МУГЖ Б.Сарантуяа: “Хайрын бурхан” тоглолт маань сонирхолтой үзүүлбэр, гайхалтай дуунуудаар дүүрэн байгаа
Зургадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хайрын бурхан” тоглолтоо толилуулах гэж буй Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай ярилцлаа.
-Таны анхны дуу, анхны цомог, анхны тоглолтын талаар дурсамжаар яриагаа эхэлье?
-Би 19 насандаа Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шүлэг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн ая “Зүүдний говь” дуугаа дуулж байлаа. МУГЖ Ш.Чимэдцэеэ гуайн дуулсныг ТВ- ээр үзэж байсан. Мөн “Инээмсэглэл” хамтлагийн дуучин, анхны хань Н.Ганхуягтай хамт “Чиний үгүйд” дуу анхны уран бүтээлийн маань нэг. Анхны цомгийн тухайд Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Н.Ганхуяг бид гурав “Зүүдний говь” нэртэйгээр гаргаж билээ. Тухайн цомгийн таван дуу минийх, таван дуу Н.Ганхуягийнх байсан. Цомогт орсон “Зүүдний говь”, “Хархорин” дуунуудаараа 1993 оны “Азийн дуу хоолой” наадмаас Гран При шагнал хүртсэн байдаг. Уг наадам 2025 онд Казахстанд “Silk Way Star” эргэн сэргэж, 32 жилийн дараа залуу дуучин Ж.Мишээл маань ялалт авчирсан. 1994 оны зургадугаар сард анхны тоглолтоо Улсын циркэд тоглож байсан минь мэдээж мартагдашгүй дурсамж үлдсэн байдаг.
-Та хайрын тухай маш олон сайхан дуутай. Тоглолтынхоо нэрийг ч “Хайрын бурхан” дуугаараа нэрлэжээ. Энэ дууны түүхийг хуваалцвал?
-Тоглолтын нэрний тухайд “Амьдрал намайг дуунд уяраажээ” хэмээн нэрийдэх саналтай байсан боловч тоглолтын нэр арай урт байна гээд зохион байгуулалтын багаараа ярилцаад “Хайрын бурхан” нэр дээрээ тогтлоо.
1990-ээд оны дунд үе Пентатоник наадам болон ая зохиогч Б.Ангирмаа гээд бидний тоглолт, уран бүтээлийг тухайн үеийн “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар ах маань тун сайхан дэмжиж ажилладаг байлаа. Ү.Хүрэлбаатар ах 1996 онд намайг “Аргагүй амраг” цомогтоо бэлдэж байх үед “Хайрын бурхан” дууны шүлэг бичиж өгөөд, тонмейстер Батаа маань харчихаад Өөжгий буюу Д.Өлзий-Орших ахаар ая хийлгэх санал тавьсан байдаг юм. Цомгийн ажлаар Сингапур луу нисэхийн өмнөх өдөр аав, ээж гэр бүлийнхэн маань Төв аймгаас ирчихсэн гэртээ бөөнөөрөө зоог барьж байх үед Өөжгий гэрт хүрээд ирсэн, нөгөө өрөөнд дууны аялгууг банзан гитар дээр тоглож магнитофонд бичүүлж аваад, Сингапур луу нисч байлаа. Ийнхүү “Аргагүй амраг” цомогт багтсан төдийгүй, Араб гитарчин Айша энэ дууны минь соло гитарыг, төв Азийн алдарт бөмбөрчин Жэмили бөмбөрийг тоглосноор энэ дуу бүтэж байсан түүхтэй. Тухайн оны наймдугаар сард клипээ хийсэн байдаг.
-40 жил гэдэг багагүй хугацаа. Ард түмнийхээ хайр хүндлэл хүлээсэн дуучин хүний хувьд, танд юу хамгийн их урам зориг өгч байв?
-Мэдээж хамгийн түрүүнд үзэгч түмний дэмжлэг. Урлагийн мастерууд, ах эгч, найз нөхдийн түшиг тулгуур. Ар гэрийнхэн минь гээд намайг гэсэн хүн бүхэн л надад хүч урам болж ирсэн дээ. Би өөртөө үнэн байхыг эрхэмлэж явдаг, энэ зан маань намайг бас өдий зэрэгт хүргэсэн.

-Хүний амьдралд гайхалтай учралууд бишгүй тохиодог, хэдий гайхалтай байх тусам илүү тод сэтгэл зүрхэнд гэрэлтэн үлдсэн байдаг. “Учралын блюз” дууны талаар дурсвал?
-Тэгэлгүй яахав. Энэ дуу маань Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаа гуайн шүлэгт, 1999 онд хөгжмийн зохиогч Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Б.Долгион аялгуу хийж байлаа. Ая зохиогч Б.Долгион ер нь зохиосон хөгжмөө кассетанд бичээд, дууны шүлгийг цаасанд хэвлээд өгч явуулдаг хүн байсан. Энэ шүлэг анх “Учралын блюз” нэртэй байгаагүй, тухайн үед дуу маань “учрал” бас блюз байх ёстой гээд ийн нэрийдэж байсан. Тухайн ондоо “Учралын блюз” тоглолтоо үзэгчиддээ хүргэсэн. 2000 онд “Хайрын зөрлөг” цомогтоо Ш.Дулмаа гуайн шүлгээр бүтсэн хоёр дуу маань орсонд маш талархаж явдаг. Нөгөөх нь “Шүүдрийн ганцхан дусал” дуу юм.
-Дуулах бол таны түмэнд танигдсан авьяас хөдөлмөр. Танд маш нууц, өөр авьяас байх юм шиг санагддаг?
