Л.Болдбаатар: Хувь хүний дансанд орж байгаа мөнгө бүрийг мөнгөн орлого гэж үзэж татвар авч болохгүй
Нягтлан бодох бүртгэлийн “Очир Болд” сургалтын төвийн багш Л.Болдбаатартай ярилцлаа.
-2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хувь хүний дансанд орсон орлого бүрээс татвар авах болсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулбал?
-Энэ талаар тодруулж хэлэхэд Байнгын худалдан авагчидтай, зах худалдааны төвд лангуутай, тогтвортой үйл ажиллагаатай үсчид, хувиараа бизнес эрхэлдэг бизнесмэнүүд татвар өгөхгүй байгаа асуудлыг яриад буй юм. Бизнес гэдгийг зөвхөн аж ахуйн нэгж, компанийн асуудал гэж манайхны дунд нэг буруу ойлголт яваад байна. Компани болохгүйгээр хувиараа бизнес хийгээд орлого олж байгаа хүмүүс олон. Хувь хүнээрээ бизнес хийж бололгүй яахав.
Гол нь худалдан авагчдаа баримтаа өгөх ёстой гэдэг асуудлыг л яриад байгаа юм шүү. Түүнээс Монгол Улсын гурван сая орчим хувь хүний дансанд орж ирж буй дансны орлогыг шалгах боломжгүй. Мөн хувь хүний дансанд орж байгаа мөнгө бүрийг мөнгөн орлого гэж үзэж татвар авч болохгүй. Зөвхөн бизнесийн зориулалттай үйл ажиллагааны чиглэлээр олсон орлогоос баримт өгөхгүй тохиолдолд тооцох татвар гэдгийг иргэд ялгаж ойлгох хэрэгтэй.
Бусдад бараа материал болоод ажил үйлчилгээний баримт шивж өгч буй үйл ажиллагааны орлоготой иргэд татварт бүртгүүлсэн байдаг. Баримт өгч буй л бол ТТ06 гэж татварын тайланг он гараад хоёрдугаар сарын 15-ны дотор өгдөг. Энэхүү тайлан тун хялбархан болсон. Тайлангийн программ руугаа орохоор өгсөн баримтууд шууд татагдана. Тэгээд ганц хоёр товч дараад л илгээгддэг болсон. Хэрэв энэ үйл ажиллагаанаас гадна их хэмжээний мөнгө хувь дансаар тогтмол эргэлтэд орж байвал татварын байгууллагаас хянана гээд байгаа юм. Нэг талд татвар төлдөг хүмүүс, татвар төлдөггүй хүмүүсээс ажил үйлчилгээ авахад баримт өгөхгүй байгааг цэгцэлж буй ажил юм.
-ТТ06 тайланг өгөхийн тулд юу анхаарах шаардлагатай вэ?
-Энд нэг анхаарах зүйл бол иргэдэд олсон орлогоосоо оны өмнө нэг хувь татвар төлөх үү, оны дараа 10 хувь татвар төлөх үү гэдэг сонголт байгаа. Иргэд оны өмнө хялбаршуулсан горимоор тайлагнах хүсэлтээ өгөөгүйгээс оны дараа тайлангаа илгээх үедээ 10 хувиар татвар төлөх болчихдог. Ямар нэг орлого олж, и-баримт шивүүлсэн бол он дуусахаас өмнө хялбаршуулсан байдлаар тайлан өгнө гэдэг хүсэлтээ харьяа татварын албанд бүртгүүлж байж татвараа нэг хувиар төлнө. Хүсэлтээ илгээсэн тохиолдолд тайланг оны дараа илгээнэ. Хэрэв оноос өмнө хялбаршуулсан горимд бүртгүүлж чадаагүй тохиолдолд татвар 10 хувиар төлөх болно гэсэн үг. Зарим ажил үйлчилгээнээс 10-аас доош хувийн ашиг гаргаж байгаа тохиолдолд 10 хувийн татвар төлөх гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс иргэд нэг хувиар төлөх боломжоо ашиглахын тулд тухайн он дуусахаас өмнө хялбаршуулсан байдлаар тайлагнах хүсэлтээ өгөх нь чухал.
