АНУ-ын холбооны шүүх оюутан, сэтгүүлчдэд тогтоосон визийн хязгаарлалтыг цуцалжээ
АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас гадаадын оюутан, сэтгүүлчдийн тус улсад байх хугацааг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгосон тухай “France 24” агентлаг уламжилжээ.
Шүүгч Деннис Сэйлор уг шийдвэрийг гаргахдаа засаг захиргааны бодлогыг “дур зоргоороо, үндэслэлгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн бөгөөд ерөнхийдөө хууль тогтоомжид нийцээгүй” гэж дүгнэсэн байна.
Визийн шинэ журам есдүгээр сараас хэрэгжиж эхлэх ёстой байсан хэдий ч шүүгч Сэйлор түүний хэрэгжилтийг түр хугацаагаар түдгэлзүүлж, улмаар ийнхүү хүчингүй болгов. Д.Трампын засаг захиргаа уг шийдвэрийг эсэргүүцэн дээд шатны шүүхэд давж заалдаад байна.
Их сургууль, багш, сэтгүүлчдийг төлөөлдөг үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдлээс АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны эсрэг гаргасан нэхэмжлэлд үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.
Шүүгч Сэйлор шийдвэртээ визийн шинэ журам гадаадын оюутнуудад хэрхэн нөлөөлөхөд голлон анхаарчээ. Тэрбээр шинэ журам хэрэгжсэнээр гадаадын оюутнууд докторын зэрэг хамгаалах зэрэг урт хугацааны хөтөлбөрт суралцах, давхар диплом авах, мөн суралцаж буй мэргэжлийн чиглэлээ өөрчлөх боломжгүй гэж үзсэн байна.
Шинэ журмын төсөлд оюутны визтэй гадаадын иргэд АНУ-д дээд тал нь дөрвөн жил оршин суух бөгөөд үүний дараа визийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргадаг байхаар тусгажээ. Өмнө нь гадаадын оюутнууд суралцах хугацаандаа АНУ-д байх эрхтэй байсан юм. Гадаадын сэтгүүлчид АНУ-д дээд тал нь 240 хоног буюу найман сар орчим байх бөгөөд үүний дараа оршин суух хугацаагаа мөн ийм хугацаагаар сунгуулах хүсэлт гаргах боломжтой байхаар тусгажээ. Өмнө нь тэд тус улсад тав хүртэлх жил байх эрхтэй байв. Харин Хятадын сэтгүүлчид АНУ-д 90 хүртэл хоног байх бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин 90 хоногоор сунгуулах боломжтой байхаар журамд тусгасан байна.
Өмнө нь мэдээлснээр, АНУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын тоо 15 хувиар буурсан нь тус улсын эдийн засагт санхүүгийн томоохон хохирол учруулж болзошгүй болоод байгаа аж.
Д.ЖАРГАЛ







.jpg)


















































.jpg)

.jpg)

















Сэтгэгдэл