Австралид агаарын температур 50 хэмд дөхөж, аагим халуун үргэлжилж байна
Австралийн зүүн өмнөд бүс нутгийг хамарсан хүчтэй халуун давлагаа сүүлийн 16 жилд тохиогоогүй ноцтой хэмжээнд хүрч, зарим хот, сууринд агаарын температур 50 хэмд дөхөж, байгаль орчин, хүний амьдрал, дэд бүтэц, нийгмийн аюулгүй байдалд бодит аюул учруулсаар байна.
Викториа мужид түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдэж, Хопетун, Уолпюп хотуудад агаарын температур 48.9 хэм, Мельбурн хотод 45 хэмд хүрсэн бол Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали мужуудад ч мөн адил олон хот 50 хэмд ойртсон халалтад өртөж, 2022 онд тогтоогдсон Австралийн бүх цаг үеийн дээд амжилтад тун дөхжээ.
Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, хэт халалт нь байгалийн бусад бүх гамшгаас илүү олон хүний амь насыг авч оддог “чимээгүй алуурчин” бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал нь халуун давлагааг улам хүчтэй, урт хугацаанд үргэлжилдэг болгож байгаа аж.

Чийгшил нэмэгдэх үед хүний биеийн дасан зохицох чадвар хязгаарт хүрч, дулааны цочрол, ухаан алдалт, таталт, амь насанд аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэл эрс нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байна.
Хэт халалт нь ой, хээрийн түймрийг эрчимжүүлж, Викториа мужид олон хот, тосгодод нүүлгэн шилжүүлэлт зарлагдаж, сайн дурын гал сөнөөгчид айл өрхүүдийг хамгаалах ажиллагаа явуулж, дор хаяж таван томоохон түймэр идэвхтэй шатаж, 100,000 гаруй айл өрх цахилгаангүй болж, халуунд хөргөлтийн системгүйгээр амьдрах хүнд нөхцөлд оржээ.

Зарим сууринд ундны усны эх үүсвэр хүртэл шатаж, цэвэр усны ноцтой хомсдол үүссэн нь байгалийн гамшиг нийгмийн дэд бүтцийг хэрхэн эмзэг байдалд оруулдгийг бодитоор харуулж байна.
Желлибранд тосгонд иргэд мал сүргээ галаас хамгаалж нүүлгэн шилжүүлэх, гэр орноо хамгаалах оролдлого хийж, шатсан ойгоос ухаан алдан гарч ирсэн коалаг аварч, тэжээн, аюулгүй бүсэд буцаан байршуулсан ч фермийн асар их газар нутаг шатаж, олон тооны мал хорогдсон бодит эмгэнэлт дүр зураг ажиглагдаж байгаа аж.
Үүний зэрэгцээ хот суурин газруудад иргэд бие биедээ тусалж, зочид буудал, пабууд хаалгаа нээж, халуунд ядарсан хүмүүст хоргодох орон зай санал болгож байгаа нь нийгмийн эв нэгдэл, харилцан дэмжлэг ямар ч гамшгийн үед хамгийн хүчтэй хамгаалалт болдгийг харуулж буй юм байна.
Дэлхийн цаг уурын судлаачдын дүгнэлтээр, энэхүү халуун давлагаа нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж үүсэх магадлал 5 дахин нэмэгдсэн бөгөөд байгалийн жамаасаа 1.6 хэмээр илүү халуун болсон нь тогтоогдсон нь энэ үзэгдэл санамсаргүй тохиолдол бус, системийн хямралын илрэл болохыг нотолж байна.

2016-2019 оны хооронд зөвхөн халуун давлагааны улмаас 1000 гаруй австрали хүн амь насаа алдсан нь хэт халалтын аюул бодит бөгөөд статистик тоо бус, хүний амьдралаар хэмжигддэг эмгэнэлт үнэн болохыг илэрхийлж буй юм.

Энэхүү халуун давлагаа нь зөвхөн нэг бүс нутгийн байгалийн үзэгдэл бус, харин дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн бодит дохио бөгөөд хүний эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн тогтвортой байдалд урт хугацааны ноцтой эрсдэл учруулж буйг харуулсан бодит сануулга болж байна.


Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл