Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр эрх чөлөөг институци болгох цаг болсон

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө танд Гал морин жилийн мэнд дэвшүүлье. Ойрд ямар ажил дээр төвлөрч байна, эсвэл суурин байна уу?

-Та бүхэнд ч гэсэн сар шинийн мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд би идэвхтэй улс төрийн албан тушаал хашихгүй байгаа ч дотоод, гадаад асуудлыг нэг ч өдөр алгасалгүй ажиглаж сууна. Миний үндсэн ажил бол ердөө л унших, бичих хоёр юм. У.Черчилль нэгэнтээ "Удирдагч хүн унших цаг гаргаж чадахгүй бол бодох цагаа ч олохгүй" гэж хэлсэн байдаг. Тиймээс л би өөрийн Amarjargal.org сайтаар дамжуулж Монголын эдийн засаг, институцийн чанар, төрийн бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлж, судалгаа шинжилгээний ажлаа хуваалцаж сууна. Мөн энэ тэнд лекц унших, СЭЗИС-ийн ажил гэж байгаа.

-Та бүхний тэмцэж хийсэн Ардчилсан хувьсгалын зорилго, чиг зүг өдгөө хэрхэн өөрчлөгдсөн гэж бодож байна. Монголын ардчилал өнөөдөр яг ямар түвшинд байна вэ?

-1990 оны хувьсгал бол орчин цагийн Монголын түүхэнд системийн шинжтэй, “тевтоник” эргэлт, шилжилт байсан. Улс орны бүх салбар, салаа мөчирт асар их, маш тодорхой ахиц гарсан . Жишээ нь, 1990 онд Монголын ДНБ 2-3 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 20 тэрбум орчим болсон. ДНБ, үйлдвэрлэл, экспорт, төсөв гэх мэт тоон үзүүлэлтээс гадна улс орны ахиц дэвшлийг илэрхийлдэг чанарын олон үзүүлэлтүүд сайжирсан. Дундаж наслалт 63 жилээс 70 гаруй жил болсон. Нөгөө талаас, бидэнтэй нэгэн зэрэг коммунизмаас салсан Польш, Унгар, Чех зэрэг хуучин социалист орнуудтай, эсвэл ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан заримтай харьцуулбал чамлах зүйлс бас байна. Яагаад зарим улс орон богино хугацаанд хөгжөөд, зарим нь боломж байсан ч хоцордог вэ гэсэн асуултын хариуг Монголын өнөөгийн нөхцөлтэй харьцуулж судалж эрэлхийлэхээр хариулт үргэлж нэг цэг дээр ирэх юм. Дотоод гадаад олон хүчин зүйлс үйлчилсэн нь мэдээж, гэхдээ тэд институцийг төлөвшүүлэхэд улс төрийн зориг гаргаж илүү анхаарсан.Ний нуугүй хэлэхэд, манай Ардчилсан нам улс төрийн болон эдийн засгийн “хос реформ, нэгэн зэрэг” хийх гэж яваад, хууль дээдэлсэн төрийн чадварлаг институци бүрдүүлэхийг орхигдуулсан даа гэсэн дүгнэлттэй сууж байна.

Гэхдээ түүнийг эрх зүй, институционал талаас нь хамжихгүй бол урагшлах хөдөлгөөн удааширч, заримдаа эргэн буцаж, авлига хахуульдаа бүрэн идэгдсэн, тэр нь бараг үнэт зүйлс, “new normal” болсон нийгэм бүрэлддэг гэдгийг одоо үзэж байна. Товчхондоо, ардчилал гэдэг бол зөвхөн сонгууль биш. Ардчилал бол институцийн чанар юм. 1990 онд бид эрх чөлөөний хаалгыг нээсэн. Манайд улс төр ихэвчлэн институциэсээ илүү субьектив нөлөөнд төвлөрөх хандлагатай байсаар ирсэн. Өнөөдрийн үеийнхэн энэ алдааг залруулан, эрх чөлөөг бат бөх институцид суулган, гүйцэт хөрслүүлэх ёстой. 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр эрх чөлөөг институци болгох цаг болсон.

-Ардчилсан намын шинэчлэлийн асуудлаар яриагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Та энэ намын туршлагатай лидерийн хувьд уг шинэчлэлийг хэрхэн харж байна?

