Мэдрэлийн эмч, хошууч Н.Золжаргал: Тархины цус харвалтаас сэргийлж болдог

Aдмин / Эрүүл мэнд

Цэргийн төв эмнэлгийн Мэдрэл судлалын эмнэлзүйн төвийн захирал, мэдрэлийн эмч, хошууч Н.Золжаргалтай тархины цус харвалт өвчний талаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд тархины харвалт ихэсэж байна. Тэр дундаа залуужиж байна гэх юм. Тархины харвалт гэж ямар өвчин байдаг вэ?

-Тархины харвалт гэдэг тархины артерийн судасны эмгэг юм. Тархины артерийн судасны эмгэгээс гадна тархины венийн судасны систем буюу тархины венийн синусын тромбоз (бүлэгнэлт) үүсэх эмгэгээр мөн илэрдэг. Энэ өвчин маань цочмог эхэлдэг. Ямар нэг архаг суурь өвчнөөс болж болно. Гэмтлээс болж болно. Эсвэл тэр хүний удмын өвчнүүд юм уу тэр зүйлүүдээс болоод тархинд нь цус харвалт үүсдэг. Дэлхий дээр олон төрлийн харвалтууд байгаа. Тархины судас нь хагарснаас цус алдаж үүсдэг цусархаг харвалт, судас нь бөглөрч цусны урсгал зогсдог ишемийн харвалт гэх мэт таван төрөл байдаг. Харвалтын аль ч төрөл нь тархины эсийг хүчилтөрөгчөөр дутааж ноцтой гэмтээдэг яаралтай эмнэлгийн тусламж шаардсан эмгэг юм. Дэлхий нийтэд тархины цус харвалт бол эхний байруудад байсаар байна. Жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг дэлхий нийтээрээ “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр тархины цус харвалтын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга эрт үеийн шинж тэмдгийг таньж яаралтай тусламж авахын чухлыг олон нийтэд сурталчлан таниулдаг. Тархины цус харвалтаас болж хүмүүс тахир дутуу буюу хөгжлийн бэрхшээлтэй болоход хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж хүний оюун ухаан, хүний хөдөлгөөнийг гэмтээдэг. Хүнд өвчнүүдийн нэг. Дэлгэрэнгүй тодорхойлолт шиг юм хэлэхгүйгээр энгийн ойлгомжтой байдлаар би тайлбарлаж байгаа шүү. Шалтгааны улмаас хүний тархинд тархины судас нь хагарч, бөглөрөх эсвэл байрлал нь тархины хаана, ямар бүтцийн судас хагарч гэмтэж байгаагаасаа үүдэж илэрдэг өвчнийг тархины цус харвалт гэдэг.

-Манай улсад тархины харвалтуудын аль төрөл нь илүү зонхилдог вэ?

-Монгол оронд жилээс жилд тархинд цус харвах тохиолдол, нас баралтын тоо улам бүр нэмэгдэж, үхэлд хүргэх байдлаар хоёрдугаар байрыг эзлэн, гэнэтийн үхлийн гол шалтгаан болж байгаа бөгөөд тархины харвалтын өвчлөл, тархалт, эрсдэлт хүчин зүйлээр өндөр орны тоонд багтдаг. Ер нь бол улсын хэмжээнд 11 жилийн өмнө Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр анхны Цус харвалтын төв байгуулсан. Харвалтын төв байгуулагдснаас хойш гарсан хүн ам зүй дотор хийсэн зөндөө олон судалгаа бий. Ер нь бол тархины шигдээс нь тархины эдийн доторх цус харвалттай харьцуулахад 2:1 байдаг гэж дэлхий нийтэд тэмдэглэгддэг.

Тархины цус харвалт нь архаг өвчний хүндрэлээс болж ихэвчлэн харвадаг. Монгол Улсын хувьд ч гэсэн дэлхийн жишигтэй ер нь ойролцоо.Том том цус харвалтууд гээд. Сүүлийн үед 1,5:1 шигдээс нь арай их, гематом буюу цус хурах нь арай бага гээд жил бүр статистик үзүүлэлтүүд өөрчлөгдөөд яваад байдаг. Жишээ нь, 10 жилийн өмнөх судалгаануудад даралтны эмний хүртээмж, тэр хүмүүсийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой судас хагардаг нь илүү тохиолдож байсан. Одоо бол даралтны эм сайжирсан. Хүмүүс даралтаа хянаж чаддаг болсон чинь чихрийн шижин өвчний шалтгаантай үүсч байгаа шигдээсүүд сүүлийн арван жилдээ зонхилж харагдаад байгаа.

Тэрнээс бол хагараад байдаг нь нэгт юм, бөглөрөөд байдаг хоёрт юм аа гэж хэлэхээсээ илүү тархины цусны харвалт нь амьдралын хэв маяг, тухайн үеийн жилүүдтэй бас их холбоотой байдаг. Заримдаа бүр тархины цус харвалтуудыг тэмдэглэж бичихдээ чамд ч, надад ч яг цаг, минуттайгаар тохиодог өвчин биш, мөн эбола, ковид 19 вирусаар үүсгэгддэг шиг өвчин ч огт биш учраас яаж ч ямар ч нөхцөл, цаг хугацаанд ажил хөдөлмөрөө хийгээд явж байхад ч харваж болно, гэртээ орондоо унтаж байхад ч харваж болно. Үүнийг тодорхой тоочиглож шууд хэлэх боломжгүй. Өдөр тутам судлагдаад, шинэчлэгдээд реформ хийгдээд гарч ирж байдаг. Монголд янз бүр. Манай цэргийн төв эмнэлгийн хувьд ихэвчлэн тархины шигдээсийг эмчилсэн байна. Манай эмнэлэг дээр 2019 оноос хойш харвалтын нэгж байгуулагдсан. Одоо харвалтын тасаг болж өргөжөөд бид тусламж, үйлчилгээг үзүүлээд явж байна. Жилд 210-аад хүн эмчлүүлдэг. Үүний 70 хувь нь тархины шигдээс буюу бөглөрлийн улмаас үүссэн харвалт эмчлэгдсэн байна.

-Залуучуудад зонхилж байгаа харвалт аль нь вэ. Мөн ахимаг насныханд тохиолддог харвалтуудын талаар та ярихгүй юу. Ер нь тархины харвалт үүсэх эрсдэлт хүчин зүйлсүүд нь юу вэ?

-Монголчууд болон дэлхийн эрдэмтэд судалгаа хийсэн байна. Залуу хүмүүс бол тархины судасны төрөлхийн эмгэгээс болоод харвасан тохиолдлууд нь илүү байгаад байдаг. Төрөлхийн судасны гажиг, цүлхэн (аневризм) хагарах, артерийн даралт тогтворгүй байх, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт, тамхи, архи болон бусад бодисын зохисгүй хэрэглээ, байнгын стресс, нойргүйдэл, хэт ачаалал зэрэг нь залуу хүмүүст харвалт үүсгэх гол шалтгаанууд болж байгаа. Харин настай хүмүүст хоёрдогч өвчин буюу даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, архидалтаас үүссэн зүрх болон бусад өвчнөөс харвалт үүсч байна. Тархины харвалтын 90 хувь нь эрсдэлт хүчин зүйлүүдээс хамаарсан байдаг. Монгол хүмүүсийн дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс ихсэж, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байгаа нь харвалт нэмэгдэх хүчин зүйл болж байгаа юм.

-Тархины харвалтуудын анхны шинж тэмдгийг хэрхэн, яаж мэдэх вэ?

-Маш олон төрлөөр мэдэж болно. Тархины харвалтын анхны шинж тэмдгийг ХААХ гэсэн хялбар аргаар маш хурдан таньж болно. Үүнд, толгой маш хүчтэй өвдөнө. Нүүр нэг тийш мурийж унжих, гар сулрах, хэл ам ээдэрч яриа ойлгомжгүй болох, бие таллаж мэдээгүй болох, тэнцвэргүй байдал үүсэх шинжүүд илэрдэг.Ингэвэл та үүнийг харвалт байна гэж ажиглаж мэдээд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Анхны ойлголтоор ингэж мэдэх боломжтой.Тархи бол цаг юм. Зарим харвалтууд эмгэг жамаар буюу өөрийнхөө эмгэг жамын онцлогоос болоод харвалтуудын үйл явц нь, шинж тэмдгүүд нь өөрөөр бүдэгхэн илэрдэг. Зарим хүн бол шууд ухаан алдаж унаад, амнаас нь хөөс гараад, гар хөлнөөсөө эхлээд ухаангүй болоод шууд оношлогддог бол зарим хүмүүс гэртээ харваснаа мэдээгүй хоёр хоносон байдаг.

Ер нь хэл нь ээдрээд, гар нь бадайраад, нүд эрвэгнээд л гэртээ хоёр хоног хоночихсон, харвалт нь хүндэрчихсэн ирдэг. Маш хүчтэй толгой өвддөг, хэл ам ээдэрдэг, бие таллаж мэдээгүй болно, тэнцвэргүй болно. Энэ бүхнийг ажиглаж өөрт хамгийн ойрхон эмнэлэгт хүрч очиж үйлчилгээ авах боломжтой. Дүүрэг харгалзахгүй маш түргэн очих ёстой. Зөв эмчилгээ нь тухайн хүн аль төрлийн харвалтаар өвчилснөөс хамаардаг. Аль төрөл вэ гэдгийг мэдэхийн тулд та тухайн хүнийг эмнэлэгт маш түргэн хүргэх хэрэгтэй. Эмнэлэгт, эмч нар оношлох шинжилгээнүүд хийж, аль төрлийн харвалт вэ гэдгийг илрүүлнэ.

-Анхны тусламжийг өөрт ойрхон эмнэлгээс авлаа. Дараагийн шатанд харвалтыг хэрхэн эмчилдэг вэ?

-Дараагийн эмчилгээ тусламж бол нэн хэрэгтэй чухал байдаг. Монголд гуравдугаар төв эмнэлэгт харвалтын төв, тархи, шигдээсийн төв байгуулагдаж бий болсноороо улсын эрүүл мэндийн салбарын мэдрэлийн эмч нарын үйл хэрэгт маш том өсөлт гарч ирсэн. Энэ бол “Тархины цочмог харвалт”, “Зүрхний цочмог шигдээс”, “Тархины харвалтын сэргээн засахын удирдамж”, “Зүрхний шигдээсийн сэргээн засахын удирдамж”-уудыг боловсруулан гаргаж ирсэн явдал. Одоо тэр удирдамж, зааврын дагуу тусламж, үйлчилгээ хийгдэж байна. Энэ нь Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт удирдлагын эмч яг л тогтсон бие хүнээ хүлээж авна, шинжилгээ бүрдүүлнэ, тийм тусламж үзүүлнэ гээд цагаан дээр хараар ягштал бичсэн учраас тусламж үйлчилгээ аль ч газар харьцангуй сайжирсан. Эмч нарыг ч маш сайн сургаж бэлтгэсээр эмч нар маань маш хүчтэй, сайн, чадварлаг болсон гэдэгт би итгэдэг.

Практикт бас харагдаж байна. харвалтыг оношлож чаддаггүй байсан бол одоо цагт оношлогдох байдал, амь аврагдах, амьд үлдэх байдал нь өндөр болчихсон байна. Тархины цус харвалт өөрөө дөрвөн хүн харвахад нэг нь бүр амь нас эрсдэж гурав нь тахир дутуу үлддэг. Тархины төв систем гэмтэж байгаа учраас энэ өвчин их аюултай, эмзэг өвчин болохоор эрт оношлогдоод тусламж үйлчилгээгээ зөв авч чадвал тэр хүний амьдралын чанар, хөдөлмөр эрхлэлтэд нь асуудал үүсэхгүй.

-Дэлхийд төдийгүй манай улсад нас баралтын тоогоор эхэнд бичигддэг тархины цус харвалтаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Тархины судасны эмгэг учраас удамшдаг. Таны гэр бүлийн хүн орь залуу насандаа тархины цус харвалтаар амь нас нь эрсдэж байсан, эсвэл тэр өвчнөөр өвчилж байсан бол та амьдралынхаа туршид нэг удаа ч гэсэн тархиа шалгуулаарай. Тархиныхаа судасыг ямар байна гэдгээ шалгуулах хэрэгтэй. Танд хэрвээ архаг хууч өвчин байгаа бол эмчийн хяналтад орж үзүүлэх шаардлагатай. Даралтны эм, чихрийн шижингийн эмээ тогтмол уугаарай. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж амьдраарай. Амьдралын туршдаа цусны даралтаа тогтмол хянах, эмчийн зөвлөгөө авах, өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийх, давс, өөх тосны хэрэглээг багасгаж, эрүүл хооллох, дэлгэцийн хэт их хамаарал болон стрессээс хол байх, илүүдэл жингүй байх, мөн хамгийн чухал зүйл болох эрүүл мэндийн тогтмол үзлэгт хамрагдаж нарийн мэргэшлийн эмчийн хяналтад тогтмол байгаарай.

Одоо эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмжүүд орчин үеийн өндөр үзүүлэлттэй болсон. Өөрийгөө харвах эрсдэл бүхий бүлэгт байгааг анхны шинж тэмдгээр мэдсэн бол тэрийгээ үргэлж хянаж, эмчтэйгээ ойр байж, түүнийхээ эсрэг үйл ажиллагааг хийж байх хэрэгтэй. Энэ бүх зөвлөгөөг дагаж өөрийгөө хамгаалж байгаа тохиолдолд та тархины судасны эмгэгшилгүйгээр, харвалтгүйгээр энэ хорвоод амьдарч болно. Хүн бүхэн заавал харвана гэсэн үг огт биш.

-Сүүлийн үед энэ төрлийн өвчлөлд ямар эмчилгээнүүдийг ашиглаж байна вэ.Тархины судасны ишемийн харвалтыг (судас бөглөрөх) судсан доогуур эмчлэх аргыг хэрэглэж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Тархины артерийн судас, тархины судсыг оношилж байгаа юм. Тархины судсан доторх оношилгоо буюу монголчуудын хэлж заншсанаар тархины ангио гэж хэлдэг. Дэлхий нийтэд бол тархины судсан дотуурх оношилгоо гэж хэлдэг. Тархины судсан доторх оношилгоог Цэргийн төв эмнэлэгт эхний гурван эмч нар төгсөж ирээд 2025 оны 10 дугаар сараас хийж эхэлсэн. Тэд маань юуг оношилж байна гэхээр тархин доторх цүлхэнгийн оношилгоо, бөглөрөл, нарийсал оношилно. Тэгээд нарийссан бол стент тавина, өргөссөн байвал хавчаар тавина, бөглөрсөн байвал бүлэнг нь татаж гаргана. Харвалтыг оношилсон тохиолдолд хаана очиж эмчлүүлэх вэ гэдэг тэр хүний амь аврагдаж үлдэх боломж нь ихэсдэг. Манайх бол одоо цагт оношилгоог хийж байна. Энэ оны сүүлээр эмчилгээг хийж эхэлнэ. Монгол Улсад хийгдэж байгаа тэр эмчилгээнүүдийг бүгдийг удахгүй хийж эхлэх юм. Тархины судас бөглөрсөн тохиолдолд бүлэнг хайлуулах тарилгыг гуравдугаар эмнэлэг хийж байгаа.

Тэр тарилгыг манай эмнэлэг хийж эхлэх гэж байна. Энэ нь 0-3 цагийн дотор шинж тэмдэг нь илрээд манайх болон гуравдугаар эмнэлэгт ирээд тархины судас харвалт байна гэдэг нь урьдчилан оношлогдсон тохиолдолд тэр тарилгыг хийж бүлэнг хайлуулаад тэр хүн ямар нэг саажилтгүйгээр бүрэн эдгэрэх боломж бүрдэх юм. Удахгүй нэвтрүүлэх гээд ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.НАНДИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.