Нипах вирус гэж юу вэ

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Нипах вирусийн халдвараар хүн нас барсан гэх мэдээлэл тархаад байгаа нь иргэдийн анхаарлыг татаж байна.

Энэхүү мэдээллийн үнэн бодит байдлыг тодруулах үүднээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон албан эх сурвалжуудад тулгуурлан дараах мэдээллийг хүргэж байна.

Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-аас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм. Уг вирус нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс, ялангуяа түүхий дал модны шүүс, жимс жимсгэнэ хэрэглэх замаар хүнд халдварлах боломжтой. Мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад ойрын хавьтлаар хүнээс хүнд дамжих эрсдэлтэй гэж үздэг.

Эмнэлзүйн хувьд Нипах вирусийн халдвар нь шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл буюу энцефалит үүсгэж, улмаар амь насанд аюул учруулах хүртэл хүндэрч болдог.

Судалгаагаар нас баралтын түвшин 40-75 хувьтай байдаг нь уг вирусийг онцгой анхаарал шаардсан халдварт өвчний тоонд оруулдаг. Одоогийн байдлаар Нипах вирусийн халдварын эсрэг батлагдсан вакцин болон вирусийн эсрэг тусгай эмчилгээ хараахан байхгүй бөгөөд эмчилгээг голчлон дэмжих тусламжийн хэлбэрээр хийж байна.

Нипах вирусийн халдвар нь анх 1998 онд бүртгэгдсэнээс хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улс орнуудад үе үе дэгдэлт хэлбэрээр илэрч ирсэн. ДЭМБ-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, мөн 2018 оноос хойш Керала мужид халдварын тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд Энэтхэг улс нь Нипах вирусийн халдварын нутагшмал голомттой орон гэж тооцогддог.

Хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Энэтхэг Улсын Керала мужид Нипах вирусийн халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдэж, үүнээс хоёр хүн нас барсан талаар мэдээлэгдсэн. Мөн Бангладеш Улсад Нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэг нутагшмал халдвар бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн байна.

Эдгээр тохиолдлууд нь хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан нь тогтоогдсон. Бангладеш Улсад 2001 оноос хойш нийт 347 батлагдсан Нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.

Олон улсад тархах эрсдэлийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн үнэлгээгээр Нипах вирусийн халдварын дэлхий дахинд тархах эрсдэл бага, харин халдвар бүртгэгдсэн улс орнуудын хувьд дунд зэргийн эрсдэлтэй гэж дүгнэжээ. Одоогийн байдлаар Нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин өргөн хүрээнд тархсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна.

2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр илэрч, холбогдох байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлснээр эрсдэлийг бууруулсан байна.

Үйл явдалд суурилсан тандалтын мэдээллээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид Нипах вирусийн халдварын таван тохиолдол бүртгэгдэж, ойролцоогоор 100 орчим хүнийг тусгаарлан ажиглалтад авсан гэх мэдээлэл гарсан.

Түүнчлэн Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан гурван эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байж болзошгүй талаар мэдээлсэн боловч уг мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Иймд Нипах вирусийн талаарх аливаа мэдээллийг зөвхөн албан эх сурвалжаас авч, баталгаагүй мэдээллийг түгээхгүй байх нь зүйтэй бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын өгч буй зөвлөмж, анхааруулгыг дагаж мөрдөх нь халдварын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)


Сэтгэгдэл

Холуур явсан гайг ойртуулж бүү дуудаарай. [202.9.46.167] 2026-01-30 11:24:05

ЭХ Дэлхийн даацаас хэтэрсэн их тоонгоор үржиж олширон, хэнээс ч, юуунаас ч илүүгээр эх байгалиа ховдоглон сүйрүүлж байгаа ХҮН гэх амьтнаас салах гэж ЭХ БАЙГАЛЬ маань элдэв өвчин тахал тарааж, бөөн бүлгээр нь устгавч дийлдэхгүй л байх шиг ...

Зочин [172.99.189.79] 2026-01-30 14:04:49

Пээш, бас тэгээд байгаа юм уу? Одоо тэгээд яана вэ? Хэцүү юмаа, тээ?

Зочин [59.153.112.94] 2026-01-30 11:16:37

Монголын эмч нар аа, та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон. Тиймээс та нар өвчтөнүүдийгээ алаад нэмэргүй юм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.