Нам бол институци. Амьд организмын хувьд тасралтгүй, хурдтай өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, цаг үедээ нийцүүлэн дүрэм, хөтөлбөрөө байнга шинэчлэн баталж байх нь зөв алхам. Гэхдээ бичиг баримт батлагдлаа гээд шинэчлэл автоматаар хэрэгжинэ гэсэн үг биш. Латин Америкийн олон улс Европынхоос дутахааргүй сайн Үндсэн хуультай байсан ч институцийн соёлгүйгээс болж хэрэгжээгүй гашуун түүх бий. Монголын улс төрийн намуудын нийтлэг сул тал бол улс төрийг институцийн логикоор биш, хувь хүний субьектив логикт захируулдаг хандлага юм. “Хоёулаа явбал нэг нь дарга, ганцаараа бол малгай нь дарга” гэдэг үг чинь л институцийн тухай хэлээд байгаа юм. Намууд бодлого боловсруулдаг институци байх ёстой атал сонгуулийн "машин" болоод удаж байна. Нам сонгуульд зориулсан машин биш, бодлого боловсруулдаг институци байх ёстой.

-Таны хувьд Ардчилсан намд албан ёсны оролцоотой албан үүрэг гүйцэтгэж байгаа юу?

-Улс төрийн намын тухай хуулийн дагуу, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар намын дэргэд бодлогын судалгааны тинк-танк байгуулсан. Түүний Удирдах зөвлөлд намайг урьсан, одоо тэнд харьялагдаж байгаа. Энэ тинк-танк жинтэй дуугарна гэж бодож байна.

-Монгол Улсын хувьд парламентын засаглалтай учир төрийн бодлогыг улс төрийн нам авч явдаг. Тэгэхээр намын төлөвшил, мэргэжлийн байдалд нь анхаарах шаардлагатай байх, тийм үү?

-Улс төрийн намаас гадна бусад институци, мөн орчин цагийн шаардлага хангах ёстой юм. Тухайлбал, намуудыг бүртгэж буй Дээд шүүх, Сонгуулийн хороо, Цэц, хэвлэл мэдээлэл зэрэг мөн л эрүүлжих ёстой. Улс төрийн намын реформ нь цогцоор өрнөх ёстой л гэсэн санаа. Улс төрийн намуудыг бүртгэхгүй байх, ёс бодож буцаах зэрэг нь улс төрийн далд ажиллагааны хэрэгсэл болох аюултайг эрхбиш тал талдаа ойлгож байгаа байлгүй дээ.

-Дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хүндхэн, хурцадмал байна. Ер нь энэ хаврын гэлтгүй энэ жил, ирэх жилүүдэд үүсэх хүндрэл таны харж байгаагаар ямар байна вэ?

- Энэ удаа базаад хэлбэл, харилцан хамааралгүй юм энэ хорвоод үгүй. Бидэнд нөлөөлөх, мэдрэгдэх зүйлс нь ирж л таарна. Тэр нь ямар хэлбэрээр, хэзээ гэдгийг таамаглах хэцүү боловч хэд хэдэн хувилбар бэлтгэх учиртай юм. Одоо бусдад найдах юм байхгүй болсон. Гал гарсан хойно нь унтараах биш, гал гаргахгүй байхаар төрийн бодлогоо залж явуулах ёстой. Дотоод зөрчил, үймээн самуунаас хол байх үндсэн арга зам нь орлогын ялгарлыг өөгшүүлэхгүй байх, өмчийн эрхийг бүх талаар баталгаажуулах, улмаар эдийн засгийн өсөлт хөгжлийг хангах явдал юм.

-Уул уурхай гэсэн ганцхан салбар дээр Монголын эдийн засаг тогтож байна. Эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэдэг ч бодитой үр дүн харагдахгүй л байна?

-Бид "Голланд өвчин" гэж онолоор сонсдог байсан бол одоо л биеэрээ үзэж байна. Нэг салбарын огцом өсөлт бусад салбараа дарж, эдийн засгийн бүтэц гажсан тухай асуудал юм. Норвеги, Канад, Сингапур зэрэг улсууд үүнээс сэргийлж чадсан. Би УИХ-ын гишүүн байхдаа Баялгийн сангийн хуулийг батлуулж байсан ч одоо тэр хуулийг нь ашиг сонирхлын бүлгүүд тал талаас нь тасдаад, сан дахь хэдэн төгрөгийг нь сонгуулийн мөчлөгт зориулаад дуусгаж байна. Яагаад зориулалтын бусаар үрээд байна вэ гэхээр түүнийг хязгаарлах институци ажиллахгүй байгаатай л холбоотой. Парламентын бус, зөвхөн "сонгуулийн" ардчилал ямар ч эдийн засгийг сүйрүүлэх аюултайг ухаарах цаг болсон.

-Та Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, мөн туршлагатай мэргэжлийн эдийн засагч хүн. Энэ утгаараа танаас эдийн засгийг яаж өсгөх вэ, яавал хөгжих вэ гэдэг асуултыг асуумаар байна. Мөн хөдөө аж ахуйн салбараа бид яаж эдийн засгийн бодит өсөлт, өрсөлдөөн рүү оруулах ёстой бол?

