Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэм В.Зеленскийг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод буй Энди Бёрнэм үүрэгт ажилдаа орсныхоо дараа хамгийн түрүүнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай утсаар ярихаар төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгджээ.

Тэрбээр мэдэгдэхдээ, Лондоноос Украинд үзүүлж буй дэмжлэгт "ямар ч өөрчлөлт гарахгүй" гэдгийг В.Зеленскийд тодорхой ойлгуулж, өмнөх Ерөнхий сайд Кир Стармерын нэгэн адил Украины удирдагчийг "100 хувь дэмжинэ" гэдгээ онцолсон байна.

"Ерөнхийлөгч Зеленскийд Их Британийн дэмжлэг тууштай, гуйвшгүй хэвээр байх болно гэдэгт өчүүхэн ч эргэлзээ үлдэхгүй. Энэ дэмжлэг түүнтэй үргэлж хамт байх бөгөөд би хувьдаа ч мөн түүний талд зогсоно" хэмээн Э.Бёрнэм сэтгүүлчдэд мэдэгджээ.

Германы Канцлер Ф.Мерц Бёрнэмийг Берлинд урив

Үүний зэрэгцээ Германы Канцлер Фридрих Мерц Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмд албан тушаалдаа томилогдсонд баяр хүргээд, ойрын хугацаанд Германд айлчлахыг урьжээ.

Ф.Мерц хоёр талд тулгарч буй сорилтуудын талаар Э.Бёрнэмтэй санал бодлоо солилцохыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлээд, Их Британи, Герман хоёр улс нь ойрын холбоотон, түншүүд гэдгийг онцолсон байна. "Яг ийм цаг үед бидний гүн гүнзгий холбоо улам тод харагддаг" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Европын Зөвлөлийн дарга: Европын Холбоо, Их Британи хамтдаа илүү хүчтэй

Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта Брюссель, Лондоны харилцааг бэхжүүлэх хүчин чармайлт цаашид үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. "Сүүлийн хоёр жилийн хугацаанд ЕХ болон Их Британийн хоорондын харилцаанд дахин нааштай эрч хүч нэмэгдсэн" гэж А.Кошта онцлоод "Хоёр улсын иргэд, бизнесийн байгууллагуудын сайн сайхны төлөө хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх боломжийг би тэсэн ядан хүлээж байна. Нэгдсэн Вант Улс, Европын Холбоо хамтдаа илүү хүчтэй" хэмээн Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Сүүлийн 10 жилийн хугацаан дахь Их Британийн долоо дахь Ерөнхий сайд

Манчестер хотын даргаар ажиллаж байсан Энди Бёрнэм Их Британийн сүүлийн арван жилийн хугацаан дахь долоо дахь Ерөнхий сайд, мөн Орос-Украины дайн эхэлснээс хойших тав дахь Ерөнхий сайд болж байна. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Лейборист намын шинэ даргаар сонгогджээ.

Намынхаа аядуу үзэлт зүүн жигүүрийн гол найдвар хэмээн тооцогддог, харизмтай улстөрч Э.Бёрнэм нь үндэсний болон бүс нутгийн түвшинд олон жилийн туршлага хуримтлуулсан нэгэн билээ. Тэрбээр анх 2001 онд Нийтийн танхимын гишүүнээр сонгогдож байв. Тони Блэр, Гордон Браун нарын Засгийн газарт өндөр албан тушаалууд хашиж байсан бөгөөд Г.Брауны Засгийн газарт Сангийн яамны тэргүүн нарийн бичгийн дарга, Соёлын сайд, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байжээ.

"Умардын Хаан"

Букингемийн ордноос Хаан III Чарльз болон шинэ Ерөнхий сайд нар гар барьж буй гэрэл зургийг нийтэлжээ.

Э.Бёрнэм Лейборист намын даргын сонгуульд нэр дэвшсэн цорын ганц хүн байсан бөгөөд Нийтийн танхим дахь тус намын 403 гишүүний 379-ийнх нь дэмжлэгийг авчээ. Манчестер хотын дарга асан тэрбээр иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхээ амласан байна. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийжээ.

Манчестерийн даргаар есөн жил ажиллахдаа Э.Бёрнэм "Умардын хаан" хэмээн нэрлэгдэх болжээ. Түүний удирдлага дор бүс нутгийн эдийн засаг улсын дунджаас хавьгүй хурдацтай өсөж, хот суурин газрын ядуурлын түвшин буурчээ.

Лейборист намынхан мөн Э.Бёрнемыг Найжел Фараж болон түүний барууны популист "Reform UK" намын өсөн нэмэгдэж буй нэр хүндийг зогсоож чадна гэж найдаж байна.

Тэрбээр "The Times" сонинд зориулан бичсэн нийтлэлдээ дэлхийн тавцан дахь Их Британийн тэргүүлэх байр суурийг хадгалж, одоо байгаа холбоотны харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх бодлогыг тууштай дэмжинэ гэдгээ онцолжээ

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.