Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидтай уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Туркт болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, дайныг зогсоох гарцыг эрэлхийлэхэд дахин түлхэц үзүүлэхээр төлөвлөж байна гэж АНУ-ын өндөр албан тушаалтан ням гарагт мэдэгджээ. Д.Трамп дээд хэмжээний уулзалтад оролцохоор мягмар гарагт Туркт хүрэлцэн ирэх ажээ. Тэрбээр дээд түвшний уулзалтыг зохион байгуулагч орны Ерөнхийлөгч Тайип Эрдогантой эхний уулзалтаа хийнэ. Д.Трамп мөн Сирийн Ерөнхийлөгч Ахмед Аш-Шараатай уулзаж, хэвлэлийн хурал хийнэ гэж Цагаан ордноос мэдээлсэн байна.
Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр Д.Трамп лхагва гарагт Зеленскийтэй уулзаж, "дайныг хэрхэн зогсоох" талаар хэлэлцэх ажээ. Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн хэдэн сарын хугацаанд тулааны талбарт талуудын аль аль дорвитой ахиц гаргаж чадахгүй байна. Ерөнхийлөгч энэ дайныг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа" гэжээ. Д.Трамп мөн НАТО-гийн холбоотнууддаа батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг уриалах бөгөөд энэ байр сууриа холбоотнууддаа биечлэн илэрхийлэх аж. Дээд хэмжээний уулзалтын үеэр олон тэрбум ам.долларын өртөгтэй батлан хамгаалах салбарын хэлэлцээрүүдийг зарлана гэж АНУ-ын өндөр албан тушаалтан хэлсэн хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Европын албаны хүмүүсийн үзэж байгаагаар, Д.Трамп Р.Эрдоган, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нартай ойр харилцаатай байдаг тул дээд хэмжээний уулзалтыг саадгүй явуулах баталгаа болно гэж найдаж байна. Гэсэн хэдий ч Ираны дайн болон АНУ-ын Ерөнхийлөгч НАТО-г байнга шүүмжилдгээс үүдэлтэй Атлантын далай дамнасан үл ойлголцол хэвээр байгаа тул европчуудын хувьд тодорхойгүй байдалд байна. Д.Трамп өмнө нь Ираны эсрэг АНУ-Израилын дайнд НАТО-гийн гишүүн орнууд АНУ-д хангалттай тусламж үзүүлэхгүй байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Бямба гарагт АНУ-ын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 90 минутын турш утсаар ярьж, Украины дайныг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавьсан тухай Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ням гаргийн өглөө хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Д.Трамп өмнө нь мөргөлдөөний улмаас хоёр тал асар хохирол амсаж байгаад харамсаж буйгаа удаа дараа илэрхийлж байв. Украины тал сүүлийн саруудад Оросын давшилтыг сааруулж чадсанаар В.Путинд ирэх дарамтыг нэмэгдүүлээд байгаа юм. АНУ-ын өндөр албан тушаалтны тэмдэглэснээр, Д.Трамп В.Зеленскийтэй ярилцсаныхаа дараа В.Путинтэй дахин холбогдож магадгүй байна. В.Зеленский өнгөрсөн сард В.Путинд хандан ганцаарчилсан уулзалт хийхийг санал болгосон боловч Кремлийн удирдагч татгалзсан юм. Мөргөлдөөнийг зохицуулах аливаа шийдэлд Украины Донбассын бүс нутгийг бүрэн хяналтдаа авахаар тусгагдсан байх ёстой гэж Орсын тал мэдэгдэж байгаа бол Украины тал үүнийг эрс няцаасаар байгаа юм.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"



























































Сэтгэгдэл