-Эдийн засгийг тоон талаас нь өсгөх тун амархан, шийдлийг нь хөрөнгө оруулалт, бүтээмж гэх мэтчилэн СЭЗИС-ийн оюутнууд ч хэлнэ. Эдийн засгийн ухаанд хөшүүрэг сэдэл (мотиваци, incentive) гэсэн ойлголт бий. Төрийн түшмэл авлига хахууль авахгүй, төрийн төлөө шудрага зүтгэх эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Бизнест өсөж өндийж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бус нутгийн зах зээлд хүчээ сорих эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Харамсалтай нь манайд шинэ шинэлэг, инновацилаг бүхнийг далавч нь ургаж бэхжихээс өмнө цавчаад байна. Үүнийг улстөрчид л хийж байна. Тэдний хувьд эрх мэдлээ хадгалах, төсөвт ойрхон байх нь эдийн засгийн хөшүүрэг нь юм. Хөдөө аж ахуйн салбар, жишээ нь, мал аж ахуй туйлын боломжтой гэж үздэг. Гэтэл 70 гаруй сая толгой малаас олох орлого маш бага. Учир нь энэ салбар, зах зээлийн харилцаанд бүрэн шилжиж чадаагүй өдий хүрлээ. Бид ноолуураа брэнд болгож чадаагүй, тиймээс түүхий эдийнхээ үнийг авдаг ч брэндийнхээ үнийг авдаггүй. Дэд бүтэц логистикийг хангах, экспортын стандартыг мөрдүүлэх, нэмүү өртөг шингээх гээд л яах ёстойг бараг бүгд л мэддэг, ярьдаг атлаа урагшилсан зүйл харагдахгүй байна. Эдийн засгийн ашиг сонирхол, түүнийг төрүүлэх эдийн засгийн арга механизм гэж байгаа шүү дээ. Жаахан тогтуун баймаар байна.

-Монгол Улсын эдийн засгийг өсгөхийн тулд мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэдэг. Монголд мега төслүүд яагаад улстөржилтөд ордог вэ?

-Институци сул байвал том мөнгө улс төрийн зэвсэг болдог. Асуудлыг шийдэх арга зам байна уу гэж та асууж байна. Тодорхой жишээ татъя. Чили 1980-аад онд Эскондида зэсийн уурхайг хөгжүүлэхдээ олон улсын тендер зарлаж, гэрээний нөхцөлийг нийтэд ил тод болгож, хөрөнгийн орлогыг хуулиар тогтоосон санд хуримтлуулсан. Улстөрчид тэр гэрээнд хүрч чадахгүй байхаар хийсэн.

-Монголд яагаад тэгж болохгүй байна вэ?

-Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдийн гэрээний нөхцөлийг энгийн иргэн бид ойлгож, зөв дүгнэлт хийх нь юу л бол. Харин эл байдлыг сувдаг этгээдүүд ашиглан олны тархийг угаах үйлдэл хийж байна. Ялангуяа, нууцлалд авсан гэрээ бол авлигын хамгийн сайн орчин. Ил тод байлгах зэрэг нь тодорхой ашиг сонирхлын бүлэглэлд халтай бөгөөд тэдний эдийн засгийн болон эрх мэдлээ хадгалах хүсэлд огт нийцэхгүй байгаа учраас л тэд үүнийг эсэргүүцэж байгаа юм. Яаж яваад тийм муухай хүмүүс шийдвэр гаргагчид болоод байна аа гэж. Би нэг жишээ татъя. Коузын теорем. Удирдах албан тушаалд мэргэжлийн ур чадвар, туршлага зэрэг нь яг ижил хоёр хүн байна. Нэг нь зарчимч, нөгөө нь зальт этгээд. Хэн нь дарга болох вэ?

-Зальт этгээд нь юм болов уу?

-Зөв. Яагаад гэвэл зарчимч нэг нь ёс бус үйлдэл хийхгүй, харин зальт этгээд нь албан тушаалд очихын тулд өрсөлдөгчөө гүтгэх, харлуулах, авлигадах гээд бүхий л аргыг хэрэглэнэ. Эндээс чамаас дахиад нэг зүйлийг асууя. Манай дээш гарсан дарга нар дандаа ямар хүмүүс вэ? (инээв).

-Монгол Улсын төсвийн асуудлаар асуумаар байна. Ер нь Монгол Улс төсвийн бодлогодоо өөрчлөлт, реформ хийх цаг болсон гэж та үздэг үү, төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай юу?

