З.Энхболд улстөржсөн шүүхийн золиос болов уу
АН-ын дарга УИХ-ын дарга З.Энхболдыг “захиалгаар” яллалаа гэж улс төр судлаачид үздэг. АН-ын дарга О.Цогтгэрэл түүнийг ял авахад “Шүүх Ардчилсан намын 50 нас гарсан улстөрчдийг түүж намнаж байна. З.Энхболдыг гурав дахь удаагаа шүүж хоёр жилийн ял өгч байна. Урьд нь хоёр удаа цагаатгасан юм. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд, мөн АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гурван удаа цагаатгасан ч бас дахин ял өгөх нөхцөл байдалд байна. Уг нь бол Монгол Улсын шүүхийг, шүүгч нарыг шударгаар өөрийн итгэл үнэмшлээрээ шүүдэг гэж ойлгодог. Гэтэл гурван удаа шүүчихээд дөрөв дэхээс нь итгэл үнэмшил нь өөрчлөгдөнө гэдэгт итгэхгүй байна. Итгэл үнэмшил нь ингэж өөрчлөгдөөд байгаад бид хэдийгээр шүүхэд хүндэтгэлтэй хандах ёстой ч эргэлзэхээс өөр арга үгүй нөхцөл байдал үүсч байна.
Сүүлийн үед АН-ын тавин настангууд яллагдагч байсан бол ялтангууд болж хувирч байна” хэмээн мэдэгдэж байлаа. Мөн З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан хэлэхдээ “Энэ хэрэг тав дахь жил рүүгээ орж байна. Хэргийг үндсэндээ хоёр чиглэлээр өмгөөлсөн. Нэгдүгээрт, хэрэг хянан шалгах явц хууль ёсных байх ёстой. Үүнийг ноцтой зөрчсөн гэж маргасан. Хоёрдугаарт, энэ бол гэмт хэрэг биш. З.Энхболд Б.Энх-Амгалан гэдэг хүнийг хатгасан гэх баримт,нотолгоо тэнд авагдсан 34 хавтаст хэрэгт байхгүй байна гэж маргасан. Тийм учраас давж заалдах гомдол гаргасан” гэж мэдэгдсэн.
Шүүх гурван удаа хэрэг биш байна гэж үзсэн байж дөрөв дэх удаагаа хэрэг мөн хэмээн шүүхээр чинь ямар ч хүн үүнийг захиалгатай байна гэж хардахаас өөр яах билээ. Гурвын гурван удаа шүүхэд нотолгоо олоогүй байж дөрөв дэх удаагаа гэнэт яг хуучин хянан шалгасан материал дээрээ үндэслэн ял өгнө гэдэг бол ямар нэгэн захиалга, улс төр орсон гэсэн үг байх өндөр магадлалтай.
Яагаад улстөржсөн гэж, мөн яагаад АН-ын тавин нас хүрсэн хүмүүс ял аваад байна гэж үзээд байгаагийн учир их энгийн. 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр сонгуульд тавин нас хүрсэн Монгол Улсын иргэн өрсөлдөх эрхтэй. Тэгвэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө З.Энхболд, Н.Алтанхуяг гэх зэрэг улстөрчид илэрхийлж байв. Тэд тавин нас хүрсэн улстөрчид. Эдгээр улстөрчдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх нь эрх барьж байгаа МАН-д чухал. Эд бол улс төрийн хатуу “боорцог”.
Эдгээр улс төрд ширээгдсэн өрсөлдөгч нарын нэгтэй өрсөлдөх МАН-ын нэр дэвшигчдэд тоглоом биш болно. Ийм учраас АН-ын тавь гарсан настай улстөрчдийг замаасаа зайлуулах улс төрийн захиалга шүүхэд өгсөн байх гэж хардацгаадаг. Шүүх улстөржсөн учраас тэдний захиалгыг биелүүлж байх бүрэн үндэстэй гэсэн хар Монголын улс төрийнхөн дунд байгаа. Ийм улстөржсөн шүүхийн золиос цаашид ч үргэлжилж магадгүй гэсэн хар байгаа учраас л АН-ын дарга О.Цогтгэрэл “АН-ын тавин настангууд яллагдагч байсан бол ялтангууд болоод байна” гэж мэдэгдсэн. Хэрэв шүүх ингэж улс төрийн намын гар хөл болоод байвал бид хэнд, юунд итгэх вэ. Шүүх шударга байж л Монголд шударга ёс дэлгэрнэ гэдэг итгэл ард түмний дунд унтрах биш үү.
Ж.САНДАГДОРЖ
Эх сурвалж: Өдрийн сонин































































Сэтгэгдэл