ДЭМБ-аас 1-р хэлбэрийн чихрийн шижингийн зөвлөмж гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар зайлшгүй шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор насанд хүрэгчдэд 1-р хэлбэрийн чихрийн шижинг оношлох, хянах анхны удирдамжаа танилцуулжээ.

Энэ сарын 14-нд тохиосон Чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан гаргасан уг удирдамжид нөөц бололцоо хязгаарлагдмал орчин, онцгой байдал болон хүмүүнлэгийн хямрал зэрэг олон төрлийн нөхцөл байдалд баримтлах зөвлөмжүүдийг тусгасан байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, 2025 онд дэлхий даяар 1-р хэлбэрийн чихрийн шижингээр өвдсөн 9.5 сая орчим хүн тоологдсон бөгөөд жилийн хугацаанд 500 мянга орчим хүн шинээр оношлогджээ. Энэ өвчин нь ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог хэдий ч насанд хүрэгчдийн дунд ч өвчлөл нэмэгдэж байгаа аж.

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин нь бие махбод инсулин дааврыг хангалттай хэмжээгээр ялгаруулж чадахгүй болдог, насан туршийн эмчилгээ шаарддаг өвчин юм. Иймээс уг өвчтэй хүмүүс амьдралынхаа туршид инсулин хэрэглэх шаардлагатай байдаг. Инсулиныг 100 гаруй жилийн өмнө нээсэн хэдий ч олон өвчтөн шаардлагатай эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй хэвээр байна.

ДЭМБ-ын удирдамжид 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст цусан дахь сахрын хэмжээнээс хамааран инсулины тунг тохируулан өдөрт хэд хэдэн удаа тарихыг зөвлөжээ. Мөн цусан дахь сахрын хэмжээг тогтмол хянахыг чухалчилсан байна. Өвчтөнүүд гэрийн нөхцөлд цусан дахь сахрын хэмжээгээ хянахдаа хурууны өндөгнөөс цус авч шинжлэх, эсвэл арьсан дээр наадаг жижиг мэдрэгч бүхий сахрын хэмжээг тасралтгүй хянах төхөөрөмжийг ашиглаж болно. Харин цусан дахь сахрын хэмжээг шалгах боломжгүй тохиолдолд шээсэн дэх сахрын хэмжээг тодорхойлох аргыг орлуулан хэрэглэж болохыг ДЭМБ зөвлөжээ.

Эдгээр зөвлөмж нь 2030 он гэхэд 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүн бүрийг боломжийн үнэтэй инсулин эмчилгээнд хамруулах, цусан дахь сахрын хэмжээгээ өөрсдөө хянах боломжоор хангах ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэжээ.

Удирдамжийг хэрэгжүүлэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжилтийн явцыг хянах арга зүйн материал, практик хэрэгслээр хангахаар төлөвлөж байна. Мөн 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийг уг өвчнөөс сэргийлэх, эмчлэх, хянах хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл ажиллагаанд шууд оролцуулахыг улс орнуудын холбогдох байгууллагуудад уриалжээ.

Энэ онд чихрийн шижинтэй тэмцэх өдрийг “Чихрийн шижингийн эсрэг эрт арга хэмжээ авъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, өвчнийг цаг алдалгүй оношилж, эмчилгээг эрт эхлүүлэхийн ач холбогдлыг онцолжээ. Уг өвчнийг зохих ёсоор хянаж, эмчлэхгүй бол хараагүй болох, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс болох, цус харвах, доод мөчөө тайруулах зэрэг ноцтой хүндрэлүүд үүсдэг байна.

Л.БУЯНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.