Афганистанд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Афганистаны хамгийн том хотуудын нэг, хойд нутгийн Мазари-Шарифын ойролцоо ням гаргаас даваа гарагт шилжих шөнө 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь 28 км-ийн гүнд байжээ. Мөн тус агентлаг гамшгийн улмаас олон хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирч болзошгүйг анхааруулсан байна.
Балх муж дахь (нийслэл нь Мазари-Шариф хот) “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Хажи Заид X хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, Шолгара дүүрэгт дөрвөн хүн амиа алдаж, “олон хүн гэмтэж бэртсэн” гэлээ.
BBC энэхүү мэдээллийг бие даасан эх сурвалжаар баталгаажуулах боломжгүй байна. Х.Заид өмнөх мэдэгдэлдээ “хотын бүх дүүргээс хөнгөн бэртсэн, бага хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл хүлээн авсан” гэж бичжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь өндөр барилгаас унасан хүмүүс байсан гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мазари-Шариф хотод 500 мянга гаруй хүн амьдардаг. Газар хөдлөх үед хотын олон оршин суугч байшин барилгууд нурах вий гэж эмээн гудамжинд яаран гарсан гэж AFP агентлаг мэдээлжээ.
“Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч мөн Мазари-Шариф дахь дурсгалт газар болох Хөх сүмийн зарим хэсэг нурсан байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ. Уг шашны цогцолборт шашны удирдагч анхны Шиа Имамын бунхан байдаг гэж үздэг. Өдгөө энэхүү газар нь мөргөлчид залбирч, шашны баяр тэмдэглэхээр цуглардаг газар болжээ.
Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Афганистаны зүүн нутгийн уулархаг бүсэд 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1000 гаруй хүний аминд хүрсэн юм. Тус бүс нутгийн байшин барилгууд ихэвчлэн шавар, модоор баригдсан байдаг тул олон хүн амиа алдахад хүрсэн байна. Газар хөдлөлтийн үеэр байшин нь нурахад олон оршин суугч гацжээ. Афганистан нь Энэтхэг, Евроазийн тектоник хавтангууд уулздаг хэд хэдэн хагарлын шугам дээр байрладаг тул газар хөдлөлтөд ихээхэн өртөмтгий байдаг.






















































.jpeg)









Сэтгэгдэл