Киргиз Улстай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах боломжийг судална
Монгол Улс Киргиз улстай геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хамтран судална.
Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиевыг хүлээн авч уулзах үеэрээ ярилцаж, хоёр улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх боломжийн тухай санал солилцсоныг АҮЭБЯ мэдээллээ.
Сайд Г.Дамдинням Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг танилцуулав. Тэрбээр ашигт малтмал эрэх, хайхад хувийн хэвшлийн оролцоог нэмэх, геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйгаа онцоллоо. Мөн манай улс түүхий эдийн экспортоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж байгааг дурдаж, Дархан хотод байгуулах ган хайлуулах, кокс үйлдвэрлэл, алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр, газрын тосны салбарын төслийн тухай мэдээлэл өглөө.
Киргиз Улсын Элчин сайд Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийг үнэлж, геологийн судалгааны дэвшилтэт технологи, мэдээллийн цахимжилт, чухал ашигт малтмал, ураны төсөл, алт боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтойгоо илэрхийлэв. Түүнчлэн Киргизэд хуримтлагдсан алтны уурхайн хаягдлыг дахин боловсруулах технологи, туршлагыг Монголын талтай хуваалцах боломжтойг хэлсэн юм.
Талууд далайд гарцгүй хоёр улсын хувьд тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтойг тэмдэглэв. Энэ хүрээнд Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замын төсөл, төмөр замын тээврийн автоматжуулалт, бүс нутгийн тээврийн шинэ гарцын талаар санал солилцлоо. Мөн шатахууны нөөц, агуулахын хүчин чадлыг нэмэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг сайжруулах талаар ярилцжээ







.jpg)


















































.jpg)

.jpg)

















Сэтгэгдэл