Ханхүү Харри Украинд шархадсан цэргүүдтэй уулзжээ

Aдмин / Гадаад мэдээ

Их Британийн ханхүү Харри Украинд очиж, хоёр хоног саатах үеэрээ байлдааны ажиллагааны явцад шархадсан цэргүүдтэй уулзаж, Оростой хийж буй дайнд украинчууд ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн энх тайван тогтсоны дараа өөрийн санаачилсан “Invictus Games” наадмыг Украинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

2022 онд Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш тэрбээр тус улсад дөрөв дэх удаагаа очсон нь энэ юм. Энэ удаад тэрбээр Украины баруун нутагт орших Львов хотод очсон байна. Түүнчлэн дайнд шархадсан хүмүүст тусламж үзүүлдэг “Superhumans” эмнэлгийн зохион байгуулсан эмнэлгийн ажилтнуудын бага хуралд үг хэлжээ.

“Та бүхэн энэ дайнд ялж, цаашдын амжилтынхаа үндсийг тавина гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр бямба гарагт болсон бага хурлын үеэр хэлжээ. Аюулгүй байдлын үүднээс Харриг Украинаас явсны дараа хэлсэн үгийг нь нийтэлсэн байна.

Харри мөн ирэх жилийн “Invictus” наадамд оролцохоор бэлтгэл хийж буй тэргэнцэртэй регбигийн тамирчдын бэлтгэлийг үзжээ. Энэхүү спортын тэмцээнийг тэрбээр цэргийн алба хааж байх үедээ буюу 2014 онд цэргийн алба хаагчид, ахмад дайчдад зориулан санаачлан бий болгосон байна.

Украин улс ирэх онд Английн Бирмингем хотод болох уг наадамд 60 тамирчнаа оролцуулахаар төлөвлөж байна. Их Британийн хаан III Чарльзын бага хүү Харри шархадсан ахмад дайчдад хандан, цаашид “Invictus” наадмыг Украинд зохион байгуулах боломж бүрдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Дайн дуусаж, Украин ялсны дараа бид та бүхэнд “Invictus” наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Их Британийн хааны гэр бүлийн гишүүд улс төрийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээс уламжлал ёсоор зайлсхийдэг. Гэсэн хэдий ч хаан III Чарльз болон хааны гэр бүлийн бусад өндөр албан тушаалын гишүүн Украиныг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлж иржээ.

Хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзсан Харри энэ асуудлаар гэр бүлийнхнээсээ илүү ил тод байр суурь илэрхийлж ирсэн байна. Тэрбээр энэ оны эхээр Украинд очих үеэрээ үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дайныг зогсоохыг, мөн АНУ-ыг илүү шийдэмгий алхам хийхийг уриалжээ.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.