Маргаашнаас эхэлж хагас коксон шахмал түлшийг борлуулна


Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж эхэлсэн.
Харин маргааш буюу /2025.10.01/ өдрөөс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна. Хагас коксон шахмал түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр,
- Сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
- Сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
- Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
- Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон.
Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 382 цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж буй. Бүх борлуулалтын цэгүүдэд түлшний нөөц хангалттай байгаа бөгөөд нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй байна.
Харин хагас коксон шахмал түлшний нэг шуудайг нь 5000 төгрөгөөр борлуулна. 2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлш борлуулна.
Энэ жил “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтойг албаныхан мэдээлж байсан. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно.
Сэтгэгдэл