед орж ирсэн зарим дүрвэгсдийг дахин ярилцлагад дуудах, мөн олон аюултай бүс нутгаас ирсэн иргэдийн түр хамгаалалтын статусыг цуцлах алхамтай давхцаж буй аж.

Баруун Виржиниагийн Үндэсний гвардийн хоёр алба хаагч өчигдөр Вашингтонд буудуулж, биеийн байдал нь маш хүнд буй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэргийг “аймшигт халдлага” хэмээн буруушаав.

Афганистаны иргэн Рахманулла Лаканвалыг хэргийн сэжигтнээр тогтоосон бөгөөд тэрбээр 2021 онд АНУ-д Operation Allies Welcome хөтөлбөрийн хүрээнд ирсэн, мөн дөрөвдүгээр сард орогнол авсан аж.

Трампын засаг захиргаа ижил төстэй афган цагаачлалын кейсүүдийн бүртгэл, хяналтыг хязгааргүй хугацаагаар зогсоосон бөгөөд “Ерөнхийлөгч цагаачлалын эсрэг хатуу бодлогоо улам эрчимжүүлэх шаардлагатай” гэж мэдэгджээ.

Ерөнхий прокурор Пэм Бонди “Fox News”-д өгсөн ярилцлагадаа буудуулсан гвардийнхны нэг нь баярын өдрүүдээр сайн дураар ажиллаж байсан залуу эмэгтэй байсан гэж хэлсэн байна. Тэрбээр энэ хэрэгт терроризмын зүйл анги болон цаазаар авах ял хүртэл оноож болзошгүйг дурджээ.

Трамп Вашингтон руу Үндэсний гвардийн 500 алба хаагч илгээхийг хүссэн бөгөөд анхны дайчилгаатай холбоотой шүүхийн маргаан үргэлжилсээр байгаа юм.

Бонди “Fox News”-д ярилцлага өгөхдөө “Гвардийн эрэгтэй, эмэгтэй алба хаагчийн төлөө өнөөдөр залбирцгаагаарай” хэмээн хэлсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрвээ тэдэнд ямар нэг зүйл тохиолдвол... Би одоо хэлж чадна: Энэ улсад байх ёсгүй тэр араатанд цаазаар авах ял оноохын төлөө бид бүх хүчин чармайлтаа дайчлах болно” гэжээ.

Албаныхны мэдээлснээр, сэжигтэн Рахманулла Лаканвал хэмээх Афганистаны иргэн мөн өчигдөр буудуулсны улмаас шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Бонди “Эмч нарын урьдчилсан мэдээллийг хүлээж байна. Эмнэлэгт байгаа залуу эрэгтэй, эмэгтэй алба хаагчийн биеийн байдал хамгийн чухал. Бид эдгэрнэ гэж найдаж байна. Хамгийн муу хувилбарыг бодож үзвэл, гэмт этгээдийн тухайд дор хаяж терроризмын зүйл ангиар бүх насаар нь хорих ял яригдана” хэмээн хэлсэн байна. Тэрбээр мөн мөрдөн шалгах ажиллагаа маш идэвхтэй үргэлжилж буй талаар нэмж хэлжээ.

Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.