Швейцарт тав хоногийн гашуудал зарлав
Кран-Монтана гэдэг цанын бааз бүхий амралт сувиллын газарт шинэ жилийн шөнө болсон эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Швейцар улсад тав хоногийн гашуудал зарлажээ.
"Констеласьон" гэдэг бааранд гарсан галд өртөн 40 хүн амиа алдаж, 119 хүн түлэгдэж гэмтсэнээс гадна хэд хэдэн хүн сураггүй алга болсон тухай Euronews мэдээллээ.
Гал гарах үед уг бааранд олон орны иргэд байжээ. Тухайлбал, тэнд байсан Италийн зургаан иргэн сураггүй байна. Баасан гарагт хэргийн газарт очсон Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни мөрдөн шалгах ажиллагаа шуурхай, үр дүнтэй явагдаж буйг онцолжээ.
Мөрдөгчдийн үзэж байгаагаар, гал гарсан гол шалтгаан нь оргилуун дарсны лонхны хүзүүнд уяж бэхэлсэн бенгалын гал байв. Вале муж улсын /кантон/ Ерөнхий прокурор Беатрис Пиллу хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “дуу тусгаарлагч акустик хавтангаар хийсэн дүүжин таазанд шампанскны лонхыг хэт ойртуулан барьж буудуулснаас гал гарсан бололтой” гэлээ.
Дарсыг буудуулах үед оч үсэрснээс агшин зуурт гал авалцаж, танхим дахь агаарын хэм 1000-2000 градуст хүрч, хүчилтөрөгчийн агууламж 4 хувиас багассан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм орчинд тусгай хамгаалалтын хувцасгүй, маскгүй хүн амьд үлдэх боломжгүй юм. Гэрчүүдийн ярьснаар, гал авалцах үед шууд гадагшаа гүйн гарсан хүмүүс амь аврагдсан байна. Баарны хаалга нарийхан байсан тул хүмүүс галаас зугтан гарахад маш хэцүү байжээ.
“Констеласьон” баар 300 хүний багтаамжтай бөгөөд эмгэнэлт явдал болох үед тэнд 200 гаруй хүн байсан байна. Угаарын хийд хордсон, түлэгдэж гэмтсэн хүмүүсийг Швейцар, Герман, Итали, Францын эмнэлгүүдэд эмчилж байгаа ажээ.
Галд өртсөн хүмүүсийн дотор Францын хөл бөмбөгийн “Мец” багийн хагас хамгаалагч, ирээдүйтэй тоглогч гэгдэж буй 19 настай Тахирис Дос Сантос байсан бөгөөд тэрбээр галаас найз бүсгүйгээ авраад, өөрөө багагүй түлэгджээ.
"Le Constellation" баар нь нэгэн франц гэр бүлийн эзэмшилд байдаг бөгөөд тэд 2015 онд худалдан аваад засвар хийхдээ гал гарсан хагас подвалын шатыг нарийсгасан байна. Гэрийн эзний ярьснаар, сүүлийн 10 жилийн хугацаанд тус баарыг 3 удаа шалгасан бөгөөд бүх стандарт хэм хэмжээг хангасан байжээ.
Эх сурвалж: KAZINFORM
Б.АДЪЯАХҮҮ



































































Сэтгэгдэл