Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ

Б.Мөнхцацрал / Хууль

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Манай улсын уул уурхайн бус экспортын гол салбар бол ноолуур, энэ чухал салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбооноос ярилцлагаа эхэлье, та Монголын ноос ноолуурын холбооны тухай товчхон танилцуулна уу?

-Монголын ноолуурын салбар нь уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн уялдааг сайжруулах стратегийн ач холбогдолтой салбар гэдгийг хэн бүхэн мэднэ. Манай холбоо нь 1993 онд байгуулагдсан анхны мэргэжлийн холбоодын нэг. 158 аж ахуй нэгж, малчин, малчдын хоршоодын гишүүнчлэлтэйгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Манай холбоо нь зөв оновчтой, үр дүнтэй түншлэлийг бий болгож, өртгийн сүлжээний бүх оролцогч талууд болох малчид, малчдын хоршоод, ноос ноолуур боловсруулах анхан шат, ээрэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч компани аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, тухайн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, ажиллах хүчнийг бэлтгэх, сургах мэргэшүүлэхэд онцгойлон анхаардаг. Мөн бүтээгдэхүүний болон менежментийн тогтолцооны чанар, стандартын баталгаажуулалтыг хангуулах, төрийн бодлого шийдвэрт салбарын бодлогыг тусгуулах олон чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2020 оноос ноос, ноолуурын салбарт тохирлын баталгаажуулалт хийх ноос, ноолууран бүтээгдэхүүний баталгаажуулалтын үйл явцыг хараат бус, ил тод, шударгаар явуулах "Баталгаажуулалтын алба"-ыг MNS ISO/IEC 17065:2013 стандартын шаардлагын хүрээнд Үндэсний Итгэмжлэлийн Төвөөр итгэмжлүүлэн төрийн үүрэг функцийг гүйцэтгэж байгаа цөөхөн мэргэжлийн холбоодын нэг юм.

Манай холбоо нь өдөр тутмын үйл ажиллагаа эрхлэх ажлын баг болоод салбарын тэргүүлэх, зөвлөх шинжээч 34 хүнтэй мэргэжлийн багтай тогтвортой ажиллаж байгаа байгууллага юм. Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын алба нь монгол ноолуурын нэр хүндийг дэлхийн зах зээлд өсгөх, ондоошил, ялгарлыг бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн нь тогтоосон стандартын шаардлагад нийцсэнийг тодорхойлсон "Тохирлын гэрчилгээ", бүтээгдэхүүний чанарт нь "Монголын Хаан Ширхэгт", үйлдвэрлэлийн тогтолцоонд нь "Текстилийн тогтвортой үйлдвэрлэл", "Хамгаалагдсан Газар Зүйн Заалт"-тай Монгол ноолуур, экспортод гарч байгаа ноос, ноолууран бараа бүтээгдэхүүнд "Экспортын гэрчилгээ"-г тус тус олгож байна.

-Өнөөдөр Монгол ноолуур дэлхийн брэнд болж чадсан. Монгол ноолуурын онцлог, давуу тал нь ер нь юу юм бэ?

-Монгол ноолуур бол хоргүй, дахин ашиглах боломжтой, органик түүхий эд юм. Түүнчлэн нүүрс хүчлийн хийг өөртөө шингээх онцлог шинж чанартай, "смарт" буюу ухаалаг, амьд, уургийн ширхэгт ч гэдэг юм. Байгалийн ширхэгтүүд хоргүй энгийн нэгдлүүд болж бүрэн задралд ордог тул хүрээлэн буй орчинд хуримтлагдаж, бохирдуулдаггүй онцлогтой, Монгол орон бэлчээрийн мал аж ахуйтай учраас, малын гаралтай ноос ноолуур нь натурал, органик чанартай мөн солонгон долоон өнгөтэй байдгаараа онцлогтой. Иймээс газар зүйн байршил, бүс нутгийн онцлог нь ноолууран ширхэгтийн нарийвчлал, урт, гарц, өнгө, бат бөх чанар зэрэг үндсэн үзүүлэлтүүдэд хүчтэй нөлөөлдөг. Монгол ноолуурын гарал үүслийн системд газарзүйн байршил, нарны цацрагийн түвшин, бэлчээрийн төрөл, өндрийн бүсчлэл зэрэг мэдээллийг холбосноор тухайн бүс нутгийн ноолуурын өнгөний онцлог, чанарын ялгааг мөшгөх тогтолцоонд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мөшгөн баталгаажуулахад өндөр ач холбогдолтой.

