Ж.Баярмаа: Намрын гол эрсдэлд шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт орох болов уу
УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Чуулган завсарласан энэ хугацаанд таны хувьд ямар хуулийн төсөл, ямар ажилд төвлөрч байна вэ?
-Чуулган завсарласан энэ хугацаанд санал худалдан авалтын эсрэг хуулийн төслөө өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн сонгуулийн хуулийн шинэчлэлд анхаарч байна. Манай сонгуулийн хууль “ухуулагч” нэрээр олон зуун, бүр хэдэн мянган хүнийг гэрээгээр авч, цалинжуулах боломж олгож. Энэ нь бодит байдал дээр санал худалдан авах хууль ёсны суваг болж хувирсан байна. Зарим тохиолдолд ухуулагчтай гэрээ байгуулж цалин өгсний дараа “гэрээ зөрчсөн” гэх шалтгаанаар болиулаад, дахин шинэ хүмүүстэй гэрээ байгуулж цалинжуулах замаар нэг орон тоон дээр хэд хэдэн удаа мөнгө тараасан жишээ ч гарч. Технологи, цахим сурталчилгаа хөгжсөн өнөө үед ийм тогтолцоог хадгалах шаардлагагүй. Тиймээс Сонгуулийн тухай хуулиас “ухуулагч” гэсэн ойлголт, зохицуулалтыг бүрмөсөн хасах ёстой. Сонгууль нь мөнгө тараах, хүн цалинжуулах өрсөлдөөн биш. Бодлого, үнэт зүйл, иргэдийн итгэлийн өрсөлдөөн байх ёстой. Мөн санал авах шинжтэй халамж, сонгуулийн өмнөх төсвийн үрэлгэн шийдвэрийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд учирдаг зөвшөөрөл, татвар, хүнд суртлын дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.
-Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж амжаагүй гол эрх зүйн шинэчлэл юу байв. Таны санаачилсан ХХОАТ-ыг нэг хувь болгох төсөл бүрэн агуулгаараа батлагдаж чадаагүй байх, тийм үү?
-Татварын хуулийн өөрчлөлтөөр тодорхой түвшний орлогыг татвараас чөлөөлсөн нь ахиц мөн. Гэхдээ үүнийг дорвитой шинэчлэл гэж хэлэхэд хангалтгүй. Нөгөө талд зарим татвар, төлбөр болон тэдгээрийг тооцох суурь үнэлгээг нэмэгдүүлсэн учраас иргэд, аж ахуйн нэгжийн нийт татварын ачаалал бодитоор буурсангүй. ХХОАТ-ыг иргэн бүрд нэг хувь болгох миний саналын үндсэн зарчим маш энгийн.
Ажиллаж, хөдөлмөрлөж, орлого олсон хүн олсныхоо аль болох их хэсгийг өөртөө үлдээдэг байх ёстой. Орлого нь нэмэгдэх тусам өндөр татвараар шийтгэдэг бус хөдөлмөрлөх, ур чадвараа хөгжүүлэх, илүү ихийг бүтээх сонирхлыг нь дэмждэг тогтолцоо Монголд хэрэгтэй. Шударгаар олсон мөнгө амархан бий болдоггүй. Хүн цаг хугацаа, ур чадвар, хүч хөдөлмөрөө зарцуулж байж орлого олдог. Тиймээс тэр мөнгийг төрөөс илүү тухайн хүн өөрөө хэрэгцээтэй, үр ашигтай зүйлдээ зарцуулна. Харин манай төрийн данхар бүтэц, үрэлгэн төсөв иргэдийн мөнгийг хэр үр ашиггүй зарцуулж болдгийг хангалттай харуулж байна. Татвар буурч, иргэдийн гар дээр илүү их мөнгө үлдвэл хэрэглээ, худалдаа, бизнесийн эргэлт нэмэгдэнэ. Аж ахуйн нэгжүүдийн орлого өсөж, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Мөн татварын хувь бага, ойлгомжтой болохын хэрээр орлогоо нуух сонирхол буурч, далд эдийн засаг хумигдан, татвар төлөгчдийн суурь өргөжнө. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн цусны эргэлт сайжирна.
