Marinera танкерын далайчид Орос болон Крымд эргэн ирлээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын цэргийнхэн энэ оны нэгдүгээр сарын эхээр саатуулсан Marinera (хуучин нэрээрээ Bella 1) танкерын хоёр далайчин эх орондоо буцан иржээ. Тэдний нэг нь ОХУ-ын Астрахань хотод, нөгөө нь Оросын өөртөө нэгтгэсэн Крымийн Керчь хотод ирсэн байна.

Энэ талаар хоёрдугаар сарын 1-ний ням гарагт Оросын ТАСС агентлаг далайчдын нэг, Керчь хотын иргэн Максим Карпенкогийн мэдээлснээс иш татан уламжилжээ. Харин нөгөө далайчны нэрийг мэдээлэлд дурдаагүй байна.

Максим Карпенко танкер саатуулагдсанаас хойш 19 хоногийн турш ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадаагүй аж. Учир нь Британийн болон Америкийн цэргийнхэн тэднээс холбоо харилцааны бүх хэрэгслийг хураан авчээ. Тэрбээр одоо түүний болон хамт буцсан далайчны биеийн байдал сайн, бүх зүйл хэвийн байгааг онцолсон байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова нэгдүгээр сарын 28-нд ТАСС агентлагт мэдээлэхдээ, Marinera танкерын “хоёр орос далайчин” суллагдаж, Орос руу буцаж явна гэж мэдэгдэж байв.

Marinera танкерын мөрдөлт, Атлантын далай дахь баривчилгаа

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр АНУ-ын Эргийн хамгаалах алба Карибын тэнгист Венесуэлийн эрэг рүү чиглэн явж байсан Bella 1 нэртэй нефтийн танкерийг саатуулахыг оролдсон байна.

АНУ-ын эрх баригчид уг хөлгийг Ираны нефть тээвэрлэсэн, Венесуэлийн эсрэг тогтоосон нефтийн “карантин”-ыг зөрчсөн гэх үндэслэлээр баривчлах захирамж гаргасан байжээ.

Гэвч танкерын багийнхан Америкийн цэргийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, чиглэлээ өөрчлөн, хөлгийн гадна талд Оросын төрийн далбааг зурсан байна.

Үүнээс хэд хоногийн дараа уг хөлгийг Marinera хэмээн дахин нэрлэж, Оросын Далайн хөлгийн бүртгэлд бүртгэжээ. “Новая газета. Европа” сонинд бичсэнээр, уг танкер Крымийн нэгэн бизнесмений эзэмшилд байж болзошгүй аж.

Америкийн цэргийнхэн мөрдөлтөө үргэлжлүүлсээр, хоёр долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 7-нд Шотландын эрэг орчим, Хойд Атлантын далайд танкерийг саатуулсан байна.

Нэгдүгээр сарын 26-нд орон нутгийн шүүх хөлгийн ахмад болон багийнхны эсрэг аливаа ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан ч маргааш нь Шотландын шүүгч уг шийдвэрээ буцаан хүчингүй болгожээ.

Нэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Marinera танкерын ахмад, 47 настай Гүрж улсын иргэн Автандил Каландадзе болон түүний нэгдүгээр туслахыг АНУ руу авч явсан нь тодорхой болсон байна. Туслахын иргэншлийг тодорхойлоогүй аж.

The New York Times сонинд нэгдүгээр сарын эхээр мэдээлснээр, Оросын эрх баригчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд АНУ-аас танкерын мөрдөлтийг зогсоохыг хүссэн байна.

Гэвч Дональд Трампын засаг захиргаа уг хөлгийг аль улсын өмч гэж үзэх боломжгүй, учир нь Эргийн хамгаалалтын албатай тулгарах үедээ “хуурамч далбаа” дор явж байсан хэмээх байр сууриндаа бат зогсож байгаа аж.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.