-2025 оны байдлаар 23.1 сая толгой ямаатай гэж статистикийн тоо гарсан байдаг. Монгол ноолуурын үндсэн суурь бааз ямааны тоо толгой, чанар хэр байгаа вэ. Малчдын эдийн засгийн байдалдаар юу нөлөө үзүүлэх вэ?

-Жил бүр Монгол Улс ойролцоогоор 8,500 тонн ноолуур бэлтгэдэг бөгөөд энэ нь 195,000 орчим малчин өрхийн орлого, амьжиргаатай шууд холбоотой. Ноолуурын салбар нь зөвхөн эдийн засгийн бус, нийгмийн ач холбогдолтой бөгөөд нийт 10,000 орчим хүнийг ажлын байраар хангаж, тэдний нийгмийн эмэгтэйчүүд болон залуучууд байна, Малчин хүний мөнгөн орлогын тавин хувийг ноолуурын орлогоос орж байгаа. Жилээс жилд ноолууран түүхий эдийн үнэ өсч өрсөлдөх чадвар нь нэмэгдэж, эрэлт хэрэгцээ ч өсч байна. Ноолуурын чанарыг сайжруулах, ямааны ноолуурын генетикийн үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх өртгийн сүлжээний оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг сайжруулахад төрийн оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлэх талаар саналаа өгөөд байна.

-Холбооны хамгийн ойрын төлөвлөгөөнд ямар ажлууд багтаж байгаа болон хэрэгжилтийн ямар шатанд явна вэ?

-Төрөөс ноолуурын салбарыг бодлогын түвшинд дэмжиж, "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр урт шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Монгол ноолуурыг суурь таван өнгөөр Европын Холбооны улс руу экспортод гаргахаар зорилго тавиад ажиллаж байгаа. Шат дараалалтай төлөвлөгөөт ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт монгол ноолуурыг монгол өнгөрсөн нэр хүнд, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгалийн өнгөний давуу чанарыг тодотгосноор дахин давтагдашгүй, өвөрмөц онцлогийг тусган хэрэгжүүлэх "ХАМГААЛАГДСАН ГАЗАР ЗҮЙН ЗААЛТТАЙ МОНГОЛ НООЛУУР"-ыг Монголын Оюуны Өмчийн газарт албан ёсоор баталгаажуулан бүртгүүлж гэрчилгээгээ авсан.

Газар зүйн заалтыг бүртгүүлэхдээ Монголын ноос ноолуурын холбооноос монгол улсын бүх аймаг сумдын мал зүйн албанаас ямааны зүс, өнгөний судалгаа, ноолууран түүхий эд бэлтгэдэг үйлдвэрүүдээс түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний өнгөний судалгаа, байгалийн бүсийн дагуу ямааны үүлдэр үүсвэр байршил, тоо толгой, тархалтын судалгаа, Монголын ямааны аж ахуй, биологийн болон ноолуурын чанарын онцлог шинж чанарыг судлах, дата мэдээлэл боловсруулах, физик, химийн шинж чанарыг судлах, онцлог, бичиг баримтын боловсруулалт, Япон Улсын Киотогийн Технологийн Их Сургуулийн Дэвшилтэт ширхэгт материал судлалын тэнхимийн Sense-Tex лабораторид түүхий, угаасан, самнасан ноолуурын боловсруулалтын чанарын үзүүлэлт, ноолуурын 5 өнгийн шинж чанарын судалгааг хийж гүйцэтгэлээ. Монгол орны газарзүйн байршил нь ямааны өнгөнд шууд нөлөөлдөг бөгөөд байгалийн өвөрмөц зохицолдоон, байршлаас хамаарч Цагаан, Цагаан цайвар, Хөх саарал, Бор, Хар бараан өнгө давамгай байдаг тул ноолуурыг суурь 5 өнгөөр бүртгүүлж гэрчилгээг гардан авсан. Цаашид Европын холбоонд Газар зүйн заалтыг албан ёсоор бүртгүүлж баталгаажуулах, стандарт боловсруулж мөрдүүлэх, урт хугацааны үр дүнтэй маркетинг хийж ажиллахаар төлөвлөж байна.

-Ноос ноолуурын холбооны бусад үйл ажиллагааны талаар?

-Төрөөс ноолуурын салбарыг бодлогын түвшинд дэмжиж, "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газрын 380 дугаар тогтоолоор баталсан "Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт" 2025 оны 2 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Техникийн зохицуулалт хэрэгжсэнээр самнасан ноолуурын экспорт 4.7 хувиар өссөн.

"Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувиар, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 3.5 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам доллароос 690 сая ам доллар хүртэл өсгөж, ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Монголын ноос ноолуурын холбоо НҮТББ нь Италийн төрийн хөгжлийн санхүүгийн байгууллага Cassa Depositi e Prestiti (CDP)-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, уг хүрээнд ноолуурын салбарын хөрөнгө оруулалт татах, экспорт борлуулалтыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалтын үйл ажиллагааг үйлдвэрүүдтэй уялдуулах зорилгоор Монгол-Солонгосын Политехник коллежтой хамтран 35 хүнтэй "Хосмог сургалтын шинэ анги"-г шинээр бий болгосон. Ноолуурын салбарын 230 гаруй ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолтуудыг үйлдвэрлэлийн шат, дамжлага бүрээр нарийвчлан гаргаж, үндсэн ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод нийцүүлсэн бөгөөд ажил мэргэжлийн үнэлэх аргачлал, ноолуурын салбарын жишиг тарифыг цалингийн хэлэлцээрийг байгуулсан байж байгаа.

Дэлхийн 35 оронд амжилттай хэрэгжүүлж байгаа Олон Улсын Score хөтөлбөрийг 2025 онд Монгол улсын ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж, аж ахуй нэгж байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх, ажил олгогч болон ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, чанар, стандартыг хэрэгжүүлэх, залуучуудад ээлтэй ажлын байр бий болгоход чиглэсэн олон улсын модуль сургалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

ГБХНХЯ-ны дэргэдэх сургалт, үнэлгээний институттэй хамтран салбарын мэргэжилтэй ажилтнуудын мэргэжлийн түвшинг үнэлж, мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээ олгох, богино хугацааны сургалт, үнэлгээний ажлыг тогмолжуулсан гэх мэт ажлууд хийгдээд явж байна зэрэг олон ажлуудыг дурьдаж болно.

-Ноолуурын салбарт эдийн засгийн ямар боломжууд нэмэгдэж байна?

-2025 онд ДНБ 6.8 хувиар өссөн бөгөөд хөдөө аж ахуйн салбар 33.2 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 10.0 хувиар тус тус өссөн байна. 2025 оны I улирлын Ажиллах хүчний судалгаагаар нийт ажиллагсдын 27.5 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 9.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, хоёр салбар нийлээд нийт ажиллагсдын 36.8 орчим хувийг бүрдүүлж байна. Энэ онд угаасан ноолуурын экспортыг хориглосон нь боловсруулан ноолуурын эрэлт гадаад зах зээлд нэмэгдүүлж байгаа. Хэрэглэгчийн худалдан авах зан төлөв байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэснээр экспорт өссөн. Евроазийн хэлэлцээрийн хүрээнд 2026 оны 01 сарын 01-нээс хойш хөршүүд 367 нэр төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүн гаалийн татваргүй орох боломж бүрдсэн. Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Мөн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 5700 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлосон байна. Европын орнууд болон АНУ-ын зах зээлд Монгол ноолуурыг сурталчилан таниулснаар зах зээлд эрэлт хэрэгцээ тогтвортой өсч байгаа нь судалгаагаар харагдаж байна. Ноос, ноолуурын салбарын хэтийн төлөвөр 2028 он гэхэд Монгол Улсын ноолуурын салбарын нийт борлуулалтыг 1 тэрбум ам доллар буюу 3.5 их наяд төгрөгт хүргэж, одоогийн түвшнээс хоёр дахин өсгөх зорилт тавьж байна. Үүний зэрэгцээ салбарт ажиллагсдын тоог 25,200-д хүргэх, сүлжмэл бүтээгдэхүүний хэмжээг 8,0 сая ширхэгт хүргэх, үйлдвэрлэлийн хүчин чадлын дундаж ашиглалтыг 60-80 хувьд хүргэн өсгөх боломжтой гэж үзэж байна. Мөн 2028 онд дэлхийн ноолуурын зах зээлийн хэмжээ 4 тэрбум ам долларт хүрэх төлөвтэй бөгөөд Монгол ноолуурын дэлхийн зах зээлд эзлэх хувийг 26 хувьд хүргэж, хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж байна. Энэ дашрамд нийт Монголын ард түмэндээ Улс хувьсгалын 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе! ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ!

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.НЯМЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.