-Дутуу орхигдсон эрх зүйн өөрчлөлтөө цаашид яах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ удаа ХХОАТ-ыг нэг хувь болгох санал бүрэн агуулгаараа дэмжигдээгүй. Гэхдээ асуудал хаагдсан гэсэн үг биш. Дараагийн удаа төрийн ямар үр ашиггүй зардлыг хэдээр танах, төсвийн орлогын бууралтыг хэрхэн нөхөх, орон нутгийн орлогыг яаж хамгаалах зэрэг иж бүрэн тооцоо, санхүүжилтийн шийдэлтэйгээр дахин тавина. Татварын шинэчлэлийн зорилго нь төрд илүү их мөнгө төвлөрүүлэх бус, иргэдийн хөдөлмөрийн үр шимийг өөрсдөд нь үлдээж, эдийн засгийн идэвхийг дэмжихэд орших ёстой.
-Чуулган завсарласан энэ үед гишүүд иргэдтэй уулзаж, тэдний санал, шүүмжлэлийг сонсдог. Таны хувьд иргэдтэй уулзалт хийв үү. Тэдний хэлж байгаа гол санал юу байна вэ?
-Иргэдтэй уулзахад хамгийн их хөндөгдөж байгаа асуудал нь үнийн өсөлт, өрхийн орлого, зээлийн дарамт, ажлын байр, шатахуун, эрчим хүч байна. ХХОАТ-ыг нэг хувь болгосон асуудлыг олон иргэд хөндөж байна. Бүх орлогод бүрэн хамруулж чадаагүй ч цалингийн эхний хоёр сая төгрөгт нэг хувийн татвар ногдуулсан өөрчлөлтийг талархан хүлээж авч байна. Гэхдээ хэрэгжих хугацааг урагшлуулах боломжгүй юу гэж олон хүн асууж байна. Ардчилсан нам эрх баригч биш учраас хүссэн хэмжээндээ хуулиа батлуулах саналын хүч хүрэхгүй байгааг тайлбарлаж байгаа. Гаднаас нь харахад хүмүүс наадамлаж, аялж, машин тэрэгтэй явж байгаа учраас амьдрал сайхан мэт санагдаж болно. Гэвч бодит байдал дээр олон өрх цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Наадамлахын тулд зээл авсан, машинаа хөдөлгөх шатахууны мөнгөө хүртэл нарийн тооцож байгаа хүн цөөнгүй.Тиймээс иргэдийн амьдралыг худалдааны төвийн хөл хөдөлгөөн, зам дээрх автомашины тоогоор хэмжиж болохгүй. Харин өрхийн орлогоос хүнс, орон байр, зээл, татвар, шимтгэлээ төлсний дараа гар дээр нь хэдэн төгрөг үлдэж байна вэ гэдгээр хэмжих ёстой.
-Иргэдийн хувьд татвараа л багасгах шаардлагатай гэж байна уу?
-Миний уулзсан иргэд төрөөс бэлэн мөнгө нэхэж байгаа гэхээсээ илүү тогтвортой ажил, бага татвар, бага дарамт, шударга боломж хүсэж байна. Төр халамж тараахын оронд иргэдэд хөдөлмөрлөж, бизнес эрхэлж, орлогоо өсгөх орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
-Наадмын дараа намар гэдэг. Хичээл сургууль, намрын ажил эхлээгүй байхад л хөдөө орон нутгаар шатахууны хомсдол, эрчим хүчний саатал үүсч байна. Яг намрын ид бужигнасан үед энэ байдал яах вэ. Ер нь бид шатахуун түлш, эрчим хүчний хараат байдлаасаа хэзээ салах вэ?
-Намрын ид ачаалал эхлээгүй байхад шатахуун тасалдаж, эрчим хүчний саатал гарч байгаа нь маш ноцтой дохио. Ургац хураалт, хичээл сургууль, барилга, тээвэр, үйлдвэрлэл зэрэг идэвхжих үед хэрэглээ эрс нэмэгдэнэ. Тиймээс өнөөдрийн тасалдал намар ямар эрсдэл үүсч болохыг урьдчилан харуулж байна. Шатахууны хомсдол бүрийг “Түр зуурын нийлүүлэлтийн саатал” гэж тайлбарлаад өнгөрч болохгүй. Манай улс стратегийн гол бүтээгдэхүүнээ цөөн нийлүүлэгч, цөөн боомт, үндсэндээ нэг улсаас хэт хамааралтай авч байна. Энэ бол зөвхөн худалдааны асуудал биш, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлын асуудал. Ойрын хугацаанд шатахууны нөөцийн бодит хэмжээг иргэдэд ил тод мэдээлж, тасалдал гарахад хэн, ямар хариуцлага хүлээхийг тодорхой болгох ёстой. Импортын эх үүсвэр, тээврийн маршрутыг төрөлжүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд импортод чөлөөтэй, өрсөлдөөнтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нөөц бүрдүүлэх бодлого нь зөвхөн цаасан дээр бус бодит агуулах, бодит нийлүүлэлтээр баталгаажсан байх хэрэгтэй.
