Дональд Трамп: Нетаньяху АНУ-Ираны тохиролцоог хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ, Ираны хооронд байгуулагдах аливаа тохиролцоог хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй гэж мэдэгдлээ.
Их Британийн “Financial Times” сонины мэдээлснээр, Трамп 2026 оны зургаадугаар сарын 7-нд буюу Иран Израиль руу пуужингийн цохилт өгсний дараа уг байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр ярилцлагын үеэр “Би хариуцаж байна. Би бүх шийдвэрийг гаргадаг. Харин тэр хариуцахгүй” хэмээн Нетаньяхуг дурджээ.
Трампын хэлснээр, Ираны Израильд өгсөн цохилт нь АНУ, Ираны хооронд яригдаж буй хэлэлцээрийн талаарх түүний хүлээлтэд нөлөөлөхгүй аж. Тэрбээр санал болгож буй тохиролцоо “өөрийнхөө агуулгаар” шийдэгдэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Гэхдээ хэлэлцээр бүтэлгүйтвэл АНУ Ираны эсрэг дахин гэнэтийн цохилт өгөх, эсвэл Иранд чиглэсэн тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлэх боломжтойг тэрбээр анхааруулжээ.
Зургаадугаар сарын 7-ны орой Ираны Исламын хувьсгалт гварди Израилийн хойд хэсэгт орших агаарын бааз руу “анхааруулах” цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. Харин Израилийн цэргийнхэн Иранаас харвасан пуужингуудыг бүгдийг нь амдан устгасан гэж мэдээлжээ.
Үүний дараа Трамп Иран цэргийн үйл ажиллагаагаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд эргэн суух ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Нетаньяхутай утсаар ярьж, Израилийг хариу цохилт өгөхгүй байхыг ятгана гэжээ.
Израилийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Нетаньяху Трамптай ярилцсаны дараа Ираны эсрэг хариу арга хэмжээ авахаа хойшлуулахаар тохиролцсон байна



































































Сэтгэгдэл