С.Бямбацогт: Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн чуулган боллоо

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.


УИХ-ын дарга С.Бямбацогт: -2026 оны хаврын ээлжит чуулганыг иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган боллоо. Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ нийт 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдааныг зохион байгуулж, 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Төлөвлөсөн 35 удаагийн нэгдсэн хуралдааныг бүрэн зохион байгуулж, чуулганы дундаж ирц 82 хувь хүрсэн нь өмнөх намрын чуулганы үзүүлэлтээс таван хувиар өссөн. Мөн хаврын чуулганаар нийт 278 хууль, тогтоомж баталж, иргэдийн орлого, бизнесийн орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчин зэрэг салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлсэн.

Батлагдсан хууль тогтоомжийн дотор анхдагч хуулиуд, шинэчилсэн найруулга, хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байна. Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэв. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын багц шинэчлэлийг баталснаар татварын шатлалыг өөрчилж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэх орчныг сайжруулах томоохон шинэчлэлийг хэрэгжүүллээ. Үүний үр дүнд 1.3 сая татвар төлөгч иргэн жил бүр татварт төлдөг байсан хоёр сая төгрөгөө өөртөө үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломж бүрдсэн бөгөөд анхны орон сууц худалдан авч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдсэн.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлан төр, хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бизнесийн орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болж, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалтыг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчилж, төрийн зохицуулалтын давхардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах бодит боломж бий болсон. Үүнээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль зэрэг олон чухал хууль батлагдаж, нийгмийн хамгаалал, инновац, үндэсний хэмжээний томоохон төслүүдийг дэмжих эрх зүйн шинэчлэлүүд хэрэгжүүлсэн чуулган боллоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: -Хаврын чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 16 удаа хуралдаж, улсын хөгжил, эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий 38 асуудал хэлэлцэж, 18 шийдвэр гаргалаа. Эрх баригч бүлгийн хувьд улсын нийгэм, эдийн засаг, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулахад чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний 4 зам-4 чөлөөлөлт” бодлогыг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэл болгосон. Энэ хүрээнд эдийн засгийн томоохон мега төслүүдээ урагш ахиулахаар ажиллаж байна. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлж, үр шимийг монголын ард түмэн хүртэх ёстой. Иймд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан.

Хаврын чуулганы төгсгөлд Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр амжилттай боллоо. Хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Монгол Улс энэ жил Оюутолгойгоос ногдол ашиг авахаар “Рио Тинто”-той тохиролцож чадлаа. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах цонх нээгдэж, долоон жилд нэг удаа хэлэлцдэг байсныг гурван жил болгосон. Ингэснээр бидний Оюу толгой гэх энэ том төслөөс үр ашгийг нь хүртэх боломж наашилж байгаа юм. Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан гэв.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.