Хятадын компани сансрын аялал жуулчлалын хөлгийг туршжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын агаар сансрын арилжааны CAS Space компани дэд тойрог зам хийх нислэгт зориулан зохион бүтээсэн "Лихун-1 Y1" гэдэг сансрын хөлгийг амжилттай туршжээ. Уг хөлгийг сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион бүтээсэн байна.

Хөлгийн буцагч капсул нь шүхрийн системийн тусламжтайгаар Жюцюань сансрын хөлгийн буудалд хэвийн горимоор амжилттай газарджээ. Нислэгийн явцад дээд тал нь 120 км-ийн өндөрт хүрсэн бөгөөд агаарын мандлын нягт давхаргад дахин нэвтрэх үед агаарын эсэргүүцлийг ашиглан хурдыг сааруулах технологийг, мөн маш өндөр нарийвчлалтай газардах системийг туршсан байна.

CAS Space компани уг төслийг арилжааны салбарт зориулсан, зардал багатай платформ гэж тодорхойлж байна. Хөгжүүлэгчдийн мэдэгдсэнээр, уг аппарат 300 секундээс дээш хугацаанд бичил таталцлын орчныг тогтвортой бүрдүүлдэг бөгөөд энэ нь уг хөлгийг зөвхөн сансрын аялал жуулчлалд төдийгүй шинжлэх ухааны туршилт судалгаанд ашиглах боломжтой гэдгийг харууллаа.

Туршилтын хүрээнд хөлгийн бүхээгт Хятадын ШУА-ийн Механикийн хүрээлэнгийн жингүйдлийн орчинд лазерын нэмэгдэл үйлдвэрлэл (3D хэвлэх) явуулах зориулалттай тоног төхөөрөмжийг байрлуулсан байна. Туршилтын явцад уг пуужингийн платформыг сансрын орчинд үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлэхэд ашиглаж болохыг баталжээ.

Мөн сарнайн үрийн дээжүүдийг сансарт илгээсэн байна. Судлаачид генийнх нь өөрчлөлтийг судалж, шинэ сорт гарган авах болон "сансар дахь сарнайн" плазмын нөөцийн сан байгуулахаар төлөвлөж байна.

CAS Space компани “Лихун” хөлгийг цувралаар үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай төслийн ахлах инженерийн туслах Ван Инчэн мэдээлсэн байна. Одоогийн шатанд амьдрах орчны систем болон ослын үед аврах системүүдийг хөгжүүлэхэд голчлон анхаарч байгаа ажээ.

Эх сурвалж: XINHUA

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.