У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцлоо.

Төрийн тэргүүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, улмаар экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөн өрнүүлж байгаа.

Тухайлбал, “Цагаан алт” хөтөлбөр нь малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, мал сүргийн ашиг шимийг бүрэн ашиглах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготойг онцоллоо.

Өсвөр тэмээ, ингэний ноос нь ямааны ноолууртай дүйцэхүйц чанартай хэмээн үнэлэгдэж, дэлхийн зах зээлд тэмээний ноосон бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож байгааг дурдав.

Ерөнхийлөгч Мандалговь хотноо болсон Тэмээчдийн улсын V зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

20 жилийн тэртээ манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж 501 мянгад хүрсэн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг хэллээ.

“Монгол тэмээ” хэмээн олон улсад нэрлэдэг хос бөхт тэмээгээ эрт дээр үеэс дээдлэн, үлгэр, домог, дуу, шүлэгтээ алдаршуулан мөнхжүүлсэн нь монголчуудын ондоошил, бахархалт өв гэдгийг тэмдэглэлээ.

Цаашид тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэгт тэмээчдийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагаа чухал байгааг хэллээ.

Тэмээчдийн зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ”, “Соёлын өвийг хамгаалах бодлого ба тэмээний соёл”, “Дэлхийд ховордсон монгол тэмээ, түүний үнэлэмжийг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцлээ.

Улсын хэмжээнд 19 тэмээчин Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

Дэлхийд хоёр сая гаруй хос бөхт тэмээ байдгийн 500 мянга буюу дөрөвний нэг нь манай улсад байдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил тодорхой хуваарийн дагуу аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [67.171.161.56] 2026-01-24 22:55:25

эд нар одоо улсын малыг өсгөө юу хувийн хөрөнгөө л арвижуулж


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.