“Хамтран ажиллах урилга”-аас Хятадын хөгжлийн боломжийг олж харах нь
“Ши Жиньпин даргын дэвшүүлсэн санаачилгууд нээлттэй хамтын ажиллагааны талаарх АПЕК-ийн олон гишүүн эдийн засгийн хүлээлттэй нийцэж байна”, “Ши Жиньпин даргын хэлсэн үг урам зориг өглөө. БНХАУ дэлхийн эдийн засгийг улам нээлттэй болгохын төлөө ажиллаж байна”, “Хятад улс хөгжлийн боломжоо хамтдаа хуваалцах урилгыг дэлхий нийтэд илгээлээ” гэх мэтээр олон улсын төлөөлөгчид ярьцгааж байна.
11 дүгээр сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шэньжэнь хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үндсэн илтгэл тавьсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татлаа. Уулзалтад оролцсон Америк, Хятадын худалдааны үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Шон Стайн, Канадын хил дамнасан цахим худалдааны WPIC компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жейкоб Күүк зэрэг төлөөлөгчид ярилцлага өгөхдөө, Ши Жиньпин даргын илтгэл Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах чиглэлийг тодорхойлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хятадын боломжийг хамтдаа хуваалцах итгэлийг улам бэхжүүлсэн гэж үзжээ.
БНХАУ АПЕК-ийн уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил шинэ сорилт, боломжуудтай тулгарч байна. Нэг талаас, олон улсын нөхцөл байдал тогтворгүй болж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч сулран, ганц талт үзэл, худалдааг ивээх бодлого газар авч байгаа нь бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологи хурдацтай хөгжиж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд шинэ боломж нээж байна. Нээлттэй байх уу, хаалттай байх уу? Хамтран ажиллах уу, талцах уу? Шинэчлэл хийх үү, хуучнаа баримтлах уу? Эдгээр нь Ази, Номхон далайн гишүүн эдийн засгуудын хариулах ёстой цаг үеийн асуулт болжээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ эдгээр асуултад тодорхой хариулт өглөө. Ши Жиньпин дарга үндсэн илтгэлдээ “Энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах”, “Нээлттэй хамтын ажиллагааны гүүр байгуулах”, “Инновацад суурилсан өсөлтийн хөдөлгөгч хүчийг идэвхжүүлэх”, “Харилцан ашигтай хамтын ажиллагааны замыг өргөжүүлэх” гэсэн дөрвөн санал дэвшүүлж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг хамтран байгуулж, бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах чиглэлийг тодорхойлсон юм.
Хятадын Олон улсын асуудал судлалын хүрээлэнгийн Ази, Номхон далайн судалгааны газрын дэд судлаач Ван Жэньюй “Олон улсын тойм” буланд ярилцлага өгөхдөө, Ши Жиньпин дарга илтгэлдээ дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэх Хятадын уламжлалт байр суурийг тайлбарлахын зэрэгцээ шинэ санаа, санаачилгууд дэвшүүлсэн гэжээ. Тухайлбал, бүх талын харилцан холболтын сүлжээ байгуулах нь одоогийн сүлжээг шинэ шатанд гаргах, харин шинжлэх ухаан, технологийн инновацын түншлэлийн харилцаа тогтоох нь шинэ технологийн хөгжлийг түргэтгэх илүү олон боломжийг бүрдүүлэх юм.
Онцлон тэмдэглэхэд, Ши Жиньпин дарга энэ удаа дэлхийн булангийн бүсүүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо байгуулахыг Хятадын тал дэмжиж байгааг зарлав. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь нээлттэй Ази, Номхон далайн эдийн засгийг байгуулахад Хятадын зүгээс авч буй чухал арга хэмжээ бөгөөд дэлхийн булангийн бүсүүдийн солилцоо, харилцааг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ замыг эрэлхийлэхэд тустай юм. АПЕК-ийн индрээс дэвшүүлж, дэлхий нийтэд нээлттэй болгосон энэхүү санаачилга нь дэлхийн томоохон булангийн бүсүүдийн хамтын ажиллагаа улам нягтарч буй чиг хандлагад нийцэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөгч хүч нэмнэ гэж үзэж байна.
БНХАУ Ази, Номхон далайн хамтын ажиллагааг тууштай дэмжигч, идэвхтэй оролцогч, чухал чиглүүлэгч байсаар ирсэн. Энэ жил Хятадын “15 дугаар таван жилийн төлөвлөгөө” хэрэгжиж эхэлж буй анхны жил юм. Ши Жиньпин дарга үндсэн илтгэлдээ, Хятадын “15 дугаар таван жилийн төлөвлөгөө” нь зөвхөн өөрийн орны хөгжлийн зураг төсөл төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ боломж олгох төлөвлөгөө бөгөөд дэлхийн бизнесийн салбарт хандан илгээж буй хамтран ажиллах урилга юм гэж онцолсон. Уулзалтад оролцсон олон төлөөлөгч түүний илтгэл Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Хятадын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх итгэлийг улам бэхжүүлсэн гэжээ.
Тэгвэл энэхүү “хамтран ажиллах урилга” дэлхий нийтэд ямар боломж олгох вэ?
Юуны өмнө, асар том цар хүрээтэй, нээлттэй зах зээл нь олон улсын бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж байна. БНХАУ бол дэлхийн хоёр дахь том хэрэглээний зах зээл бөгөөд дэлхийн хамгийн олон дундаж орлоготой хүн амтай улс юм. Тус улсын хөрөнгө оруулалт, хэрэглээний зах зээлийн нөөц боломж асар их. Одоогоор БНХАУ нь АПЕК-ийн 13 гишүүн эдийн засгийн худалдааны хамгийн том түнш болжээ. Энэ оны эхний 10 сард Хятад болон АПЕК-ийн бусад гишүүн эдийн засгуудын хоорондын импорт, экспорт өмнөх оны мөн үеэс 25.4 хувиар өссөн байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрэх хязгаарлалтын жагсаалтыг тасралтгүй багасгаж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг өргөжүүлэхээс эхлээд Хятадын олон улсын импортын экспог жил бүр зохион байгуулж, “Хятад руу экспортлох” цуврал арга хэмжээг хэрэгжүүлэх хүртэл БНХАУ нээлттэй зах зээлийн бүтээн байгуулалтаа түргэтгэж, дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн илүү өргөн боломж олгож байна.
Америкийн Boeing компанийн Хятад дахь салбарын ерөнхийлөгч Лү Имин “Олон улсын тойм” буланд ярилцлага өгөхдөө, өнгөрсөн таван жилд дэлхий даяар 5500 шинэ агаарын чиглэл нээгдсэний гуравны нэг нь Хятадтай холбоотой байсныг онцлоод, “Ирэх 20 жилд Хятад улс дэлхийн хамгийн том иргэний агаарын тээврийн нэгдсэн зах зээл болох төлөвтэй байна. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт асар том боломж юм” гэжээ.
Инновацад тулгуурласан хөгжил, ногоон шилжилт нь Хятадын эдийн засгийн гол онцлог болж, дэлхийн бизнесийн салбарт хөгжлийн өргөн боломж олгож байна. 2025 онд Хятадын инновацын индекс өмнөх оноос 6.4 хувиар, эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчний индекс 12.5 хувиар тус тус өсжээ. Үүний дотор хиймэл оюун ухааны үндсэн салбарын хэмжээ 1.2 их наяд юаниас давсан байна. Цаашид БНХАУ орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэж, шинжлэх ухаан, технологийн инновацыг аж үйлдвэрийн инновацтай гүнзгий уялдуулан, дэлхийн аж ахуйн нэгжүүдийн технологийн шинэчлэл, хөгжлийг дэмжих хүчтэй хөдөлгөгч хүчийг бүрдүүлэх юм.
Тайландын TCP группийн гүйцэтгэх захирал Шюй Шиньсюн “Олон улсын тойм” буланд ярилцлага өгөхдөө, Хятадад автоматжуулалтын олон технологи, дижитал шилжилтийн шийдлүүд байгаа нь тус компанийн дэлхийн улс орнууд дахь үйл ажиллагааны тогтолцоог шинэчлэхэд тусална гэжээ. Харин Америкийн Visa компанийн Их Хятадын бүсийн ерөнхийлөгч Жан Вэнь-и, Хятад бол шинэ технологийг хамгийн хурдан бодит хэрэглээнд нэвтрүүлдэг зах зээл гэдгийг онцлоод, “Хятадын авчирч буй зүйл нь зөвхөн өсөлтийн боломж биш, ирээдүйг тодорхойлох боломж юм” гэж хэлсэн байна.
Өнөөдөр нэг талт үзэл, худалдааг ивээх бодлогын сөрөг нөлөө нэмэгдэж буй нөхцөлд дэлхийн бизнесийн салбарынхан хөгжлийн таатай орчныг хүсэн хүлээж байна. Харин БНХАУ дэлхийн улс орнуудын бизнес эрхлэгчдэд харилцан дэмжиж, хамтдаа хөгжих хамтын ажиллагааны орчныг бүрдүүлэх боломжтой. Олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалахаас эхлээд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд өндөр чанартай хамтын ажиллагааг ахиулах хүртэл Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлт, олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд тогтвортой, тодорхой байдлыг тасралтгүй нэмэгдүүлж байна.
Хятадын тал энэ удаа гаалийн татварыг бууруулах, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхээс эхлээд дүрэм журам, удирдлага, стандарт зэрэг гүнзгий түвшний шинэчлэлийг судлан хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн салбарт зах зээлд нэвтрэх болон үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрэн хангаж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлэхээ зарлав. Энэ нь дэлхийн аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулж, бизнес эрхлэхэд илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой, таатай орчныг бүрдүүлнэ.
Дэлхийн худалдааны төвүүдийн холбооны гүйцэтгэх захирал Аннетт Грегг, Ши Жиньпин дарга илтгэлдээ чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай дурдсан нь түүнд ихээхэн урам зориг өгсөн гэжээ. Тэрээр Хятад улс чөлөөт, шударга худалдаа болон дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог идэвхтэй дэмжиж байгааг онцлоод, “Ингэж байж л бид хамтдаа хөгжин цэцэглэж чадна гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.
Ази, Номхон далайн бүс нутагт өөрчлөлтийн салхи сэвэлзэж, ирээдүйн хөгжлийн давлагаа түрж байна. 2026 оны АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг боломж болгон ашигласнаар Ази, Номхон далайн эдийн засгийн интеграцчилал үргэлжлэн ахиж, дэлхийн улс орнуудын бизнесийн салбарынхан Хятад маягийн шинэчлэлийн хөгжлийн боломжийг улам өргөн хүрээнд хуваалцах болно.
Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран БНХАУ дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах шийдвэр зориг нь өөрчлөгдөхгүй гэдгийг цаг хугацаа харуулах болно.






.jpg)












































.jpg)

.jpg)























Сэтгэгдэл