Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 35 хүн амиа алдаж, 1200 хүнийг баривчилжээ
Иранд есөн өдрийн турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр наад зах нь 35 хүн амиа алдаж, 1200 гаруй жагсагчийг баривчилсан талаар нэгдүгээр сарын 5-нд Deutsche Presse-Agentur (dpa) агентлаг Human Rights Activists in Iran болон түүний HRANA медиа сүлжээний мэдээллээс эш татан уламжилжээ.
HRANA-гийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал улсын 31 аймгийн 27-д нь буюу нийт 88 хотод болсон байна. Тодорхой үеэс эхлэн Ираны хүчний байгууллагууд жагсагчдын эсрэг хүч хэрэглэж эхэлсэн бөгөөд ялангуяа жижиг хот суурин газруудад илүү ширүүн арга хэмжээ авсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.
Эдгээр үйлдэл нь томоохон хотуудад, тэр дундаа Мешхед хот болон нийслэл Тегеранд шинэ давлагааны жагсаал өрнөхөд хүргэсэн байна. Мөн улсын хэмжээнд наад зах нь 17 их сургуулийн оюутнууд эсэргүүцэлд нэгдэж, үүний хариуд хүчний байгууллагууд их, дээд сургуулиудын кампусуудад нэгжлэг явуулж эхэлсэн талаар оюутны хэвлэлүүд мэдээлжээ.
Эдгээр жагсаал нь 2022 оноос хойших хамгийн өргөн хүрээтэй эсэргүүцэл болсон бөгөөд тухайн үед 22 настай Махса Амини “ёс суртахууны цагдаа”-д саатуулагдсаны дараа нас барсан явдал олны дургүйцлийг өдөөсөн байна.
Иран: Жагсагчдад өршөөл үзүүлэхгүй
Амиа алдсан 35 хүний 29 нь жагсагч, дөрөв нь хүүхэд, харин хоёр нь аюулгүй байдлын албан хаагч байсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.
Өмнө нь Ираны төрийн хэвлэлүүд Кухдешт хотод болсон жагсаалын үеэр “Басиж” бүлгийн 21 настай гишүүн амиа алдсан талаар мэдээлсэн байна. Тус бүлэг нь Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын харъяанд байдаг аж.
2025 онд Иранд цаазаар авалт огцом өсчээ
Нэгдүгээр сарын 5-нд Ираны шүүхийн байгууллага жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүст ямар ч өршөөл үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн 2025 он гарснаас хойш Иранд бараг 2000 хүнийг цаазаар авсан нь өмнөх оныхоос хоёр дахин их үзүүлэлт аж.
The Times: Хаменеи Москва руу дүрвэхэд бэлэн байж болзошгүй
Ираны дээд удирдагч, 86 настай Аятолла Али Хаменеи хэрэв арми, хүчний байгууллагууд тушаал биелүүлэхээ больж, жагсагчдын талд орвол Тегераныг орхин явах “Б төлөвлөгөө”-тэй тухай Их Британийн тагнуулын эх сурвалж The Times сонинд мэдээлжээ.
Энэхүү төлөвлөгөө нь Хаменеи болон түүний ойрын хүрээлэл, түүний дотор хүү бөгөөд боломжит залгамжлагч Можтаба Хаменеи-д хамаарах аж. Израилийн тагнуулын албаны хуучин ажилтан Бени Сабтигийн үзэж буйгаар, Хаменеи Москвыг зорих магадлалтай, өөр очих газар түүнд бараг байхгүй гэжээ.
Эдийн засгийн хямрал жагсаалын шалтгаан болов
Эсэргүүцлийн жагсаал 12 дугаар сарын 28-нд Тегераны гол зах дээр эхэлсэн бөгөөд худалдаачид хэт инфляци, үнийн огцом өсөлтийг эсэргүүцэн дэлгүүрүүдээ хаасан байна. 12 дугаар сарын 29-нд Ираны мөнгөн тэмдэгт риал түүхэн доод түвшинд хүрч, нэг риал ойролцоогоор 0.00002 евротой тэнцжээ. Харин Дэлхийн банкны мэдээлснээр, Иранд хүнсний инфляци 64.2 хувь-д хүрсэн нь дэлхийд бараг хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


































































Сэтгэгдэл