Монгол Улсын дэд Ерөнхийлөгч асан Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй
Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.
-УИХ-аас өөрийнх нь хүсэлтээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх хуулийг баталсан. Гэвч Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар зохицуулах” гэж заасны дагуу гарах ёстой хууль байхгүй гэж зарим хүн хэлж байгаа. Тэгэхээр ийм хуульгүйгээр үүрэг гүйцэтгэвэл үйл ажиллагаа нь хууль бус болно биз дээ. Гэтэл УИХ-ын зохих албан тушаалтнууд “1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх гэсэн 11 дүгээр зүйлээр зохицуулагдсан” гэсэн тайлбарыг өгсөн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Таны асуусан Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хэрхэн орсныг түүхэн явцыг нь хэлэх хэрэгтэй байх. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал хэлэлцэгдэх үед депутат Ч.Хурц “Хэн ч орлолоо гэсэн эдэлж болохгүй эрх байх ёстой.
Тухайлбал, хориг тавих, цэрэг хөдөлгөх, парламентыг тараах зэрэг”, депутат Г.Очирбат “...орлож байгаа хүн нь ямар эрх эдлэх, ямар онцгой эрхийг хамтын байгууллага эдлэх юм бэ гэдгийг тодорхой заах хэрэгтэй. Энэ хугацаанд цэрэг дайчлах, онцгой байдал зарлах, Засгийн газрыг огцруулах, парламентыг тараах ийм эрхүүдийг ард түмнээс сонгогдоогүй зөвхөн парламентын дарга байгаа хүнд олгож болохгүй” зэрэг саналууд гарсан. Энэ үндсэн дээр депутат, Улсын бага хурлын гишүүн Д.Дэмбэрэл “УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх асуудлыг хуулиар зохицуулна” гэсэн санал гаргаж, улмаар 68 хувиар дэмжигдэж дээрх заалт Үндсэн хуульд орсон байдаг юм. Сануулахад, 1991 оны наймдугаар сарын 19-нд Зөвлөлт холбоот улс (одоогийн ОХУ)-ын ерөнхийлөгч М.С.Горбачевын биеийн байдлыг далимдуулан түүний дэд ерөнхийлөгч Г.И.Янаев хууль бусаар Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэсэн “Хунтын” үйл явдал гарч цөөн хоног тогтоод дарагдсан явдал Үндсэн хууль баталсан депутатуудад ихээхэн сургамж болсон нь хэлэлцүүлгээс харагддаг.
Нөгөө талаас, Үндсэн хуультай адил хуулиар “Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Үндсэн хуульд заасан харилцааг зохицуулсан хуулиудыг 1993 онд багтаан батлан гаргана” гэж заасан байдаг. Тийм болохоор УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх журмын тухай хууль тогтоогдсон байж л УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх ажиллагаа явагдана. Эс бөгөөс Үндсэн хуулийн бус болно. Иймд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл энэ хуулийг орлохгүй төдийгүй түр эзгүйд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр журамласан төдий л юм. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг, тухайлбал, Ерөнхийлөгч өөрийн саналаар чөлөөлөгдсөн үед УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн нь Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалт биш. Энэ 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт (Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн) заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар тухай бүрд нь хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан нь 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-аас баталсан Ерөнхийлөгчийг чөлөөлөх, УИХ-ын дарга түүний бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх тухай хуулийг баталсан харилцааг хэлж байгаа юм. Нийтлэг шийдвэр бус, тохиолдол гарсан тухай бүрд хууль гаргана гэсэн үг юм.
-Тэгэхээр манайд өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй болохоор л амар амгалан яваад байж дээ?
-Дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн хавсралтын хуулиар Үндсэн хуульд заасан тэр хуулийг үе үеийн УИХ гаргахгүй явсаар иржээ. Үүнд, УИХ-ын дарга, гишүүн байсан би ч бас буруутай. Сонирхуулахад, ийм тохиолдолд ганц л удаа 1991 онд гарсан юм. Тэр оны нэгдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д албан ёсны айлчлал хийж байсан. Монгол Улс, АНУ-ын хоорондын шинэ харилцааны тухай чухал хэлэлцээрт нь Монгол Улс Олон улсын валютын сан, Шинэчлэл хөгжлийн олон улсын банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын хөгжлийн ассоциацид гишүүнээр элсэх тухай хууль Улсын бага хурлаас батлан гаргах нэн даруй шаардлагатай байсан. Тиймээс хуулийг баталж, орлогч дарга намайг орлон гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн түр эзгүйд түүний даалгаснаар дэд Ерөнхийлөгч би хуулийг ёсчлон гарын үсэг зурж, эзгүйд нь Ерөнхийлөгчийн үүргийг нь хэрэгжүүлж байлаа. Саяны Ерөнхийлөгч чөлөөлөгдөх, УИХ-ын дарга түүний үүргийг гүйцэтгэх ажиллагаа, хэт яаруу, "яарвал даарна" гэдэг шиг л юм боллоо.
-Хэт яаруу юм боллоо гэдэг нь эрх зүйн орчин нь дутуу боллоо гэсэн үг юм уу?
-Тийм ээ, яг л тийм юм боллоо. Сая УИХ хоёр шийдвэр гаргах байсан гэж бодож байна. Хэлбэршилтийн хувьд эхнийх нь "Ерөнхийлөгчийг өөрийн хүсэлтээр нь чөлөөлсөн, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийг батлахдаа уг хууль нь УИХ-аас, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлэх журмын тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө” гэж хэрэгжих хугацааг нь заах хэрэгтэй байсан. Хоёр дахь нь, “УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмын тухай” хуулийг 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны дотор боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг ТББХ-ны даргад үүрэг болгосон тогтоол батлах байсан. Хоцорсон ч гэсэн УИХ энэ хуулиа баталж гаргах хэрэгтэй.
-Энэ хуульд ямар зохицуулалт байх ёстой гэж та бодож байгаа юм бэ?
-Үүрэг талдаа, нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа намын гишүүнээсээ түдгэлзэх, хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч тухайн ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ба шинээр сонгогдсон УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн хоёр заалт зайлшгүй байх хэрэгтэй.
-С.Бямбацогт дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн шүү дээ?
-УИХ-ын дарга болохдоо намаасаа түдгэлзэх тухай “амлалт” өгч байсан санагдана, гэхдээ тэгээгүй. Аливаа суурь асуудал хүнээс, түүний амлалтаас дээгүүр хуульчлагдах ёстой.
-Уучлаарай, таны хариултыг тасалчихлаа. Та өмнөх асуултын хариултаа үргэлжлүүлэхгүй юу?
-Зүгээр, харин ч тов тодотгол боллоо. Дээрх хэлсэн хуульд ямар заалтууд оруулах талаар ярихдаа Үндсэн хууль хэлэлцэн баталж байх үед депатудаас гаргаж байсан саналуудыг үндэс болгох хэрэгтэй. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд байгаа Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхээс УИХ-ын дарга байгаагийн хувьд эдлэхгүй эрхүүдэд жишээлбэл, УИХ-ын баталсан хууль, тогтоомжид хориг тавих, Засгийн газарт чиглэл өгөх, УИХ-ын чуулганд тааллаараа оролцох, нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч биш тул Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 ба 12 дугаар заалт дахь бүрэн эрхтэй холбоотой асуудлаар хууль санаачлан УИХ-аас нэн даруй хэлэлцүүлэн батлуулах, чуулганы биш үед нэн даруй ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хууль гаргуулах эрхгүй байна. ерөнхийлөгчийн үүргийг тодорхой хугацаанд түр орлон гүйцэтгэж байгаа тул уучлал үзүүлэх эрх эдлэхгүй бөгөөд Үндсэн хуулиар олгосон томилгооны эрхийг зөвхөн хуулийн дагуу заавал хийгдэх болсон тохиолдолд хэрэгжүүлнэ. Ийм хэдэн санал байна даа.
-Өөр хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага бий юу?
-Хууль тогтоогчид хуулиудын нийцэмжийг хангах тал дээрээ анхаарах биз дээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байх хугацаанд л хүчин төгөлдөр байх “УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлж байх хугацаанд ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнийг УИХ-ын дэд дарга нараар өргөтгөнө” гэсэн нэмэлт хэрэгтэй гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Т.ХӨВСГӨЛ








.jpg)































.jpeg)






































Сэтгэгдэл