-Хэрэв компани хувь хүнээр ажил хийлгээд баримт авч чадахгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Монгол Улсын Татварын ерөнхий хуульд орлого, зарлагын гүйлгээ баримттай байх ёстой гээд заасан байдаг. 2016 оноос хойш и-баримт систем рүү орсон хэдий ч одоог хүртэл татвар төлөлтийн байдал тэгш бус байсаар. Зарим нь баримт өгөөд зарим нь өгөхгүй. Ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүд хувь хүнээр ажил үйлчилгээ хийлгээд, эсвэл бараа материал худалдан аваад мөнгө өгдөг. Гэтэл тухайн хүн баримт өгөхгүй байхаар нөгөө тал нь хохироод яваад байдаг. Татварын шинэчлэл хийгээд бүгд жигд төлдөг болъё гээд байгаа.
-Татварын шинэчлэлд өөр ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Жижиг аж ахуйн нэгжүүдэд нэг таатай өөрчлөлт орж байна. Одоогийн хуулиар борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрэхээр НӨАТ төлөгчийн босгонд хүрч орлого бүрээс НӨАТ, жилийн эцэст Орлогын албан татвар гэх хоёр татвар төлдөг. Мөн сар бүр тайлан гаргадаг байсан бол 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс борлуулалтын орлого 400 саяд хүрч байж НӨАТ төлөгч болох босго өндөрсөж байгаа. Зарим газрууд НӨАТ төлөгч болохоос зайлсхийж, борлуулалтын орлогоо 50 саяд хүргэхгүйн тулд баримт өгөхөөс зайлсхийх, илүү гүйлгээгээ хувь дансаар авах зэрэг байдал гардаг. Энэ нь нөгөө талдаа баримт хэрэгтэй байгууллага хувь хүмүүстээ хүндрэл учруулдаг. Одоо тэгвэл борлуулалтын орлого 400 саяд хүртэл НӨАТ төлөгч болно гэж эмээх зүйлгүйгээр баримтаа сайн өгдөг болох ёстой. Харин борлуулалтын орлого 400 саяас давсан тохиолдолд НӨАТ төлөгч болж хоёр татвар төлнө.
-Монгол Улсад авч буй татварын хэмжээ болоод, эргээд төсвийн зарцуулалт хэр зөв хуваарилалттай явдаг гэж үзэх вэ?
-Ер нь аль ч улс оронд татвараар төсвийг бүрдүүлдэг. Манай улсын хувьд боломжтойгоор зарцуулаад байгаа хэдий ч авлига, тендер, төсвийн зарлага тун хариуцлагагүй явагддаг. Би нарийн ширийн юм хэлж мэдэхгүй. Гэхдээ татвараа ямар нэг байдлаар төлдөг учраас иргэд өөрсдөө хяналтаа тавьдаг байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд харин хяналт сайжирч байна. Төр буйд татвар, татвар буйд төр буй хэмээдэг тул иргэд татвараа төлдөг байх ёстой. Гэхдээ иргэд хоорондын болоод иргэд, төр хоорондын татварын зохицуулалтууд шударга байх ёстой. Улсад татвар төлдөг бол эргээд хяналтаа тавьж байя. Үнэхээр буруу зарцуулалттай, байвал ингэж засаж сайжруулъя гэж оролцдог байх хэрэгтэй. Түүнээс татвараа төлөхгүй байя гэж болохгүй нь. Жижиг аж ахуйн нэгжүүд тэр бүр байгууллагатай гэхээс илүү хувь хүмүүстэй ажиллах хэрэгцээ үүсдэг. 2028 оноос жижиг аж ахуйн нэгжүүдийн татварын таатай боломжууд хэрэгжиж эхэлнэ гэж харж байна. Улс орны эдийн засгийн эргэлтийн чухал хэсэг болох жижиг дундуудыг хорин жилийн турш дампууруулах бодлого барилаа шүү дээ. Монгол Улс жижиг дунд бизнес эрхлэгчид рүүгээ анхаарах цаг нэгэнт болсон.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН







.jpg)






































































Сэтгэгдэл