-Эрчим хүчний хувьд?
-Эрчим хүчний салбарт ч асуудал адилхан. Үнэ тарифыг улс төрийн зорилгоор олон жил бодит өртгөөс нь доогуур барьсны үр дүнд хөрөнгө оруулалт хийгдээгүй, шинэ эх үүсвэр нэмэгдээгүй, дамжуулах болон түгээх сүлжээ хуучирсан. Алдагдлыг төсөв, өр зээлээр нөхдөг энэ тогтолцоо цааш үргэлжлэх боломжгүй. Хараат байдлаас нэг өдөрт гарахгүй. Гэхдээ шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, дотоодын боловсруулах хүчин чадал, шатахууны стратегийн нөөц, өрсөлдөөнтэй импортын тогтолцоог өнөөдрөөс бодитоор хэрэгжүүлж эхлэхгүй бол жил бүр намар, өвөл болох бүрд яг энэ асуудлыг дахин ярьсаар байх болно. Төрийн үүрэг нь хомсдол үүссэний дараа тайлбар тавих бус, хомсдол үүсэхээс өмнө эрсдэлийг тооцож, нөөц ба нийлүүлэлтийг баталгаажуулах явдал юм.
-Газрын тосны үйлдвэр барьж байгаа л гэдэг. Бүтээн байгуулалт болон санхүүжилт нь удаашралттай, товлосон хугацаандаа орох эсэх нь эргэлзээтэй байгаа. Орсон ч дотоодынхоо хэрэгцээнийхээ тал хувийг ч хангаж чадахгүй гэдэг. Гэхдээ бид үйлдвэртэй болох ёстой байх, тийм үү. Нөгөөтэйгүүр уг үйлдвэрийг ашиглалтад оруулахгүй байх бодлого бас байна уу?
-Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Энэ бол зөвхөн эдийн засгийн бус, шатахууны импортын хараат байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөл. Гэхдээ “үйлдвэртэй болно” гэсэн урианаас илүү ашиглалтад орох хугацаа, нийт өртөг, санхүүжилт, түүхий эдийн баталгааг бодитоор ярих ёстой. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Дотоодын хэрэгцээг бүхэлд нь хангахгүй ч бензин, дизелийн импортын хараат байдлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Үйлдвэр баригдсанаар бүх асуудал автоматаар шийдэгдэхгүй. Дотоодын олборлолт, түүхий тосны тогтвортой нийлүүлэлт, дамжуулах хоолой, эргэлтийн хөрөнгө, бүтээгдэхүүний өртөг, менежментийг цогцоор нь шийдэх шаардлагатай. Үйлдвэрийг зориуд ашиглалтад оруулахгүй байх албан ёсны бодлого байгаа гэж бодохгүй байна. Тиймээс хаа хаанаа ийм бодит баталгаа, нотолгоогүй зүйл ярих дэмий байх. Харин төсөл удааширсан, өртөг нэмэгдсэн, мэдээлэл хангалттай ил тод биш байгаа нь хардлага төрүүлж байна. Тиймээс санхүүжилтийн зарцуулалт, гэрээний хэрэгжилт, ажлын бодит явц, ашиглалтад орох хугацаанд УИХ-аас нээлттэй, тогтмол хяналт тавих ёстой. Одоогийн албан ёсны төсвийн баримт бичигт үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар тооцсон байгаа юм билээ. Гол нь дахин хугацаа зарлах бус, тэр хугацаанд хүрэх тодорхой төлөвлөгөө, хариуцах эзэн, хэмжигдэхүйц гүйцэтгэлийг олон нийтэд ил тод болгох хэрэгтэй.
-Намрын чуулганаар мэдээж ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Таны хувьд улсын төсөвт сайн анхаардаг гишүүдийн нэг. Энэ утгаараа намрын чуулганаар хэлэлцэх төсөв хэрхэн орж, хэрхэн батлагдаасай гэж бодож байна?
