АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа нислэгүүдийг улс даяар түр зогсоосон шийдвэрээ цуцалжээ

Aдмин / Гадаад мэдээ

Агаарын хөдөлгөөний удирдлагын төвүүдийн холбооны системд доголдол гарсны улмаас бүх нислэгийг улс даяар түр зогсоосон шийдвэрээ АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) баасан гарагт цуцалжээ. Уг үйл явдлын улмаас нисэх онгоцны буудлуудад эмх замбараагүй байдал үүсэж, 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш АНУ даяар нислэгүүд хамгийн удаан хугацаагаар саатлаа.

АНУ-ын агаарын орон зайг Зүүн эргийн цагаар оройн 8:15 цагт дахин нээсэн гэж тус улсын Тээврийн сайд Шон Даффи мэдэгдсэн байна. Гэвч нислэгүүдийг үе шаттайгаар сэргээх бөгөөд агаарын тээврийн компаниуд хэвийн үйл ажиллагаандаа эргэн шилжихэд тодорхой хугацаа шаардагдана гэж тэрбээр анхааруулжээ.

“Энэ үйл явц удаан үргэлжилнэ” гэж С.Даффи Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“FlightRadar24” нислэгийн мэдээллийн платформын мэдээлснээр, уг доголдлын улмаас 6 600 гаруй нислэг цуцлагдаж, 8 600 нислэг хойшилжээ. Мөн ням гарагт хийхээр төлөвлөсөн 1 500 орчим нислэг хэдийн цуцлагдаад байна. Улсын хэмжээнд дөрвөн цаг орчим үргэлжилсэн хязгаарлалт агаарын тээврийн компаниудын нислэгийн хуваарьт хэдэн өдрийн турш нөлөөлж болзошгүйг салбарын шинжээчид анхааруулжээ.

Мөн олон арван мянган зорчигч улс орны өнцөг булан бүрийн нисэх буудлуудад гацсан гэж С.Даффи мэдээлсэн байна.

Энэ удаагийн доголдол нь хуучирсан тоног төхөөрөмж, холбооны системийн асуудал, түүнчлэн хэдэн мянган нислэгийн удирдагчийн орон тооны дутагдалд орсон АНУ-ын агаарын хөдөлгөөний удирдлагын системд тулгарч буй хүндрэлүүдийг дахин харуулсан ноцтой тохиолдол боллоо.

С.Даффигийн хэлснээр, доголдол орон нутгийн цагаар 15:36 цагт агаарын хөдөлгөөний удирдлагын төвүүдийн радарын болон холбооны систем тогтворгүй ажиллаж эхэлснээр үүсжээ. Чухал мэдээлэл дамжуулдаг сүлжээний коммутатор, чиглүүлэгч төхөөрөмжүүд хэт ачаалалд орж, мэдээлэл зөрүүтэй дамжуулах болсон тул FAA улсын хэмжээнд хөөрөх нислэгүүдийг зогсооход хүрсэн байна.

Одоогийн байдлаар доголдлын шууд шалтгааныг арилгасан бөгөөд нислэг үйлдэхэд аюулгүй болсон хэдий ч дахин ийм доголдол гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд агаарын хөдөлгөөний удирдлагын хуучирсан системийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатайг тэрбээр анхааруулав.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.