Монголд “орж ирсэн” гэгддэг автомашин шинэ гэсэн үг биш

Aдмин / Эдийн засаг

“Hybrid car battery service” засварын төвийн ерөнхий инженер С.Жарантайтай хайбрид хөдөлгүүрийн батерейн талаар ярилцлаа.


-Иргэд “Да хүрээ” захаас болон хувь хүмүүсээс машин худалдаж авдаг. Шинэ хайбрид хөдөлгүүрийн батерейн норм хэдэн км хүртэл байдаг вэ. “Хайбрид машин аваад удаагүй “check engine” гэрэл аслаа” гэсэн асуудал тулгарсан тохиолдол их таардаг. Энэ гэрлийг түр унтраах боломжтой байдаг юм уу?

-Үйлдвэрээс гарсан хайбрид машины шинэ батерей дунджаар 150.000-250.000 км явах нормтой байдаг. Манай улсад орж ирж байгаа машинуудын ихэнх нь хуучин машин орж ирдэг учраас Япон, Солонгостоо 8-10 жилийн насжилттай машинууд дунджаар 100.000 хүртэл км явчихсан байдаг. Тэрийг манайхан бодолцохгүйгээр, “Миний машин орж ирсэн байж ингэлээ” гээд байдаг. Тэгэхээр эхний 150.000 км хүртэл батерейнд ямар ч асуудал үүсэхгүй, түүнээс дээш км явсан машинуудын хувьд ямар нэг баталгаа байхгүй гэсэн үг. Манайд үүсдэг батерейны асуудал бол ихэвчлэн үүнээс болдог. Яахав, зарим нь ямар ч асуудалгүй яваад байдаг. Хэрэв баталгаат бус газраас хуучин машин авч байгаа бол, заавал оношилгоо хийлгэх хэрэгтэй. “Check engine” гэрэл асна гэдэг бүх машинд байх хөдөлгүүр шалгах анхааруулга юм. Мянга гаруй шалтгаан байж болно. Тэр бүрийг нарийн оношилж байж мэдэх боломжтой. Батерейнд үүссэн доголдол байж болно. Мөн хайбрид приус машин бол нүүрсэн янданг авчихаар “check engine” асаад, буцааж тавихаас наана унтраах боломжгүй. Гэтэл “check engine” нүүрсэн яндангийн хоёр шүүлтүүрийн нэг буюу бохирдол мэдрэх хэсэгт саад тавих байдлаар буруу арга хэрэглэсэн байхтай таарч байсан. Нэгэнт эдийн засаг, амь нас, эрүүл мэндийн асуудалд шууд хамааралтай хэрэглээнд зориулж автомашин худалдаж авч байгаа бол авах үедээ эвдрэл гэмтлийн мэдээлэл оношилгоонд оруулчих нь дараа гарах эрсдэлээс сэргийлнэ. 20.000-40.000 төгрөг л болно шүү дээ.

-Батерей солиулаад хэдэн км явах боломжтой вэ. Хаягдал батерейгаа яадаг вэ.Манайх дотооддоо батерей боловсруулж байгаа юу?

-“Орж ирсэн” гэх нэртэй боловч ихэвчлэн хуучин батерей байгаа шүү дээ. Машин эвдрэх, осолд орсон тохиолдолд хуучин сэлбэг болон батерей нь зарагдаж байгаа. Хуучин батерейг тусгай төхөөрөмжөөр шалгаж хэдэн хувийн хүчин чадалтайг тооцох, мөн сэргээн цэнэглээд дахин ашиглах боломжтойг нь тодорхойлдог. Зарим батерей сэргэх боломжтой, гэхдээ янз бүр. Зарим нь бүр хэрэггүй болно. Хуучин батерей хэдэн хувьтай цэнэг авч, сэргээгдэхээс шалтгаалж сайн нь хоёр жил орчим явдаг. Манайхаас хаягдал батерейг авдаг гэрээт хоёр компани байдаг, түүхий эд болгоод Япон руу гаргадаг байсан гэсэн. Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй. Налайхад байх үйлдвэр зөвхөн аккумлятор дахин боловсруулдаг гээд батерейны хаягдал авдаггүй. Хаягдлаа гэрээт компанид өгч чадахгүй газрууд, ил задгай хаях явдал байгаа болов уу гэж бодож байна. Ер нь улсын бодлогоор зохицуулалт хийх шаардлагатай байгаа.

-Танайх хэзээнээс ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ. Танайхаар үйлчлүүлж байгаа хайбрид машины жолооч нарт ямар асуудал тулгардаг гэдэг вэ?

-Манайх 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 оноос эхэлж Америкийн батерей оношилгооны төхөөрөмжөөр хайбрид машины батерейг мэргэжлийн түвшинд оношилж байгаа. Хайбрид батерейг 24 цагийн турш залгаж, нарийн оношилдог төхөөрөмж одоогоор манайд л ганц байгаа гэж хэлж болно. Батерейны хувьд манай компани Хятадын “Ennocar” үйлдвэрийн шинэ батарей тавьж байгаа, доод тал нь гурван жилийн баталгаа өгдөг. Сошиал орчин хөгжөөд, манай жолооч нар өөрт тулгарсан асуудлаа мэргэжлийн байгууллагаас биш, сошиал орчноос асууж бие биедээ буруу зөрүү зөвлөгөө өгдөг. Нэг машинд гарсан асуудал, нөгөө машинд адилхан байх боломжгүй. Түүнээс гадна зөв оношлуулж чадаагүй бол эд хөрөнгө, санхүү, амь нас, цаашлаад, хот орчны агаар бохирдлыг бодсон ч машинаа цаг тухай бүрд мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, шаардлагатай үйлчилгээг хийлгэж байх нь чухал.

-Хайбрид машины батерей засварын газар олон байдаг. Үнэ ханш нь ямар ялгаатай байдаг вэ?

-Засвар бол хаа сайгүй. Үйлчилгээ, орчин, эргэж хариуцах, баталгаа олгох чадвар зэргээр ялгаатай. Батерейны сайн муугаас шалтгаалж нэг ширхэгийн үнэ 20.000-80.000 төгрөг байдаг. Бид засвар үйлчилгээ хийж буй хүмүүсийг буруутгах аргагүй. Сайн засварын газрууд байгаа. Бас эсрэгээрээ “засуулаад засуулаад болсонгүй” гээд манайд ханддаг хэрэглэгчид ч бишгүй байдаг. Хайбрид батерей оношилгооны төхөөрөмжгүй газрууд, тестэр маягийн үзүүлэлтээр үзэж оношлох нь бас хангалтгүй. Ком батерейг яаран солих биш, зөв газраа зөв оношлуулж ширхэг тус бүрээр засварлах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.Дарийм


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.