Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ

Aдмин / Эдийн засаг

Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2026”-д Монгол Улс 67 дугаарт эрэмбэлэгджээ.

Тус тайланд манай улс 39.02 оноогоор 70 улсаас ийнхүү эрэмбэлэгдсэнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс тайланг танилцуулах үеэр мэдээлэв. Өнгөрсөн онд тус тайланд 69 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2024 оныхтой харьцуулахад 4 байр ухраад байсан юм.

Энэ удаагийн тайлангийн үндсэн дөрвөн бүлэгт манай улс эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 4 байр ухарч 59-д, засаглалын үр ашиг үзүүлэлтээр 2 байр ухарч 63-д, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа үзүүлэлтээр 3 байр урагшилж 62-д, дэд бүтэц үзүүлэлт хэвэндээ буюу 66-д бичигдсэн байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу, "Манай улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд ухарсаар байна. Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвараар хамгийн сүүлд орсон. Үйлчилгээний салбарын экспорт муу. Зэс, нүүрс экспортолдог ч орлогоо боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалд зарцуулж гадагш нь алдаж байна. Инфляц их байгаа нь хамгийн их хойш татсан үзүүлэлт болсон. Гэхдээ сайн нь ч бий. ДНБ-д эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ харьцангуй их, бараа бүтээгдэхүүний экспортоор эхний 13-т, оффисын түрээсийн үнээр дэлхийд багадаа тооцогдож, хамгийн эхэнд бичигдсэн”-ийг тодотгосон юм.

Монгол Улсад бодлогын тогтворгүй байдал, инфляц, өрийн дарамт, ур чадвартай ажиллах хүчний хомсдол, санхүүжилтийн хязгаарлагдмал байдал, ложистик, дэд бүтцийн сул хөгжил нь гол эрсдэл, сорилт гэж үзсэн ч боловсролтой эмэгтэйчүүдийн тоо, боловсролд зарцуулах санхүүжилт нэмэгдсэн, хүн амын болон ажиллах хүчний өсөлт сайжирсан гэж тэмдэглэжээ.

Тайланд дэлхий дахины нөхцөл байдлаас улбаалан улс, үндэстний өрсөлдөх давуу тал нь сайн засаглал, дасан зохицох чадвар, сөрөн тэсвэрлэх чадвараас улам бүр хамаарч байгааг онцолсон байна. Судалгаанд нийт 341 үзүүлэлтийг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт ангилан авч үзжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.