БНСУ-ын прокурорын тусгай баг Юн Сок Ёльд цаазын ял оноохыг шаарджээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын прокурорын тусгай баг тус улсын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд улс оронд цэргийн онц байдал тогтоохыг оролдсон хэрэгтэй нь холбоотойгоор цаазаар авах ял оноохыг шаарджээ гэж орон нутгийн Yonhap агентлаг нэгдүгээр сарын 13-ны мягмар гарагт мэдээлжээ.

Тусгай прокурорын туслах Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд болсон эцсийн хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхийлөгч асан Юн шүүх болон хууль тогтоох эрх мэдлийг гартаа авах замаар урт хугацаанд эрх мэдлээ хадгалах зорилгоор цэргийн онц байдал зарласан” гэж мэдэгдсэн байна.

Яллах дүгнэлтэд “Энэ гэмт хэргийн шинж ч анар маш ноцтой, учир нь тэрээр зөвхөн улсын ашиг сонирхолд зориулагдах ёстой нөөц бололцоог дайчлан ашигласан” хэмээн онцолжээ.

Yonhap агентлагийн мэдээлснээр, ял оноох тухай хүсэлтийг уншиж байх үед хуучин ерөнхийлөгч шүүх танхимд үл мэдэгдэм инээмсэглэн сууж байсан бол түүний зарим дэмжигчид чангаар хараал хэлжээ.

Шүүх хурал ойролцоогоор 11 цаг үргэлжилж, ирэх хоёрдугаар сарын 19-нд эцсийн шийдвэрээ гаргахаар төлөвлөсөн байна.

Өмнө нь 10 жилийн хорих ял оноохыг шаардаж байв

Өмнөд Солонгосын тусгай прокурор 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд мөн энэ шүүхэд Юн Сок Ёлийг шударга шүүхэд саад учруулсан хэрэгт буруутган, 10 жилийн хорих ял оноохыг шаардсан тухай Yonhap мэдээлж байв.

Тодруулбал:

  • 5 жил - 2025 оны нэгдүгээр сард өөрийг нь баривчлахаар ирсэн мөрдөн байцаагчдад саад учруулж, ерөнхийлөгчийн ордондоо "хана" босгон хаалгасан хэрэгт

  • 3 жил - цэргийн онц байдал тогтоох төлөвлөгөөтэй холбоотой хуралд засгийн газрын 9 гишүүнийг оролцуулаагүй, мөн гадаадын хэвлэлд худал мэдээлэл тараасан, цэргийн удирдлагын хамгаалалттай утасны ярианы бичлэгүүдийг устгасан хэрэгт

  • 2 жил - цэргийн онц байдал зарлах хуурамч зарлиг боловсруулж, дараа нь устгасан хэрэгт тус тус ял оноохыг шаардаж байжээ.

Мөн Юн Сок Ёлийн цэргийн онц байдал тогтоох оролдлоготой холбоотой өөр гурван эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд нэг хэрэгт нь төрийн эргэлт (бослого) хийх оролдлогыг удирдсан гэж буруутгасан байна.

Түүнчлэн 2024 оны арваннэгдүгээр сард тусгай прокурорын баг түүнийг БНАСАУ-д тусалсан, мөн эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгасан. Прокурорын үзэж буйгаар, Юн 2024 оны арвандугаар сард Хойд Солонгос руу нисгэгчгүй онгоц илгээхийг зөвшөөрч, цэргийн мөргөлдөөн өдөөх замаар цэргийн онц байдал тогтоох шалтаг бий болгохыг оролдсон ажээ. Мөрдөн байцаалтын дүгнэлтээр энэ нь “дайсанд ашигтай үйлдэл” болсон гэж үзжээ.

Баривчилгаа ба эрх мэдлээс нь чөлөөлсөн нь

2024 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгост улс төрийн хямрал үүсч, төсвийн маргааны үеэр Юн Сок Ёль сөрөг хүчнийг “төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна” хэмээн буруутгаж, гэнэт цэргийн онц байдал зарласан. Гэвч парламент уг шийдвэрийг батлаагүй бөгөөд маргааш нь ерөнхийлөгч уг шийдвэрээ цуцалсан байна.

Арванхоёрдугаар сарын 14-нд парламент Юнд импичмент зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн шүүх үүнийг баталгаажуулжээ.

2025 оны нэгдүгээр сарын 15-нд Юн Сок Ёлийг баривчилсан бөгөөд эхний оролдлогыг ерөнхийлөгчийн хамгаалалт зогсоосон. Хожим нь гуравдугаар сарын 8-нд түүнийг сулласан ч долдугаар сард дахин баривчилсан билээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.