Ажлын хэсэг өнөөдөр (2026.01.27) анхны хуралдаанаа хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингийн ахалж ажиллаж буй Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг анхны хуралдаанаараа гурван асуудал хэлэлцлээ.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар танилцуулав.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах зорилгоор Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 14 чиглэлийн салбарт 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан.
Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийт 16 зөвшөөрлөөр буюу боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл тус тус нэмэгдсэн байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлох, зөвшөөрөл шинээр бий болгох, олгох үйл ажиллагаанд холбогдох санал, зөвлөмж гаргуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажилладаг бөгөөд уг зөвлөлөөс зөвшөөрөл олгох зарим эрх бүхий байгууллагууд энэ процессыг алгасаж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөрчлийг гаргаж байгаа хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Түүнчлэн зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлөөс судалж үзэхэд Монгол Улсын хуулиудад бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9 байна гэсэн үр дүн гарсан байдаг юм. Салбарын хуулиуд болон эрх бүхий байгууллагаас захиргааны хэм хэмжээний акт батлах замаар зөвшөөрлийн шинжтэй бүртгэл, гэрчилгээ, эрх олголтыг бий болгож, зөвшөөрөл олгох процесстой адилхан процессыг бүрдүүлж байгаа нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан “Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно” гэж заасантай зөрчилдөж байгааг хууль санаачлагчид тодотгож байсан юм.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд нэн тэргүүнд зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулсанболохыг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгаж, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох боломжтой болгохоор төсөлд тусгажээ. Мөн тусгай болон энгийн 20 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгохоор, тухайн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үйл явцынхүндрэлийг багасгахаар холбогдох зохицуулалтыг тусгасныг С.Тэнгис зөвлөх дэлгэрэнгүй танилцуулав. Зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож, зөвшөөрөл олгох үйл явцыг хүндрүүлж байгааг өөрчилж, зөвшөөрөл олголтын болон зөвшөөрөл авсны дараах зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг ялгамжтай тогтоож, олон төрлийн баримт бичиг шаарддаг байдлыг багасгах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэж, холбогдох зохицуулалтыг төслүүдэд тусгасан байна.
Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд зөвшөөрөл авахад 3-4 жил зарцуулдаг аж. Тухайлбал, барилгын салбарт 16 давхар барилгын ажил эрхлэх нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд гурван тусгай зөвшөөрөл авч, 3-4 жил зарцуулдаг байдлыг халж, нэгтөрлийн зөвшөөрөл авах, ингэхдээ 22 өдөрт олгохоорЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгаад сунгадаг нөхцөлийг хялбаршуулж, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд ажлын хоёр өдөрт шууд сунгах талаархзохицуулалтыг хуульчлахаар тусган, зөвшөөрлийн тогтолцоо, хяналтын тогтолцоог уялдуулан аж ахуйн нэгжид учрах дарамтыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн аж.
Тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож байгааг 10 жилээр, энгийн зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож байгааг 5 жил болгон нэмэгдүүлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангаж, зөвшөөрлийг сунгахтай холбоотой дарамтыг багасгах зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн зөвшөөрөл бий болгох, ангилал өөрчлөх, хасахад баримтлах Эрсдэлийн үнэлгээний журмын аргачлалыг тодорхойлж, мэдэгдэл буюу тухайн үйл ажиллагааг эрхлэхийн тулд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл урьдчилж авах шаардлагагүй хэлбэрийг тусгаж, одоо Зөвшөөрлийн хуульд заагдаагүй боловч зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдэл болгон хялбаршуулсан болохыг танилцуулсан.
Цахим шилжилтийг дэмжих хүрээнд төрд, нийтийн мэдээллийн дэд бүтцээс олж авах боломжтой мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй байхзохицуулалтыг хуульчлахаар төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна.
Энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрхийг салбарын мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан гүйцэтгүүлж, төрийн чиг үүргийг шилжүүлэх боломжийг мөн тусгажээ.
Зөвшөөрлийн талаар талаар шийдвэр гаргах тогтолцоо буюу Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, хуулийн төсөлд тусгасан болохыг ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанд дэлгэрэнгүй танилцууллаа.
Дараа нь Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан зөвшөөрлийн цахимжуулалт, мэдээллийн сангийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаарх мэдээллийг агуулсан Зөвшөөрлийн цахим систем license.mn-д 2026 оны 01 дүгээр сарын 26- ны өдрийн байдлаар 285954 иргэний, 35676 хуулийн этгээдийн зөвшөөрөл бүртгэлтэй байгаа аж. Хуульд заасан тусгай 250 зөвшөөрөл санд бүртгэлтэй байгаагийн 231-ийг цахимаар шийдвэрлэж байгаа бол хуульд заасан энгийн 121 зөвшөөрөл бүгд санд бүртгэлтэй, харин 43-ыг цахимаар шийдвэрлэж байгаа аж. Тодруулбал, хуульд заасан нийт 371 зөвшөөрөл санд бүртгэлтэй байгаа ч 274-ийг нь цахимаар шийдвэрлэж байгаа хэмээн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан. Хуульд эх хувиар материал бүрдүүлэх зохицуулалттай; веб сервисээр зөвшөөрлийн мэдээллийг дамжуулахад нэмэлт хөгжүүлэлт шаардлагатай; тухайн зөвшөөрөл цөөн тоогоор эсхүл огт олгогдоогүй; хэт олон хуудас материал бүрдүүлэлт хийж хавсаргах шаардлагатай зэрэг шалтгааны улмаас 97 зөвшөөрөл цахим хэлбэрт шилжээгүй байгаа талаар Л.Балчинлувсан дарга танилцуулсан юм. Үргэлжлүүлэн тэрбээр цахим системийн өнөөгийн нөхцөл, хөгжүүлэлтийн талаар, тулгамдаад буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар саналаа нэгбүрчлэн танилцуулсан юм.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшингийн танилцуулснаар тус ажлын хэсгийн төлөвлөгөө, хуралдааны хуваарь, цаглаварыг хэлэлцэн баталлаа.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан юм. Ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Р.Батболд, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.
АЖЛЫН АЛБА






























































Сэтгэгдэл