У.Хүрэлсүх: Монгол хэл, бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байх нь монгол үндэстний оюун санааны дархлаа юм

Aдмин / Улстөр

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын 29 дүгээр уралдааны шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд өнөөдөр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уралдааны найман ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогчдын шагналыг гардуулсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр толилуулж байна.

Тэрбээр “Эрхэм хүндэт Монголын сайхан бичигтнүүд ээ,

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан, сурагчид аа,

Хүндэт зочид оо!

Монгол бичиг соёлыг эрхэмлэн дээдлэгч, түгээн дэлгэрүүлэгч Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Манай улсад суугаа гадаадын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнд би их баяртай байна. Мөн энд хүрэлцэн ирсэн Хөдөлмөрийн баатрууд, Ардын цолтнууд, алдар гавьяатнууд, азай буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголчууд бид төрт ёс, түүх соёлын өнө эртний түүхэн уламжлалтай улс үндэстэн бөгөөд түүх соёлоо тэмдэглэж, төрийн хэргийг хөтөлж ирсэн бичиг үсгийн баялаг өв соёлтой ард түмэн билээ.

Их эзэн Чингис хаан монгол бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгосноос хойш монголчууд бидний түүх соёл, дэлхийн улс орнуудтай харилцаж ирсэн албан харилцаа түүхийн олон эх сурвалжид монгол бичгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Би саяхан Бүгд Найрамдах Итали Улс болон Гэгээн Ширээт Улсад айлчлаад ирснийг та бүхэн мэдэж байгаа. Ватиканы архив, номын сангаар орохдоо манай их хаадын Ромын папуудтай харилцаж байсан захидлуудыг үзэж сонирхлоо. Үнэхээр гайхамшигтай сайхан түүхийн баримтуудыг олж харсан.

Эзэн Чингис хааны эрхт төрийн алтан аргамж болсон монгол бичиг бол монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, зуун зуун жилийн түүхтэй оюун санааны гайхамшиг, хүн төрөлхтний үнэт өв билээ. Тиймээс жил бүрийн эхэнд монголчууд бид үндэсний сайхан бичигтнүүдээ тодруулан алдаршуулдаг сайхан уламжлал тогтож, эх хэлээ эрхэмлэн дээдлэгч хүн бүрийн хүсэн хүлээдэг баярын өдөр болжээ.

Монголчууд бид олон сайхан шүтээнтэй. Монгол үндэстний оройн дээд шүтээн эзэн Чингис хаан. Бидний бахархал бол монгол морь. Бидний гайхамшиг бол морин хуур. Бидний ондоошил бол монгол хэл, соёл, үүх түүх, газар нутаг юм. Үүгээрээ бид үргэлж бахархаж явах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд олон арван зарлиг гаргасныг Та бүгд мэднэ.

Эзэн Чингис хааныхаа хөргийг албан байгууллага, айл өрх бүр залж бурханчлан шүтэх, эртний нийслэл Хархорум хотоо сэргээн байгуулах, бахархал болсон морин хуураа эрхэмлэн дээдэлж, нийтээр сурч, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигууд гаргасан. Монголын түүхийн 30 боть номыг шинээр хэвлүүлэх тухай зарлигийг мөн хэрэгжүүлж байна. Эзэн Чингис хааныхаа музейг байгуулж, их хааны алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгыг бүтээж тус музейд залсан. Энэ нь монголчууд бидний асар том шүтээн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ "Дэлхийн адууны өдөр"-ийг өнгөрсөн онд бий болгосон. Энэ өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр буюу манай улсын Үндэсний их баяр наадмаар олон улс орон тэмдэглэх болсон билээ. Энэ жилийн Дэлхийн адууны өдрийг 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.

Дэлхий дээр 57.8 сая адуу байдаг. Адууны соёл уламжлалтай, нүүдлийн соёл иргэншилтэй 200 сая гаруй хүн дэлхий дээр амьдарч байна. Тэдний хувьд Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх нь баяртай сайхан үйл явдал. Хүн төрөлхтний аж амьдрал, соёл иргэншил, хөгжил дэвшилд эрт дээр үеэс адуу үлэмж их үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй.

Тэр тусмаа монголчууд бидний хувьд, морин дэл дээр өсөн торниж, хүлэг морьтойгоо хамт дэлхийн дайдад суу алдраа түгээж, хүн төрөлхтний бахдам түүхийг бичилцсэн ард түмэн билээ. Дэлхий дахин ч энэ агуу түүхийг мэддэг, монголын түүхээр бахархаж, ярьж, бичдэг болсныг энэ сайхан баярын өдөр Та бүхэнд тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.

“Монголын сайхан бичигтэн” уралдааныг 29 жилийн турш амжилттай зохион байгуулж, олон улсын үйл ажиллагаа болгон өргөжүүлэн хөгжүүлж, монгол хэл, бичгээ түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье!

Энэ удаагийн уралдаанд эх орны маань өнцөг булан бүрээс найман настай балчраас эхлээд зуу давсан настан буурал хүртэл, аймаг, нийслэл, бүх дүүргээс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Япон Улсаас нийт 1100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлж, сургуулийн сурагчаас Элчин сайд хүртэл оролцсон нь “Монголын сайхан бичигтэн” уралдаан цар хүрээгээ тэлсээр буйг харуулж байна.

Хүн төрөлхтний бичиг үсгийн соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр, гайхамшигт өв болсон монгол бичиг соёлыг судлан сурталчилж, хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулж, түгээн дэлгэрүүлж байгаа "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны нийт оролцогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэгэн тулгуур, монгол үндэстэн оршин тогтнохуйн баталгаа болсон монгол хэл, бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байх нь монгол хүн бүрийн бахархал, монгол үндэстний оюун санааны дархлаа юм.

Дэлхийн улс, үндэстэн бүр өөрийнхөө эх хэл, түүх, соёлыг хөгжүүлж, сурталчлан таниулж явдаг. Монгол Улс бол НҮБ-д бүртгэлтэй, тусгаар тогтносон 193 улсын нэг нь билээ. Дэлхийн бусад бүх орны адилаар өөрсдийн түүх соёл, өв уламжлал, бичиг үсгийг сурталчилж, сургаж байх нь монголчуудын эрхэм үүрэг юм.

Монголчууд бидний түүх соёлын гайхамшигт өв, монгол хүмүүний оюун санааны дархлаа болсон монгол бичиг соёл даян дэлхийд түгэн дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” хэмээв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.