Аятолла Алиреза Арафи Ираны түр дээд удирдагчаар томилогджээ
Аятолла Алиреза Арафи Ираны Исламын Бүгд Найрамдах Улсад шинэ дээд удирдагчийг сонгох хүртэл хугацаанд улсыг удирдах түр удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон байна. Энэ талаар гуравдугаар сарын 1-ний ням гарагт Ираны Улс төрийн зохистой байдлыг тодорхойлох зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Мохсен Дехнави мэдэгджээ.
Дехнави X сүлжээнд “Үндсэн хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн хамгаалагчдын зөвлөлийн нэг хуульч түр удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд заавал багтах ёстой. Үүний дагуу Улс төрийн зохистой байдлыг тодорхойлох зөвлөл аятолла Алиреза Арафиг уг зөвлөлийн гишүүнээр сонгосон. Ингэснээр улсын удирдлага тасралтгүй үргэлжилж, Шинжээчдийн зөвлөл байнгын дээд удирдагчийг аль болох хурдан сонгох боломж бүрдэнэ” хэмээн бичжээ.
Өдгөө 67 настай Арафи нь шиит шашны нөлөө бүхий зүтгэлтэн бөгөөд амиа алдсан Ираны дээд удирдагч Али Хаменеин итгэлт хүн байсан аж. Тэрбээр Үндсэн хуулийн хамгаалагчдын зөвлөл болон Ираны дээд удирдагчийг сонгодог Шинжээчдийн зөвлөлийн гишүүн юм байна.
Аятолла Хаменейн амь үрэгдсэн нь
Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи хоёрдугаар сарын 28-нд Тегеран хотод АНУ, Израилийн хамтарсан агаарын ажиллагааны үеэр амь үрэгджээ. Түүний нас барсантай холбогдуулан Ираны эрх баригчид улс даяар 40 хоногийн гашуудал зарлаж, иргэдэд долоон өдрийн бүх нийтийн амралт олгосон байна. Хаменеи Ираны Исламын Бүгд Найрамдах Улсыг 30 гаруй жил удирдсан аж.
Мөн тухайн өдөр Иран улс дээд удирдлагын бусад төлөөлөгчдөө алджээ. Тэдний дотор Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын командлагч Мохаммад Пакпур, Хаменейн аюулгүй байдлын зөвлөх Али Шамхани нар байсан аж.
Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, шинэ дээд удирдагч сонгогдох хүртэл улсыг гурван хүний бүрэлдэхүүнтэй түр удирдах зөвлөл удирдах юм байна. Арафигаас гадна уг зөвлөлд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, мөн шүүх эрх мэдлийн тэргүүн Голям Хосейн Мохсени-Эджеи нар багтах аж.
Эрх мэдлийн төлөө нэр дэвшигч
Ираны сүүлчийн шахын хүү, цөллөг дэх Ираны сөрөг хүчний хамгийн нэр нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг Реза Пехлеви улс орныг удирдах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Тэрбээр гуравдугаар сарын 1-нд The Washington Post сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Олон иранчууд амь насаа эрсдэлд оруулан, сумны дороос хүртэл надаас энэхүү шилжилтийг удирдахыг хүссэн. Би тэдний зоригт бөхийж, тэдний дуудлагад хариулсан” хэмээн бичжээ.
Пехлевигийн хэлснээр, цаашдын зам тодорхой: бүх нийтийн санал асуулгаар батлагдсан шинэ Үндсэн хууль, дараа нь олон улсын хяналт дор чөлөөт сонгууль явуулах аж. Тэр “Иранчууд санал өгсний дараа шилжилтийн засгийн газар татан буугдана” гэж онцолсон байна.
Тэрбээр Иран улс Иракийн дайны дараах “алдаануудыг” давтахгүй гэж амалжээ.
Пехлеви “Төрийн байгууллагуудыг тараахгүй, эрх мэдлийн хоосон зай үүсгэхгүй, эмх замбараагүй байдал бий болгохгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ





























.jpg)


































Сэтгэгдэл