-Авьяас байгаа шүү. Юм бичиж эмхэтгэх, редакторлах, найруулан зохион байгуулах, хэл сурах гээд л, мөн хоол сайн хийчихнэ. Бас зураг аятайхан зурчихдаг. Өөрийгөө авьяаслаг гэж боддог шүү.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач. Тоглолтод нийт хэдэн уран бүтээлч оролцож байгаа вэ. “Хайрын бурхан”тоглолт “сюрприз” дүүрэн байна гэж бодож байна?
-Тоглолтод хамтран оролцож байгаа, Төрийн соёрхолт “Харанга”, Төрийн соёрхолт “Хурд”, “Никитон”, “Айзам” хамтлагууд, МУСТА С.Сэрчмаа, МУГЖ Ж.Алтанцэцэг гээд 10 гаруй зөвхөн хамтрагч дуучид оролцоно. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл авьяаслаг ая зохиогч дуучин АМ-С-тэй хамтран, тоглолтын “TripleХ”-н продюсер “Халзаа” буюу М.Даваасүрэнгийн удирлага дор “Сар нар” гэж залуусынхаа сэтгэлд нийцүүлсэн дуу хийлээ. Мөн сүүлийн үед нийгэмд болж буй, хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй болон хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан харуусалтай, жигшмээр үйл явдлуудад зүрх сэтгэл минь гүн гүнзгий цочирдож эмзэглэж байсан учраас уран бүтээлээрээ дамжуулж, хүчирхийлэл дээрэлхэлтийн эсрэг уриа болгож дуучин Ж.Мишээлтэй “Хэлэхээс бүү ай” дуугаа, мөн “Vandebo” хамтлагийн Vande болон Хасар дүү нартайгаа хамтарсан дуунуудаа дуулаад явж байна.
Мөн энэ жил Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн 100 жилийн ой болон “Маамуу нааш ир” дууны 70 жил болж байгаатай холбоотой, монгол хүүхэд бүрийн дууны цагаан толгой болсон “Маамуу нааш ир” дууг шинэчлэн сэргээж бяцхан дуучид болох Хүслэн, Хүчүбилэг нартай дууллаа. Мөн дууны найруулга дээр хамтран ажиллаж буй продакшн залуустаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Цаашид ч уран бүтээлүүд дээр ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Би бүх л дуундаа хайртай л даа. Гэхдээ cүүлийн үед дуулж байгаа “Амьдрал” киноны дуундаа маш их хайртай байгаа шүү. Тоглолт маань сонирхолтой үзүүлбэр, гайхалтай дуунуудаар дүүрэн байгаа гэдгийг хэлье.
-Та хайртай гэр бүл, багш, уран бүтээлчдийнхээ тухай дурдвал?
-Амьдралын янз бүрийн нугачаан дунд Сараагаасаа урваагүй бүхэндээ талархан залбирдаг. Гэр бүл гэдэг мэдээж юунаас эрхэм бахархал, ууган хүү Эрхэмбилэг, удаахь охин Саранчимэг, отгон охин Хулан минь ээжийгээ баярлуулж явдаг. Миний ар талд байнга байдаг эгч Б.Сарангуадаа, сайхан авга эгч нар минь байнга дүүгээ дэмжиж байдагт үнэхээр сэтгэл дүүрэн талархаж явдаг. Урлагийнхан бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нэгдэж намайгаа уран бүтээлээ хийхэд дэмжиж, биечлэн ирж уулзаж, тусалж байдаг.
Хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржав ах маань эхнэртэйгээ, яруу найрагч Б.Ганчимэгтэй хамт ирлээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн продюсер Б.Ангирмаа найз, Төрийн соёрхолт МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Гүрбазар агсан, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар ах, “Хөх тэнгэр” хамтлагийн, Чингис хааны одонт, гавьяат жүжигчин Б.Дашдондог, Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн гитарчин Б.Отгонбаяр найз маань гээд л намайг олон сайхан хүмүүс, дотны андууд, дүү нар минь хүрээлж байдаг, бүгдийг нь дурдаж барахгүй байх, ойлгоорой. Одоо тоглолтыг маань ерөнхий ивээн тэтгэгч MCS групп Ж.Оджаргал найздаа болон тв, хэвлэл мэдээллийн салбарынхандаа талархаж байна. Энэ бүгдэд нь сэтгэлийн өртэй дөө.
-Тоглолт зуны сайхан дэлгэр цагаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д тоглогдож онцлогтой. Шүтэн бишрэгчиддээ хандаж юу хэлэх вэ?
-Дэлгэр сайхан зун цаг айсуй. Цэнхэр тэнгэр, ногоохон дэвжээн дээр аялгуу дуугаараа нэгдэн уухайлна гэдэг сайхан шүү. Амьдралаас бид ер нь их юм хүлээх биш, бид өөрсдөө бүтээх нь чухал. Дэргэдээ байгаа хамгийн дотны хүмүүстээ урам хайрлаж, эргэн тойрондоо хайр түгээж, мөн тэднийгээ хайрын бурхад гэж бодож хүндэтгэж явах ёстой болов уу. Тийм сайхан хайр дүүрэн, эерэг энерги түгээсэн тоглолт болох байх гэж бодож байна. Та бүхнийгээ “Хайрын бурхан” 40 жилийн ойн тоглолтод нэгдээрэй гэж урьж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.Дарийм

































































Сэтгэгдэл