Израиль, Иран болон бүс нутгийн мөргөлдөөн ширүүсэв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ойрхи Дорнод, Персийн булангийн бүсэд нөхцөл байдал эрс хурцдаж, Израиль, Иран, АНУ болон бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн хоорондын сөргөлдөөн олон чиглэлд өргөжив. Агаарын цохилт, пуужингийн довтолгоо, цэргийн хөдөлгөөн нэмэгдэж, гарз хохирол өсөх хандлага ажиглагдав.
Гуравдугаар сарын 28-ны өглөө Израилийн арми Ираны цэргийн болон стратегийн дэд бүтцэд агаараас шинэ цохилт өгсөн тухай мэдээлэл гарлаа. Ираны баруун хэсэг болон Тегераны орчимд дэлбэрэлт болж, зарим бүсэд цахилгаан тасалдаж, холбооны доголдол үүсжээ. Ираны тал Израилийн довтолгоог баталж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв. Удалгүй Иран пуужин болон дрон ашиглан Израилийн чиглэлд довтолгоо хийснээр Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем хэд хэдэн пуужинг устгасан ч зарим нь өмнөд хэсэгт унаж, агаарын түгшүүрийн дохио хэд хэдэн хотод дуугарч, иргэдийг хоргодох байр руу шилжүүлжээ. Мөн энэ өдөр Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт байрлах зэвсэгт бүлэглэлүүдийн объектууд руу цохилт өгч, үүний дараа Ливанаас Израилийн хойд хэсэг рүү пуужин харвав. Израиль хилийн бүсэд нэмэлт хүч байршуулж, цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэр гаргав.
Гуравдугаар сарын 28-ны орой Йемений хуситууд Израилийн чиглэлд дрон болон пуужингийн довтолгоо хийсэн ч Израилийн тал довтолгооны ихэнхийг агаараас хамгаалах системээр устгасан байна. Гэхдээ зарим объектод бага хэмжээний хохирол учирсан талаар хэвлэлүүд мэдээлэв. Үүний зэрэгцээ Персийн булангийн орнууд агаарын довтолгооноос хамгаалах системээ идэвхжүүлж, Саудын Араб, Бахрейн, Кувейт, АНЭУ зэрэг орнууд цэргийн бэлэн байдлаа нэмэгдүүлэв. Саудын Араб дахь АНУ-ын цэргийн байгууламжийн орчимд пуужингийн довтолгоо болж, хэд хэдэн цэрэг шархадсан тухай мэдээлэл гарлаа.
Гуравдугаар сарын 29-ний өглөө АНУ Персийн булангийн бүсэд нэмэлт цэрэг шилжүүлж эхлэв. Десантын хөлөг онгоц болон тэнгисийн явган цэргийн хүч бүс нутагт шилжсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгав. АНУ мөн бүс нутгийн холбоотнуудтайгаа хамтарсан хамгаалалтын ажиллагааг идэвхжүүлэв.
Израиль мөн Сирийн нутаг дахь Ираны нөлөө бүхий бүлэглэлүүдийн байрлал руу агаараас цохилт өгсөн тухай мэдээлэл гарлаа. Зарим цэргийн байгууламж эвдэрч, хэд хэдэн хүн амь үрэгдсэн талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв. Амралтын өдрүүдийн турш гарсан довтолгоонуудын улмаас гарз хохирлын хэмжээ бүрэн тодорхой болоогүй ч олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархаджээ. Зарим бүсэд дэд бүтэц эвдэрч, цахилгаан тасалдаж, нислэгүүд цуцлагдсан байна. Персийн булан дахь нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Ормузын хоолойд далайн тээврийн хөдөлгөөнд саатал үүсэж, хэд хэдэн нефть тээвэрлэгч чиглэлээ өөрчилсөн талаар мэдээлжээ.
Энэ нөхцөл байдлын улмаас дэлхийн газрын тосны үнэ өсөж, эрчим хүчний зах зээлд дарамт нэмэгдэж байгаа нь мөргөлдөөн ийнхүү үргэлжилбэл нефтийн үнэ цаашид өсөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа. Мөн Европын холбоо, НҮБ болон бүс нутгийн зарим орнууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, хурцадмал байдлыг намжаах, дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалав. Шинжээчдийн үзэж буйгаар мөргөлдөөн олон чиглэлд тэлж, бүс нутгийн томоохон сөргөлдөөнд хүргэх эрсдэл нэмэгдэв. Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлын цаашдын өрнөл тодорхойгүй хэвээр үлдэж байна.
Эх сурвалж: MNB
































































Сэтгэгдэл