Трамп: "Энхийн зөвлөл" тодорхой асуудлаар НҮБ-тай хамтран ажиллана
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Энхийн зөвлөл" (Peace Council) зарим тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллах боломжтой гэж мэдэгджээ.
Тэрбээр Флоридагаас Вашингтон руу нисч явахдаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “НҮБ бидэнд бага зэрэг тусалж чадна гэж бодож байна. Дэлхийн тэргүүлэх удирдагчид "Энхийн зөвлөл"-д нэгдэж байгаа бөгөөд бид зарим асуудлаар НҮБ-тай хамтран ажиллана” хэмээн хэлэв. Гэвч хамтын ажиллагаа ямар хүрээнд явагдах талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Үүнээс өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик НҮБ-ын төлөөлөгчдөд хоёрдугаар сарын 19-нд Вашингтонд болох "Энхийн зөвлөл"-ийн хуралдаанд оролцох урилга ирээгүй талаар мэдэгдсэн.
Тэрбээр мөн НҮБ уг зөвлөлтэй голчлон Ойрхи Дорнодын асуудал хариуцсан орлогч тусгай зохицуулагч Рамиз Алакбаровын шугамаар уялдаа холбоо тогтооно гэж нэмж дурджээ.
"Энхийн зөвлөл"-ийн дүрмийг энэ оны нэгдүгээр сарын 22-нд Дэлхийн эдийн засгийн форумын үеэр 19 улсын төлөөлөгчид гарын үсэг зурж баталсан. Уг зөвлөлийг Газын зурваст энх тайвны зохицуулалт хэрэгжүүлэх хүрээнд, Израиль болон Палестины радикал хөдөлгөөн болох ХАМАС-ын хоорондын тохиролцооны дагуу байгуулжээ. АНУ-ын мэдээлснээр, цаашид бусад улс орнууд ч тус байгууллагад нэгдэх аж.
Анх Газын зурвасын удирдлага, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "Энхийн зөвлөл" цаашид бусад бүс нутаг дахь зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах чиглэлээр ч ажиллах төлөвтэй байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл