БИДНИЙ ТУХАЙ: Авлигатай тэмцэхээс илүүтэй улс төрийн өрсөлдөгчдөө нэр хүндээр унагаах зорилготой байсан

АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны тайланг нийтэлжээ. Бид "БИДНИЙ ТУХАЙ" буландаа тус тайлангаас улс төр, аюулгүй байдлын орчин, авлигын талаарх мэдээллийг онцолж байна.
Түүнд "Монгол Улсын улс төр, аюулгүй байдлын орчин тайван, тогтвортой гэж үнэлэгддэг. Нийслэл Улаанбаатар хотод гэмт хэрэг харьцангуй бага боловч улирлаа дагаад хэлбэлзэлтэй байдаг. Гудамжны хулгай, хүн хутгалсан зэргийг "жижиг" гэмт хэрэгт тооцдог бол санхүүгийн зээл, залилан мэхлэх хэлбэрийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
АНУ-ын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын иргэд хэнийг ч эелдэг, найрсаг хүлээн авдаг ч зарим тохиолдолд, ялангуяа зарим тусгай бүсэд, хязгаарлагдмал тооны хэт үндсэрхэг үзэлт бүлгүүд эсэргүүцэл үзүүлэх нь бий. Энэ үзэл санаа зөвхөн АНУ-ын хөрөнгө оруулагчдад чиглээгүй бөгөөд тухайн цаг үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдалтай холбоотой.
2024 онд зарим эх сурвалжууд хөрөнгө оруулагчид тухайн орон нутгийн баялгийн эзэд болон нутгийн иргэдийн хооронд маргаан үүсч, эсэргүүцэл үзүүлсэн тухай мэдээлж байсан. Энэ нь үйл ажиллагааг тасалдуулж, техник тоног төхөөрөмжид хохирол учруулж, цөөн тохиолдолд зөрчилдөөн, хүч хэрэглэхэд хүргэсэн байна" гэжээ.
Тус тайланд мөн авлигын тухайд өгүүлэхдээ, Хөрөнгө оруулагчид Монгол Улсад авлига газар авч, хүрээгээ тэлснийг хүлээн зөвшөөрч, зарим нь энэ шалтгаанаар нэмэлт хөрөнгө оруулалтаа зогсоох, эсвэл улс орноос бүрмөсөн гарах шийдвэр гаргасан тухайгаа мэдээлж байна.
2022 онд төрийн өмчит уурхайнуудтай холбоотой авлигын асуудал олны анхаарлын төвд орж, олон нийтийн хүлээлт үүсч, бухимдал даамжирч, урт хугацаагаар эсэргүүцлийн жагсаалууд хийх, мөн 2023 онд төрийн өмчит санхүү, уул уурхайн салбарын авлигатай холбоотой УИХ-ын олон нийтийн сонсголуудыг зохион байгуулахад хүргэжээ.
Тус сонсгол, мөрдөн шалгалтын явцад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид, УИХ-ын хэд хэдэн гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд авлигын гэмт хэрэгт олноор холбогдсон байна.
Зарим хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, буруутай этгээдүүдээс мөнгөн хөрөнгийг нь хураах, торгуулийн арга хэмжээ авах, хорих ял оноох зэрэг шийтгэл оногдуулсан ч олон нийтийн болон хувийн хэвшлийн төлөөлөл эдгээр шийдвэрүүдэд сэтгэл дундуур үлдсэн талаар мэдээлж байна.
Хэдийгээр тэрбум тэрбумаар үнэлэгдэх авлигын асуудлууд ил болсон ч цөөн тооны хэрэг шүүхэд шилжсэн, тэдгээр нь хаалттай, ил тод бус нөхцөлд шийдэгдсэн. Буруутай этгээдүүд хөнгөн торгууль, богино хугацааны ял авсан гэж үздэг.
Иймээс олон нийтийн дунд эдгээр сонсгол нь жинхэнэ авлигатай тэмцэхээс илүүтэй улс төрийн өрсөлдөгчдөө нэр хүндээр нь унагаах зорилготой байсан гэх хардлага давамгай хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татсан авлигын хэргүүдтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурал 2023 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн ойрын хамаарал бүхий этгээдүүдэд дараах зүйлсийг хориглосон.
Үүнд: Төсвийн хөрөнгөөр санхүүждэг хөтөлбөр, тэтгэлэг, концессын зээл, буцалтгүй тусламжаас ашиг хүртэх, төрийн болон төрийн өмчит байгууллагад удирдах албан тушаал хаших оржээ.
Хэдий Монгол Улсын хууль тогтоомжид авлигатай тэмцэх зохицуулалт орсон ч түүнийг үр нөлөөтэй, шударга хэрэгжүүлэх байдал хангалтгүй хэвээр байна.
Хувийн хэвшлийн компаниудын мэдээлснээр, албан тушаалтнууд, улс төрийн нөлөө бүхий этгээдүүд газар ашиглах эрх шилжүүлэх, маргаан шийдвэрлэх, гааль, татварын асуудал зохицуулах, зөвшөөрөл авах, бүртгэл хийлгэх зэрэгт хахууль нэхэх тохиолдол гардаг.
Түүнчлэн ТББ болон хувийн хэвшлийнхэн шүүх эрх мэдлийн авлига, гуравдагч этгээдийн нөлөөлөл оршсоор байгааг онцолдог.
Авлигын нөхцөлд нөлөөлж буй хүчин зүйлсэд ашиг сонирхлын зөрчлийн хяналт сул, ил тод байдлын дутагдал, мэдээлэл авах боломж хязгаарлагдмал, төрийн албаны тогтолцоо санхүүжилт дутмаг, төрийн албан хаагчдын цалин хөлс доогуур, төрийн хяналтын тогтолцоо сул зэрэг орж байна.
Монгол Улсын хууль тогтоомжоор компаниудыг дотоод ёс зүйн дүрэм, хариуцлагын тогтолцоо бий болгох, албан тушаалтанд хахууль өгөхөөс татгалзах дотоод бодлого хэрэгжүүлэхийг шаарддаггүй. Тиймээс АНУ болон бусад улсын хөрөнгө оруулагчид өөрсдийн санаачилгаар дотоод ёс зүйн болон хууль зүйн хяналтын тогтолцоог боловсруулан, авлигыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенц (UNCAC)-д нэгдэн орсон. Улсын хэмжээнд авлигын хэрэгт Авлигатай тэмцэх газар (АТГ) голлон шалгалт явуулдаг бөгөөд зарим тохиолдолд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дэмжлэг үзүүлдэг.
Монгол Улсын Эрүүгийн хуульд авлига, авлигатай холбоотой гэмт хэргийн шийтгэл, албан тушаал эрхлэх эрхийг хасах зэрэг зохицуулалт тусгагдсан бөгөөд төрийн өндөр албан тушаалтан, тэдний гэр бүл гадаадад хөрөнгө оруулалт хийхийг хориглосон гадаад хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтууд ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна" гэжээ.
Эх сурвалж: US DEPARTMENT OF STATE
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл