Дунд голын экологийн тэнцвэрийг алдагдуулж барьсан “Эко констракшн”-ы даланг албадан буулгав
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд голын далан дотор “Эко констракшн” компани ямар ч зөвшөөрөлгүйгээр далангийн барилгын ажлаа эхлүүлсэн байна. Тиймээс Геодези, Усны барилга байгууламжийн газрын албан хаагчид очиж, цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан аж. Улмаар өнөөдөр цагдаа болон мэргэжлийн хяналтын албан хаагчдыг байлцуулан тус даланг буулгаж байгаа юм. “Эко констракшн” компани дунд голыг зарим хэсгээр нь тасалж суурь цутгаснаас болж маш олон тооны жараахай үхсэн байв.
Энэ талаар Геодези, Усны барилга байгууламжийн газрын гадаад харилцаа, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодруулсан юм. Тэрбээр ярихдаа “2018 оны хоёрдугаар сарын нэгний өдөр манай байгууллагад иргэн С.Нямдаваа гэдэг хүн албан бичиг ирүүлсэн байдаг юм. Тус албан бичигт дунд гол орчмын даланг тохижуулаад ногоон байгууламж хийгээд өгье. Бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн байсан л даа. Үерийн далангийн хойд хэсэг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд, урд хэсэг нь Хан-Уул дүүргийн 15 хороонд харьяалагддаг.
С.Нямдаваа гэх иргэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр 1000 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор барих зөвшөөрөл авсан байсан. Манай байгууллагын зүгээс үерийн даланг нарийсгаж татах зөвшөөрөл өгөөгүй байхад цутгалт хийж барилгын ажлыг амралтын өдрүүдийг далимдуулан эхлүүлсэн байна. Энэ далан 60 метрийн өргөнтэй. Гэтэл иргэн С.Нямдаваа үерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газртаа оруулсан байна. Цаана нь 20-хон метрийн өргөнтэй үерийн далан үлдэж байна. Тэгэхээр 100 жилд нэг удаа тохиолдох үерээс хамгаалж чадахгүй.
Геодези, Усны барилга байгууламжийн газраас наймдугаар сарын 15-аас эхлэн хууль бус ажиллагаагаа зогсоо гэж шаардлага хүргүүлсэн. Нийтийн эзэмшлийн талбайд шунасан С.Нямдаваа гэх иргэн ногоон байгууламж барих нэрийдлээр ард түмний эрүүл аюулгүй орчин амьдрах, байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж байна. Хэрэв энэ даланг ингэж нарийнхан болгон барьсан тохиолдол 100 жилд тохиолдоход үерийн гамшиг Улаанбаатар хотод нүүрлэхэд Баянмонгол”, “Саруул” хороолол шууд усанд автаж иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч үлдэнэ” гэсэн юм.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл