БИДНИЙ ТУХАЙ: Монголын парламентын дарга стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр ОХУ-д айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володины урилгаар хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ тухай УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Тус албанаас “Ням-Осорын Учралын энэхүү албан ёсны айлчлалын зорилго нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Мөн улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, айлчлалын үеэр Төрийн Думын дарга Вячеслав Володин, Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко нартай хийх хоёр талын уулзалтаар Орос-Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Мөн ОХУ-ын Холбооны хурлын болон Монголын парламентын хамтын ажиллагааны комиссын хоёрдугаар хуралдаанаар хоёр улсын олон салбар дахь хамтын ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд дэмжих асуудлыг хэлэлцэх юм байна.
Үүнээс гадна УИХ-ын дарга Евразийн эдийн засгийн комиссын Коллегийн дарга Бакытжан Сагинтаевтай уулзаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗ)-ны хооронд байгуулсан түр хугацааны худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцоно. Мөн уг гэрээтэй холбоотой бизнесийн хэлэлцүүлгүүдэд оролцохоор төлөвлөжээ.
Оросоос цагаачилсан гэр бүлийн удам
Энэ нь Ням-Осорын Учрал 2025 оны арваннэгдүгээр сард Монголын парламентын түүхэн дэх 14 дэх даргаар сонгогдсоноос хойших анхны албан ёсны гадаад айлчлал болж байна.
Тэрбээр энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө 2016 оноос эрх барьж буй Монгол Ардын Намын их хурлын шийдвэрээр намын даргаар сонгогдсон юм.
Ням-Осорын Учрал 23 насандаа тус намд элссэн. Өдгөө 38 настайдаа 1990 оноос хойших МАН-ын түүхэн дэх хамгийн залуу намын дарга болжээ. Тэрбээр 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросоос нүүн ирж, ОХУ-тай хил залгаа Хэнтий аймагт суурьшсан буриад цагаачдын гэр бүлээс гаралтай.
Улс төрч 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол судлал, буддологи, төвд судлалын хүрээлэнд “Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэл: 1924–1945 он” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ































































Сэтгэгдэл