АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар өчигдөр мэдээлжээ.
Уг хэлэлцээрээс гарах тухайгаа АНУ яг нэг жилийн өмнө НҮБ-д мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Д.Трамп Парисаас хэлэлцээрээс гарах тухай зарлигт 2025 оны нэгдүгээр сард тангараг өргөсөн өдрөө гарын үсэг зуржээ.
Хэлэлцээрээс гарснаар АНУ хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах тал дээр хариуцлага хүлээхгүйгээс гадна Америкийн төлөөлөгчид уур амьсгалын асуудлаарх олон улсын хурлуудад оролцохгүй.
Түүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний үр дагавраас хамгаалахад нь ядуу буурай орнуудад тусламж үзүүлдэг хөтөлбөрүүдийн санхүүжилт багагүй хэмжээгээр буурна.
АНУ бол хүлэмжийн хийн ялгаруулалтаар Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт ордог том бохирдуулагч юм. НҮБ-ын хийсэн тооцооллоор, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого өнөөгийн эрчээр хэрэгжих аваас энэ зууны сүүлч гэхэд дэлхийн агаарын дундаж хэм аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2,8 хэмээр өсөх бөгөөд АНУ Парисын гэрээнээс гарснаар дахин 0,1 хэмээр нэмэгдэх ажээ.
Үүнтэй холбогдуулан Greenpeace Deutschland байгууллагын тэргүүн Мартин Кайзер мэдэгдэхдээ, Трампын шийдвэр бол олон улсын дэг журмыг “геополитикийн түвшинд галдан шатааж буй үйлдэл” гэж тодорхойлоод, энэ нь нефть-хийн салбарын эрх ашигт нийцэж байна гэлээ. “Ийм үед Европ тив цөхрөх ёсгүй бөгөөд уур амьсгалын бодлогоо үргэлжлүүлэхийн тулд шинэ эвсэл холбоодыг бий болгох нь зүйтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
АНУ тус хэлэлцээрээс хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. Трампын бүрэн эрхийн эхний хугацаанд гарч байсан бол Жо Байдены үед гэрээнд буцаад нэгдсэн юм.
Эх сурвалж: DW
Б.АДЪЯАХҮҮ






























































Сэтгэгдэл
Бодвол ... [202.126.89.36] 2026-01-28 11:02:14
АНУ нүүрсээ түлж эхлэхэндээ.