Д.Даваа-Очир: Залуу сонгогчид санал авах байрны талаарх төсөөлөл бага, сүрддэг гэх судалгаа бий
Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Аймаг, нийслэлийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж хуульчилсны дагуу зургадугаар сарын 21-ний өдөр болно. Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийнхээ хүрээнд таван чиглэлээр 44 ажил төлөвлөөд хуулийн хугацаанд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, сонгууль товлон зарлах, сонгуулийн хороо байгуулах, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах хүний нөөц бүрдүүлэх зэрэг асуудлаар ИТХ-д тухай бүр мэдээлэл, зөвлөмж хүргүүлж байна. Аймаг, сумын сонгуулийн хороод байгуулагдахаар манай албан хаагчид томилолт, цахимаар сургалт зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан. Үүнээс гадна сонгогчдод мэдээлэл хүргэх, сургалт зохион байгуулах, идэвхжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.
-Сонгуулийн дүнг энэ системээрээ дамжуулах уу?
-Урьдчилсан дүнг системээр дамжуулж Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсаар мэдээлээд хэвшсэн. Энэ удаад ч тэр жишгээрээ явна. Хуульд зааснаар тухайн шатны сонгуулийн хороо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлдэг.
-Жил бүр нөхөн сонгууль болдог. Ихэвчлэн ямар шалтгаанаар нөхөн сонгууль зарлах нөхцөл үүсч байна вэ?
-Энэ жилийн тухайд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар тухайн шатны ИТХ товлон зарласан.
Үүнээс таван аймгийн есөн сумын 29 хэсэгт нь аймгийн ИТХ-ын есөн мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт нь сумын ИТХ-ын 39, нийт 48 мандатад нөхөн сонгууль болно. Нөхөн сонгууль явагдах болсон нөхцөл байдлыг авч үзвэл нас барсан 14, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хоёр, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон зургаа, тухайн орон нутгаас шилжсэн хоёр, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон зургаа, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон гурав, өөр шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 15 зэрэг шалтгаанаар төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон байна.
-Сонгогчид ээлжит сонгуульд илүүтэй ач холбогдол өгөөд байх шиг санагддаг. Нөхөн сонгуульд сонгогчдын ирц, оролцоо ямархуу байдаг бол?
-Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын ирцийг насны бүлэг, хүйсээр нь сонгууль бүрийн дараа судалж, дата мэдээлэлд тулгуурлан ажлаа төлөвлөдөг. Тоон мэдээллийг энгийн, ойлгомжтой хүргэх зорилгоор “Тунгаахуй өгөгдлийн урлан”-тай хамтран дүрслэл хэлбэрээр үзэсгэлэн гаргаад хэвшсэн. Энэ жил нөхөн сонгууль товлон зарласан хэсгийн хороодын сонгогчдын ирцийг орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн ирцийн судлахад аймгийн ИТХ-ын ирц 62.5 хувьтай, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирц 61.5 хувьтай байсан. Насны ангиллаар нь бүлэглэхэд 18-25 насны сонгогч хамгийн бага буюу 33.3 хувь, 65-аас дээш насныхан хамгийн идэвхтэй буюу 79.2 хувийн ирцтэй байжээ. Нөхөн сонгууль товлон зарласан аймгийн ИТХ-ын сонгуулийн сонгогчийн тоо 17301, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчийн тоо 31485 байна. Эдгээр сонгогчдын ирцийг ээлжит сонгуулийн үеийнхээс бууруулахгүй, өсгөх зорилгоор аймаг, сумдын сонгуулийн хороодтойгоо хамтран сум, баг бүрд хүрч сургалт, мэдээлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тоон мэдээллээс гадна Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн онд орон даяар сонгогчдын зан төлөвийн судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс харахад, залуу сонгогчид санал авах байрны талаарх төсөөлөл бага байгаа тухай, сүрддэг гэх мэт хариултыг өгсөн байна. Ирцийн дүн, сонгогчдын зан төлөвийн судалгааны дүгнэлтээс харахад сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, шинэ болон залуу сонгогчид илүү хүрч ажиллах шаардлага байна. Тиймээс анх удаа сонгууль өгч байгаа залуу сонгогчдыг идэвхжүүлэх, сонгуулийн боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр багагүй эхлүүлсэн.
-Тухайлбал?
-Үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Үндэсний номын санд Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч баригч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” өнгөрсөн оны 10 дугаар сард нээж, сонгуулийн байгууллага, хууль эрх зүй, сонгуулийн дата мэдээлэл авах сонгогч болон сонгуулийн эрх зүйг судалж байгаа оюутан, судлаачдад нээлттэй болсон. Номын сангаар дамжуулж сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагаагаа өргөжүүлэн 21 аймаг, бүх сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллуулж эхэллээ. Номын сангийн ажилтнуудыг “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургагч багшийн сургалтад хамруулж байгаа. Ингэснээр хот, орон нутагт номын сандаа очоод сонгуулийн холбогдолтой ном, товхимол уншихаас гадна дата мэдээлэл авах, сонгуулийн боловсрол дээшлүүлэх сургалт, мэдээлэл авах боломж бүрдсэн.
