Д.Мөнх-Эрдэнэ: СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур сул чөлөөтэй явсныг шалгаж тогтооно
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр (2025.01.08) нийгмийг цочроосон хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед нийгмийг цочроосон маш харамсалтай гэмт хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан цаг үеийн шинжтэй мэдээллийг өгөх шаардлага гарч байна. Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бөгөөд энэхүү арга хэмжээний дараа болсон үйл явдалтай холбоотой эрх зүйн орчны зарим асуудлыг засаж залруулах шаардлагатай байна.
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын тушаалаар өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн хууль тогтоомжид байгаа эмнэлгийн албадлагын арга хэмжээний үр нөлөө нь эрүүгийн хариуцлагын гол зорилгод нийцэж байгаа эсэхийг дүгнэх, хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүллээ. Дахин ийм харамсалтай хэрэг гарч, нийгмийг цочроох ёсгүй. Хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барьж, батлуулах чиглэлээр ажиллана.
Мөн энэ ноцтой гэмт хэргийг ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг шалгаж, гарсан бодит нөхцөл байдлыг тогтооно. Цагдаагийн байгууллага прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Ажлын хэсэг нь эмнэлгийн албадлагын арга хэмжээ өнөөгийн Эрүүгийн хуулийн дагуу зохион байгуулагдсан эсэх, шинжээчийн дүгнэлт үнэн зөв байсан эсэхийг нягталж шалгана. Өөрөөр хэлбэл, СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой өвчтөн гадуур сул чөлөөтэй байсан эсэхийг тогтооно” гэв.
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга П.Очбадрах:
“Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд хэргийн талаарх мэдээллийг өгнө. Цагдаагийн тусгай 102 утсанд 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 22:54 цагт хүний амь нас хохирсон тухай дуудлага ирсэн. Хэрэг нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан бөгөөд 19:55-22:52 цагийн хооронд 30 настай эмэгтэй М, дөрвөн настай А нар хутгалуулж нас барсан байна.
Мөн 3 настай охин А гар, сарвуу, нуруундаа хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан. Охинд анхан шатны тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд гурван удаагийн хагалгаанд орсон ч биеийн байдал нь тааруу байна.
Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн шалгах алба хамтран шуурхай ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд олон нийтэд мөрдөн шалгах ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй юм. Иргэн Б-г цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногийн хугацаатай авчээ” гэв.



































































Сэтгэгдэл
Зайлахуу [202.126.89.9] 2026-01-09 11:18:11
Ингээд зүгээр мэдээлэл ХХ ийгээд суугаад байхуу
Зочин [188.162.254.80] 2026-01-08 22:27:21
хузуугуй хочит хошгоруулагчид хэзээ зангиагаар туслах вэ? олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох вэ? яагаад шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ? С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ??? яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ???
ХАРАМСАЛТАЙ [202.131.248.198] 2026-01-08 19:04:38
ГЭМГҮЙ ЭХ, БЯЦХАН ОХИН БАС ХЭВЛИЙ ДЭХ ХҮҮХЭД НЬ АМИАРАА ХОХИРЧ БАЙЖ АСУУДЛЫГ ИЛ БОЛГОЛОО. СЭМҮТ, ЦАГДАА, ДҮҮРЭГ, ХОРОО, ЯАМ, САЙД НАР НЬ АЖЛАА МЭДДЭГ, СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ БАЙСАН БОЛ ТЭД АМЬ ХОХИРОХГҮЙ БАЙЛАА. ЯМАР АРЧААГҮЙ ТОГТОЛЦОО ВЭ? ЯМАР ОЛОН ДАРГА, НИЙГМИЙН БОЛОН ХАЛАМЖИЙН АЖИЛТНУУДЫГ БИД ЦАЛИНЖУУЛЖ БАЙГАА БИЛЭЭ, ХАРИУ НЬ ИЙМ Л БАЙНА.