Европарламент Украинд 90 тэрбум еврогийн зээл олгохыг дэмжлээ
Европарламентын гишүүд хоёрдугаар сарын 11-ний лхагва гарагт Украинд санхүүгийн тусламж үзүүлэх багц шийдвэрийг батлав. Үүнд:
-2026-2027 онд улсын санхүүгийн хэрэгцээг хангах зорилготой 90 тэрбум еврогийн “Ukraine Support Loan” хэмээх дэмжлэгийн зээл,
-Ukraine Facility механизмд оруулах өөрчлөлт, мөн Европын Холбооны 2021-2027 оны олон жилийн санхүүгийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал багтсан байна.
Ингэснээр ЕХ-ны төсвийг зээлийн баталгаа болгох, зээлийн хүү болон өрийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх боломж бүрдэх аж.
Одоо эдгээр хууль эрх зүйн баримт бичгийг ЕХ-ны Зөвлөлөөр баталгаажуулах аж. Зөвлөлийн шийдвэр албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэнээс хэдхэн хоногийн дараа хүчин төгөлдөр болж, Европын Комисс Ukraine Facility механизмыг эхлүүлэн, Киевт эхний санхүүжилтийг дөрөвдүгээр сарын эхээр олгож эхлэх боломжтой болох юм байна.
Хэт барууны депутатууд тусламжийг зогсоохыг оролдсон ч бүтэлгүйтэв
Европарламент дахь “Европын бүрэн эрхт үндэстнүүд” нэртэй хэт барууны бүлэг Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийг зогсоохыг оролдож, санал хураалтыг хойшлуулах тогтоолын төсөл боловсруулжээ.
Энэ бүлгийн төлөөлөгч, Германы евродепутат Ханс Нойхоф “Украин ЕХ-ны дэмжлэгийг хүртэх ёстой ч энэ 90 тэрбум еврог Орос төлөх ёстой” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Орос үүнийг хэзээ ч төлөхгүй, мөн Оросын царцаасан хөрөнгийг энэ санхүүжилтэд ашиглахгүй нь тодорхой” гэж нэмж хэлжээ.
Хэт барууны хүчний боловсруулсан баримт бичигт тусламжийн багцын санал хураалтыг хоёрдугаар сарын 24 хүртэл хойшлуулахыг уриалсан бөгөөд “Энэ бол зээл биш, Европын татвар төлөгчдийн мөнгө бөгөөд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг эрх мэдэлд байлгах зорилготой” хэмээн шүүмжилжээ.
Харин улс төрийн бүлгүүд болон холбогдох хороодын илтгэгчид санал хураалтыг хойшлуулах саналыг эрс эсэргүүцсэн байна.
Францын либерал бүлгийн евродепутат Натали Луазо “Өвлийн хүйтэнд Орос Украин хотууд, цахилгаан станц, энгийн иргэдийг бөмбөгдөж буй энэ үед Украинд биднээс илүү их хэрэгтэй үе байгаагүй. Энэ бол бидний үүрэг төдийгүй аюулгүй байдлын ашиг сонирхол” гэж мэдэгдэж, тусламжийг дэмжихийг уриалжээ.
Эцэст нь хэт барууны тогтоолын төсөл дэмжигдээгүй байна.
Хатуу нөхцөлтэй зээл
Украинд 90 тэрбум еврогийн зээлийг ЕХ-ны төсвийн баталгаанд тулгуурлан олон улсын зах зээлээс босгох шийдвэрийг 2025 оны арванхоёрдугаар сарын 18-нд Брюссельд болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар гаргасан.
Нийт 27 гишүүн орноос 24 нь шууд дэмжсэн бол Унгар, Словак, Чех улс зээлд оролцохыг эсэргүүцсэн ч шийдвэрийг дэмжжээ.
Европын Комиссын тооцоогоор, ЕХ-ны орнуудын өрийн үйлчилгээний зардал 2027 онд ойролцоогоор 1 тэрбум евро, 2028 оноос жилд 3 тэрбум орчим евро болно. Зээлийн нөхцөлд Украин зөвхөн Орос дайны хохирлын нөхөн төлбөр төлсөн тохиолдолд зээлийг буцаан төлөхөөр тусгасан байна.
Нийт зээлийн 30 тэрбум евро нь Украинд санхүүгийн дэмжлэг, 60 тэрбум евро нь зэвсэг худалдан авах зэрэг цэргийн тусламжид зориулагдах аж.
Зээлийн санхүүжилтээр худалдан авах зэвсэг, цэргийн техник нь Украин, ЕХ-ны гишүүн орнууд болон Европын эдийн засгийн бүс, Европын чөлөөт худалдааны холбооны орнуудад (Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцар) үйлдвэрлэгдсэн байх ёстой гэж заажээ.
Зөвхөн эдгээр бүсэд шаардлагатай зэвсэг байхгүй, эсвэл хугацаанд нь нийлүүлэх боломжгүй тохиолдолд гуравдагч орноос худалдан авахыг зөвшөөрөх аж.
Мөн зээлийн санхүүжилтийг Украин ардчилал, хууль дээдлэх ёс, хүний эрх, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах шаардлагыг хангах, авлигатай тэмцэх, ардчилсан институцийг бэхжүүлэх зэрэг нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд олгоно гэж заажээ.
Эх сурвалж: DW
Д.ТУЯА

































































Сэтгэгдэл