-Техник технологи хөгжихийн хэрээр баталгаатай бус мэдээлэл сонгуулийн үеэр тархах, тэр нь сонгогчдод нөлөөлөх эрсдэлтэйг олон улсын түвшинд ярьж анхааруулж байна. Хариуцлагатай, хэрсүү сонгогч бэлтгэхэд сонгуулийн боловсрол нэн тэргүүний ажил. Та сонгуулийн боловсрол олгох нь зөвхөн сонгуулийн байгууллагын ажил биш гэж тодотгосон. Сонгуулийн боловсролыг өргөн хэмжээнд олгохын тулд яах ёстой бол?
-Олонх улс орнуудад сонгуулийн төв байгууллагын дэргэд сонгуулийн боловсрол олгодог тусдаа бүтэцтэй байдаг. Сонгуулийн боловсрол олгох нь улс орнуудад үндэсний хэмжээний ажил болчихсон. Нам эвсэл, төр, хувийн хэвшлүүд бүгд энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг. Солонгос, Энэтхэг зэрэг улсуудын сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр байгуулагдсан байгууллагууд нь сургалт, мэдээлэл өгөх үйл ажиллагааг өөрийн улс орондоо хэрэгжүүлэхээс гадна, гадаад улс орны байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага солилцдог. Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн боловсролын үндэсний хөтөлбөрийн төсөл, үүнтэй уялдуулан Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.
-Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ сонгох, сонгогдох эрхийг бүлэг болгон оруулсан. Энэ илтгэлд гадаад улсад амьдарч байгаа болон оршин суугаа хаягаасаа өөр газар байгаа сонгогчдын сонгох эрх хангагдахгүй байна гэж дүгнэсэн. Ирэх сонгуулиудад энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?
-Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-аас 77 дугаар тогтоол гаргасан. Сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлээр таван арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгасны дагуу бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын санал авах төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхээр хуулийн төслийн санал боловсруулж Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очироор ахлуулсан Ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн сонгогчдын санал авах арга хэлбэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт мэдээлэл хийж, хуулийн төслийн саналаа хүргүүлээд байна. Гадаад улсад байгаа болон байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт очих иргэд 7-10 хоногийн өмнө урьдчилж саналаа өгөх, гурав хоногийн цалинтай чөлөө олгохоор аж ахуйн нэгж, байгууллагыг нь үүрэгжүүлэх, байгаа газраасаа байнга оршин суух хаягийнхаа дагуу зайнаас санал өгөх зэрэг арга хэлбэрийг нэвтрүүлэхээр дээрх саналуудад тусгасан. Сонгох, сонгогдох эрхийг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга, холбогдох албан хаагчидтай уулзалт хийж, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна.
-Сонгох эрхийг хангах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох талаар нэлээд яригддаг. Нөгөө талд сонгогдох эрхийг хангахад хэрхэн ажиллаж байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулиар Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудыг мэдээлэл, арга зүйгээр хангадаг болсон. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 38 намд нээлттэй мэдээлэл, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргах, төрийн шууд болон шууд бус дэмжлэг авах зэрэг чиглэлээр мэдээлэл солилцож, арга зүйн дэмжлэг үзүүлдэг. Хамгийн сүүлд отгон нам болох Либертари намын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Сонгуулийн үеэр хууль, эрх зүйн сургалт, мэдээллийг нам, нэр дэвшигчдэд тогтмол хийдэг. Улс төрийн намууд маань ч сонгогчдод сонгуулийн боловсрол олгох үүрэг хүлээснийг дээр ярьсан шүү дээ.
-Техникийн боломжийг судалж, саналаа хүргүүлсэн гэлээ. Санал тоолох төхөөрөмжийн нөхөн бүрдүүлэлт ямар шатанд яваа вэ?
-Бид 2012 оноос хойш 38 удаагийн ээлжит болон нөхөн, дахин сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашиглаад байна. Санал тоолох төхөөрөмж үүргээ гүйцэтгэсэн, шинэчлэх шаардлагатай гэдэг дүгнэлтийг холбогдох төрийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг удаа дараа гаргасан. Сонгогчдын саналаа өгөх төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх шаардлагыг хангахаар санал тоолох төхөөрөмжийн нөөцийг шинэчлэн бүрдүүлэхээр холбогдох судалгааг хийж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанд нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны, Улсын Их Хурал, орон нутгийн Хурлын 2028 оны ээлжит сонгуулиар нөхөн бүрдүүлэлт хийж шинэчилсэн загвартай санал тоолох төхөөрөмж ашиглана гэж төлөвлөж, холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байна.
М.Мөнхцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин















































.jpg)



















Сэтгэгдэл
Сэтгэц [66.181.183.242] 2026-04-14 09:47:55
Ийм тэнэг хүмүүс сонгуул өгөх хэрэг байдаг юм уу