-Төсөв нь зөвхөн хэдэн тоо биш. Төсвийн философио гүнзгий ойлгох шаардлагатай. Энэ бол эдийн засгийн хөгжлийн, стратегийн хэрэгсэл юм. Энэ бүгдийг ойлгоогүй хүмүүс төсвийн реформ хийнэ гэдэг юу л бол. Төсөв гэдэг макро эдийн засгийн хүчирхэг хэрэгслийнхээ мөн чанар, агуулгыг бүрэн мэдэх тийм Ерөнхий сайд болон Сангийн сайдтай хэзээ нэг болох байлгүй дээ.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн гэдэг төр, засгийн удирдагчаар ажиллаж байсан гэсэн үг. Ер нь таны бодлоор удирдагч хүн ямар байх ёстой юм бэ. Танаас хойш 12 хүн Ерөнхий сайдаар ажилласан байна шүү дээ...?

- Миний Ерөнхий сайдын алба хашиж байсан үеийн нөхцөл байдал өнөөгийнхөөс тэс өөр байсан. Тэр үед эдийн засгийн хямралыг зогсоож, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах асуудал нь орших, эс оршихын асуудал байсан юм. Түүнийг шийдсэн. Цахилгаан станцын жил бүрийн урсгал зардалд 10 сая ам.доллар хаанаас олох вэ гэдэг толгойны өвчин байсан. Тэр үеийн Монголын эдийн засгийг тоож харах гадаадын хөрөнгө оруулагч байгаагүй юм шүү дээ. Арилжааны банкууд нь дампуурчихсан, инфляци нь гурван оронтой тоотой, эдийн засаг дахь “цусны эргэлт” буюу мөнгөний эргэлт нь зогссон, стратегийн болон валютын нөөц үгүй, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй гээд л тоочвол зөндөө юм бий. Тэр бүгдийг шийдэж, зах зээлийн эдийн засгийг удирдахад шаардлагатай бүх хэрэгслийг нь бүрдүүлэн үлдээсэн. Удирдагч хүн гэж хэн бэ гэсэн таны асуултад хариулъя. Алсын хараа, уужуу ухаан, тогтуун зан чанар, чигч шудрага, зарчимч чанар л орчин цагийн удирдагчийг тодорхойлох болов уу. Хамгийн гол нь их хүнлэг, бусдын зовлонг мэдрэх чадвартай байх ёстой. Монголд бусдыг хошгируулан дагуулагч биш, институцийг бэхжүүлдэг удирдагч л хэрэгтэй. Эцсийн эцэст "Монгол бол миний намаас, миний хүсэл сонирхлоос том" гэж ойлгох ёстой.

-Ирэх жил бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай жил. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд таны нэр яригдаж байна. Энэ талаар тодруулбал?

-Дэвшихгүй ч гэсэн дэвшинэ гэж бусдыг дарамтлах ёстой гэдэг биз дээ. (Инээв) Бас ч гэж мартагдаагүй, эрэлттэй байгаагаа хараад дотроо элдэв зүйл бодож л суудаг юм. Миний зарчим энгийн. Аливаа албан тушаалыг хувь хүний хүсэл сонирхлоор биш, хариуцлагын мэдрэмж, улс орны хэрэгцээний хүрээнд авч үзэх ёстой.

-Та өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-1990 онд бид эрх чөлөөг авчирсан. Зах зээлийн харилцаанд шилжсэн. Энэ бол бидний үеийнхний ололт. Гэхдээ тэр эрх чөлөөг хууль дээдлэх ёс, бат бөх институци, тогтвортой бодлоготой хослуулж сурахгүй бол хамаг ололт маань талаар болж, утга учраа алдах бодит аюул байна. Монгол Улсын хамгийн сайхан гэрэл гэгээ өнгөрсөнд биш, ирээдүйд байна. Үүнд би итгэдэг. Гэхдээ тэр ирээдүй өөрөө ирдэггүй. Бид өөрсдөө барьж байгуулах ёстой.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Өчнөөн жил тэгээд институтжээгүй юм уу? Хөөрхийс. [202.126.90.51] 2026-03-10 12:04:35

Ардчилсан хүчин үүсээд бараг 40 жил болж байна. Энэ хооронд Ардчилсан нам засгийг лав 10 жил барьсан. МАН засагт байхад ардчиллыг үгүйсгэж байгаагүй, "ардчиллыг бэхжүүлнээ" л гээд байсан. Тэгэхлээр 40 жил институтждэггүй ямар хэцүү зүйл вэ, энэ ардчилал чинь.

Зочин [188.162.249.134] 2026-03-10 11:42:57

хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????

mr [203.98.76.176] 2026-03-10 11:10:37

ES Amarjargal sain ajillaj baisan. Suuliin uguulber tovch buguud todorhoi hellee. uuniig bid hiih yostoi um.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.