-Ирэх оны төсөв юун түрүүнд улс төрийн амлалт, тойрогт мөнгө тараах хэрэгсэл болж болохгүй. Судлаачид, хараат бус байгууллагуудын олон жил анхааруулсан алдаа доголдлыг энэ удаа давтахгүй байх нь хамгийн чухал. Нэгдүгээрт, төсвийн орлогыг бодитоор тооцох хэрэгтэй. Нүүрс, зэсийн үнэ болон экспортын хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлж, цаасан дээр орлого өсгөөд түүндээ тааруулан зардал нэмдэг байдлыг зогсоох ёстой. Хоёрдугаарт, шинэ контор, хөшөө, хаалга зэрэг үр ашиг багатай бүтээн байгуулалтаас илүү сургууль, эмнэлэг, эрчим хүч, ус, зам зэрэг иргэдийн амьдрал болон эдийн засгийн бүтээмжид шууд нөлөөлөх хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх шаардлагатай. Гуравдугаарт, төрийн байгууллагын давхардал, хэт өссөн урсгал зардал, төрийн өмчит компаниудын алдагдал, үр ашиггүй татаас, зөвлөх үйлчилгээ, шаардлагагүй худалдан авалтыг бодитоор танах ёстой. Дөрөвдүгээрт, эхэлсэн төслүүдээ дуусгалгүй орхиж, жил бүр шинээр олон төсөл тараадаг практикийг зогсоох хэрэгтэй. Шинэ төсөл бүр санхүүжилтийн эх үүсвэр, ашиглалтын зардал, нийгэм, эдийн засгийн өгөөжийн тооцоотой байх ёстой. Мөн төсвийн алдагдал, өрийн өсөлтийг хатуу хязгаарлаж, шинэ зардал бүрийг бодит эх үүсвэртэй нь батлах шаардлагатай. Орлогоо хэт өөдрөгөөр тооцож, зардлаа тэлсний төлөөсийг эцэст нь татвар төлөгчид л төлдөг.
-Таны хувьд ямар шаардлага тавьж ажиллах вэ?
-Төсөв батлагдсанаар ажил дуусахгүй. Жилийн эцэст төсөл, хөтөлбөр бүр ямар үр дүн гаргасан, хугацаа, өртөг нь хэтэрсэн эсэх, зорилгодоо хүрээгүй бол хэн хариуцахыг нээлттэй дүгнэдэг тогтолцоо хэрэгтэй. Төсөв бол тойрог бүрд мөнгө хуваарилдаг улс төрийн бялуу биш. Татвар төлөгчдийн мөнгийг хамгийн өндөр өгөөжтэй ажилд зарцуулах эдийн засгийн бодлогын гол хэрэгсэл юм. Миний хувьд төсвийн нийт хэмжээ хэдээр өссөнөөс илүү нэг төгрөгийн зардал ямар бодит үр дүн бий болгож байгааг нэхнэ. Төсвийн алдагдал, өрийн дарамт, төслүүдийн гүйцэтгэл, худалдан авалтын ил тод байдал, олон нийтийн оролцоо, хариуцлагын тогтолцоонд түлхүү анхаарна. Эцсийн дүндээ сайн төсөв гэдэг бол их мөнгө зарцуулсан төсөв биш. Иргэдийн амьдралыг бодитоор сайжруулж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, зарцуулсан төгрөг бүрийнхээ үр дүнг тайлагнаж чаддаг төсөв юм.
-Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд багш, эмч нар дахиад л цалингаа нэмүүлье гэж жагсах байх. Сонгуулиуд дөхсөн учир эрх баригчид ард түмэнд таалагдах гэж хөгжлийн бодлогоосоо ухарч, төсвийн бодлогогүйгээр цалин мөнгө шууд нэмдэг шигээ нэмэх үү. Ер нь намрын эдийн засгийн бодитой хүндрэлүүдийг хэрхэн таамаглаж байна вэ?
-Багш, эмч нарын цалин хангалтгүй, ажлын ачаалалтайгаа дүйхгүй байгаа нь бодит асуудал мөнөөсөө мөн. Цалинг нь нэмэх шаардлагатай. Гэхдээ сонгууль дөхөх бүрд нэг удаа огцом нэмээд, дараа нь үнийн өсөлтөөр буцаан үнэгүйдүүлдэг арга бол шийдэл биш. Цалингийн нэмэгдлийг төрийн бүтцийг цомхотгох, шаардлагагүй захиргааны орон тоог бууруулах, салбарын санхүүжилтийг ажлын ачаалал, ур чадвар, гүйцэтгэлтэй уялдуулах шинэчлэлтэй хамт хийх ёстой. Адилхан цалингийн санг улам олон дарга, захиргааны орон тоонд тараах бус, бодитоор хичээл зааж байгаа багш, өвчтөн эмчилж байгаа эмч, сувилагчдад илүү хүргэх хэрэгтэй. Мөн цалинг нэг удаагийн улс төрийн шийдвэрээр бус, инфляци, ажлын ачаалал, мэргэжлийн ур чадварыг харгалзсан тогтвортой тогтолцоогоор шинэчилдэг болох шаардлагатай. Намрын гол эрсдэлд шатахуун, эрчим хүчний тасалдал, хүнсний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт орох болов уу. Эдгээр нь тус тусдаа асуудал биш. Шатахуун, эрчим хүчний үнэ нэмэгдвэл тээвэр, үйлдвэрлэл, хүнсний өртөг дагаж өснө. Харин энэ үед бодит эх үүсвэргүйгээр цалин, халамжийг огцом нэмбэл эрэлт улам тэлж, инфляцид нэмэлт дарамт өгнө. Тиймээс иргэдийн нэрлэсэн орлогыг цаасан дээр өсгөхөөс илүү бодит худалдан авах чадварыг хамгаалах нь чухал. Нэг гараараа цалин нэмээд, нөгөө гараараа инфляци, татвар, ханшийн уналтаар буцаан авдаг бодлогыг зогсоох ёстой. Цалин нэмэх бол бүтээмж, төсвийн сахилга бат, тогтвортой санхүүжилттэй хамт явах ёстой.
-Бидний бараа авдаг гол валют болох юанийн ханш өссөөр байна. Цаашид валютын ханшийг яаж тогтворжуулах вэ. Нөгөөтэйгүүр ханш өсөх нь хэнд ашигтай вэ?
-Валютын ханшийг захиргааны тушаал, Монголбанкны интервенцээр удаан хугацаанд тогтвортой барих боломжгүй. Төв банк огцом савлагааг зөөлрүүлж болох ч эдийн засгийн суурь шалтгааныг өөрчилж чадахгүй. Ханш бол эдийн засгийн суурь нөхцөлийн үр дүн, илэрхийлэл юм. Төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд экспортоо төрөлжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн алдагдал болон мөнгөний хэт тэлэлтийг хязгаарлах хэрэгтэй. Мөн импорт орлох өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлээ хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг үргээдэг тогтворгүй хууль, лицензийн маргаан, төрийн дур мэдэн оролцдог байдлыг зогсоох ёстой. Юанийн ханш өсөхөд Хятадаас бараа, түүхий эд, тоног төхөөрөмж импортолдог аж ахуйн нэгжүүдийн өртөг нэмэгдэнэ. Энэ нь хүнс, хувцас, эм, барилгын материал, өргөн хэрэглээний барааны үнэд шингэж, эцсийн дарамтыг иргэд үүрдэг.
-Ханшийн өсөлт, сулралт хэнд ашигтай бол...?
-Төгрөг сулрах нь валютын орлоготой компаниуд болон иргэдэд тодорхой ашиг өгч болно. Төсөвт төвлөрөх уул уурхайн орлогын төгрөгөөр илэрхийлсэн хэмжээ ч өсөх боломжтой. Гэвч энэ нь бодит баялаг нэмэгдсэн гэсэн үг биш. Нийт эдийн засгийн хувьд импортын инфляци, гадаад валютын зээл болон өрийн дарамт, иргэдийн худалдан авах чадварын уналт нь илүү том сөрөг нөлөөтэй. Ялангуяа, орлого нь төгрөгөөр, хэрэглээ нь импортын бараанаас хамааралтай иргэд хамгийн их хохирдог. Төгрөгийг хүчтэй болгох зөв арга нь ханшийг хүчээр тогтоох бус, валют олдог, хөрөнгө оруулалт татдаг, төсөв мөнгөний сахилга баттай эдийн засгийг бий болгох явдал юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН
















.jpg)

















































Сэтгэгдэл