792 мянга хүртэлх төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ний өдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Эцсийн хэлэлцүүлгийг нь хийж буй энэхүү төслөөр аж ахуйн нэгжүүдэд нэн тустай зохицуулалт орсныг Д.Энхтүвшин гишүүн онцолсон. Татвар төлөх нь Үндсэн хуулиар, үл маргах журмаар хүлээсэн үүрэг гэдгийг тэрбээр тодотгоод, “Гэхдээ бизнесийн үйл ажиллагааны явцад татварын өр үүсдэг. Энэ тохиолдолд татварын байгууллага үл маргах журмаар татварын өрийг барагдуулахаар дансыг нь хаадаг байсныг өөрчилж, дансанд орж ирсэн орлогын 70 хувийг татварын өрөнд суутгаж, 30 хувийг үйл ажиллагаандаа зарцуулах боломж олгож байгаа. Төслийн ихэнх заалт 2027 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжих ч үл маргах журмаар татварын өрийг 70/30 харьцаагаар суутган барагдуулах зохицуулалт нь хуулийн төсөл батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэв. Иймд татварын байгууллага хуулийн хэрэгжилтийг хангаж, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.
А.Ариунзаяа гишүүний тодруулсны дагуу Х.Ганхуяг гишүүн төсөл дэх зохицуулалтуудын талаар товч мэдээлэл өгсөн юм. Ирэх 2027, 2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктээр нэмэгдэх тооцоолол байгаа ба энэ тохиолдолд өрхийн орлого 3 хувиар нэмэгдэнэ. Татварын багц хуулийн төслийн хүрээнд хувь хүний орлогын албан татварт хоёр шатлал нэмэх бөгөөд 792 мянга хүртэлх төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй. Энэ заалт 2027 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 792000-2000000 төгрөгийн орлогод нэг хувийн хувь хүний орлогын албан татвар ногдуулах бөгөөд энэ заалт 2028 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжих юм. Эдгээр зохицуулалт зөвхөн 2 сая төгрөг хүртэлх орлоготой иргэнд үйлчилнэ гэж зарим нь ташаа ойлгоод байна. Цалин авч буй бүх хүний авч буй цалин дээрх зохицуулалтад хамрагдаж, 2 сая төгрөгийн орлогод ногдуулсан нэг хувийн татвар авсан зөрүүгээр гар дээр очих цалин нь нэмэгдэнэ гэсэн үг. Харин 2 сая төгрөгөөс илүү орлого өөр шатлалын хувь хүний орлогын албан татвар ногдуулна. Мөн тусгай хамгаалалттай бүс нутгаас бусад байршил дахь орон сууцаа худалдвал 2 хувийн татвараас чөлөөлөгдөнө.
Аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар дээр 15 хувийн шатлал гэдэг зохицуулалтыг тусгасан. Уул, уурхайн бус компаниудын орлогыг хамгаалах зорилгоор 10 хувиас шууд 25 хувь руу өсдөг байсан шатлалын дунд 15 хувийн шатлалыг нэмж байна. Мөн спортын тодорхой төрлийг татварын хөнгөлөлтөөр дэмжих зохицуулалт туссан гэв. НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гармагц татварын өр үүсдэг байсныг өөрчилж, тухайн компанийн үйл ажиллагаанаас нь хамаараад үнэлгээ хийсний дагуу хоёр хүртэлх сараар хойшлуулна. Татварын өртэй компанийн дансыг хаадаг байсныг өөрчилж, орлогын 70 хувийг татварын өрд суутган, үлдсэн 30 хувийг тухайн компани үйл ажиллагаандаа зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслийн хүрээнд 2.5 их наяд төгрөгийн татварын ачаа дарамтыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруунаас хөнгөлж чөлөөлөх болно гэдгийг П.Ганзориг гишүүн онцлов. Үүний дунд ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч байгаа 1050000 мянган хүний цалин орлогод үзүүлж буй хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь өрхийн орлогын бодит дэмжлэг болно гэдгийг тэмдэглэв.
Татварын харилцаанд хиймэл оюун ухааны ашиглалттай холбоотой зохицуулалт тусгасан эсэхийг, их хэмжээний алданги тооцох эрсдэлээс хамгаалах зохицуулалт хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн эсэхийг, нийслэлд бүртгэлтэй атлаа орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг орон нутгийн татвар төлөгчөөр бүртгүүлэх асуудлыг шийдвэрлэх эсэхийг гишүүд тодруулж, ажлын хэсгээс тус бүрд нь хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм.
Ийнхүү гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
































































Сэтгэгдэл