Уиткофф: Зеленский, Путин нар ойрын хугацаанд биечлэн уулзах боломжтой
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины асуудал хариуцсан тусгай элч, Америкийн төлөөлөгчдийн багийн гол хэлэлцээч Стивен Уиткофф Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ойрын хугацаанд биечлэн уулзах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Уиткофф хоёрдугаар сарын 21-ний бямба гарагт Fox News телевизийн эфирээр "АНУ-ын энх тайвны хүчин чармайлт ирэх гурван долоо хоногийн дотор ийм уулзалтад хүргэж магадгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, өөрийнх нь бие болон Трампын хүргэн, хэлэлцээнд оролцож буй Жаред Кушнер нар “нэлээд өөдрөг” байр суурьтай байгаа аж. Тэдний дэвшүүлж буй саналууд ойрын гурван долоо хоногт талуудын байр суурийг ойртуулахад тусалж, улмаар Украин-Оросын дээд хэмжээний уулзалтыг боломжтой болгоно гэж найдаж буйгаа онцолжээ.
Трамп оролцсон гурван талын уулзалт болохыг ч үгүйсгэхгүй
Мөн Уиткофф энхийн гэрээ байгуулах бодит боломж харагдвал Трамп оролцсон гурван талын уулзалт болохыг ч үгүйсгэсэнгүй.
Тэр “Хэрвээ тэр уулзалтад оролцвол эцсийн үр дүнд хүрч, хамгийн сайн тохиролцоог хийж чадна гэдэгтээ итгэлтэй байхыг хүснэ” гэж хэлсэн байна. Түүнчлэн ойрын хэдэн долоо хоногт “сайн мэдээ” дуулдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Уиткофф ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай олон удаа биечлэн уулзсаны улмаас гарсан шүүмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, түүнийг няцаасан бөгөөд нөгөө талын байр суурийг ойлголгүйгээр “ямар ч тохиролцоонд хүрэх боломжгүй”-г онцолсон байна.
Тэр “Түүний сэдэл, зорилгыг ойлгох хэрэгтэй байсан” гэж тайлбарлажээ. Тусгай элчийн хэлснээр, Оросын төрийн тэргүүн тэдний уулзалтуудын үеэр “маш илэн далангүй” байж, өөрийн “улаан шугамуудыг” шууд тодорхойлж ирсэн аж.
Зеленский Путинтэй төвийг сахисан газар уулзахад бэлэн
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахад бэлэн гэдгээ олонтаа илэрхийлж байсан ч Москвад очих саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хариуд нь Киевт ирэхийг урьж байв.
Харин хэд хоногийн өмнө тэрбээр Путинтэй уулзах асуудлыг албан ёсоор хэлэлцэхийг багтаа даалгаснаа мэдэгдсэн байна.
Зеленскийн үзэж байгаагаар, нутаг дэвсгэрийн асуудлаар ахиц гаргах хамгийн үр дүнтэй арга нь дээд хэмжээний шууд хэлэлцээ аж. Иймээс тэрбээр хоёр улсын удирдагчдыг Женев хотод уулзуулах саналыг дэвшүүлэхийг хэлэлцээний багтаа үүрэг болгожээ.
Мөн нэгдүгээр сарын сүүлчээр Зеленский Оростой хийж буй хэлэлцээнд Кремлийн тэргүүнтэй шууд холбоо тогтоохгүйгээр нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүйг онцолсон байна.
Тэр “Ямар нэг хэлбэрээр ОХУ-тай, тэр дундаа Оросын удирдагчтай харилцаа холбоо барих боломж бидэнд байх ёстой. Ийм хэлбэр байхгүй бол манай багууд нутаг дэвсгэрийн асуудлаар тохиролцож чадахгүй” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл