АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн

Aдмин / Эдийн засаг

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Хөгжлийн банкны” гэгдэх хэрэгт нийт 82 иргэн, албан тушаалтан болон 6 хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэрийг гаргаж шинжээч томилон ажиллуулдаг. Энэ дагуу Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэгт нийт 62 удаа тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилон, шинжилгээг хийлгэсэн. Шинжилгээ тус бүрт 165 хоногийг зарцуулсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр тодруулсан асуудлыг ангилан авч үзвэл:

  • Хөгжлийн банкнаас зээл олгосон үйл ажиллагаа нь дүрэм, журамд нийцсэн эсэх асуудлаар Монголбанкны шинжээчээр 36;
  • Битүүмжилсэн, хязгаарласан болон Хөгжлийн банкны хөрөнгөөр худалдан авсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох зорилгоор 12;
  • Криминалистикийн шинжилгээ хийх зорилгоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр 6;
  • Эдийн засгийн шинжилгээ зорилгоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр 4;
  • Зээлийн хөрөнгийн зарцуулалтыг тодруулах зорилгоор Аудитын дүгнэлт 3;
  • Зээлийн барьцаа үл хөдлөх хөрөнгийн шинж чанарыг тодруулах зорилгоор Барилгын хөгжлийн төвийн шинжээчээр 1 дүгнэлтийг тус тус гаргуулсан.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид уг хэргийн оролцогчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс прокурорт хандаж гаргасан 354 гомдол, хүсэлтийг тухай бүр хуулийн хугацаанд хянаж шийдвэрлэсэн байна.

“Хөгжлийн банкны” гэгдэх эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 861 тэрбум 311 сая 742 мянга 323 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн болно. Үүнээс гадна 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч болон Хөгжлийн банкны албан тушаалтан, 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласны зэрэгцээ яллагдагч нарын өмчлөлийн нийт 250 тэрбум 626 сая 74 мянга 487 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, газар, үйлдвэрийн болон оффисын зориулалттай барилга зэрэг 43 үл хөдлөх хөрөнгө, 18 тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусгаж, нийт 461 хавтас буюу 115,250 хуудас бүхий эрүүгийн хэргийн материалыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, 82 яллагдагч болон яллагдагчаар татагдсан 7 хуулийн этгээдийн төлөөлөгчид танилцуулсан байна. Уг хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн бөгөөд одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.