Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд үүсмэл хогийг цэвэрлэх, шилжүүлэхийг үүрэг болгосон. Тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэнэ. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй ААН-үүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Иймд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эзэмшил газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдлээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2026 оны 02 албан даалгаврын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын ай сав газарт үүссэн барилгын болон бусад хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Түүнчлэн тухайн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд орчныхоо 50 метр болон өөрсдийн эзэмшил талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг өгсөн. Тус бүсэд олон жилийн өмнөөс хуримтлагдсан 38.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, ариутгалын ажлуудыг УБЗАА, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гончигдорж "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 18 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших гэрээний үүргээ биелүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага тавьж, хур хог хаягдлыг цэвэрлэж байна. Аравдугаар сараас хэрэгжүүлсэн ажлын хүрээнд 11 иргэн, аж ахуйн нэгж гэрээний үүргээ биелүүлж, эзэмшил талбайн хогоо цэвэрлэсэн. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй, хог хаягдал үүсгэсэн долоон аж ахуйн нэгж байна” гэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх “Газрын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй “Арвин-Үжин” ХХК, “Нордик прекаст технологи” ХХК, “Ньюбродерс юнион” ХХК, “Баннер” ХХК, Голомт банк, “Их-Авхаа” ХХК, “Баярс констракшн” ХХК гэсэн долоон аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байна. Хур хог хаягдлаа цэвэрлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.