Аяллын хөтөч Л.Байгалмаа: Жуулчдад “Бензингүй болохоор аялал үргэлжлэх боломжгүй боллоо” гэж хэлэхээсээ ичиж байна
Шатахууны хомсдолоос үүдэн хөдөө орон нутагт алба, амины ажлаар явж буй хүмүүс болон Монгол орныг үзэхээр ирсэн жуулчид хээр хөдөө саатаж, цаг хугацаатай төлөвлөгөөт ажлууд цуцлагдах зэрэг хүндрэлүүд тохиолдоод байгааг иргэд бухимдан ярьж байна.
Тиймээс шатахуунтай холбоотой цаг үеийн нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Тухайлбал, Дорнод аймгийн хойд сумдад шатахууны хомсдолтой байгаа талаар Баяндун сумын шатахуун түгээгүүрийн ажилтан Д.Бямбахишиг “Хавраас хойш зарим тохиолдолд лимит багасгаад байсан ч одоогийнх шиг ийм багаар өгч байгаагүй. Хавар шатахуун хязгаарласан үед өдөртөө 1000-1500 литрийг өгдөг байсан. Одоо 30 мянган төгрөгийн хязгаартайгаар өдөрт 400-500 литр шатахууныг өгч байгаа. Иргэд хонож оочерлоод ч өглөө нь эхний хэдхэн машинд өгснөөр тухайн өдрийн хязгаар дуусчихдаг. Одоогоор дээд албанаас хэзээ хэвийн болохыг мэдээлсэн зүйл алга. Гэхдээ шатахууны нийлүүлэлт удаашрах шинжтэй байгааг харуулж байна” гэв.
Мөн Хэнтий аймгийн сумдууд болон аймгийн төвд шатахуун огт олдохгүй байгаа талаар иргэд цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлсэн байна. Буйр нуураас Улаанбаатар хот руу явж байгаа гурван машины аялагчид шатахуун олдохгүйн улмаас оочерлосоор бүтэн гурван өдрийн турш явж иржээ. Тэдгээр иргэдийн нэг нь Хятад улс руу явах томилолтын нислэгээсээ хоцорсон байна. Улс орон даяар шатахууны хомсдол хангамж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны наймдугаар сарын төлөвлөгөөнд тусгагдсан “Оюутан, залуучуудын Урлаг, спорт, оюуны их наадам”, “Өмнийн говийн Хүлэг морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ой”, “Алтан элс - Элсэн манхны баяр - 2026” зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсныг өчигдрийн байдлаар мэдээлсэн.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Говийн бүсийн төлөөлөгчийн газраас, Орон даяар аялал, амралтын улирал үргэлжилж байгаатай холбоотойгоор шатахууны хэрэглээ огцом нэмэгдэж, газрын тосны агуулахаас шатахуун татан авах ажиллагаанд ачаалал үүсч, татан авалт түр хугацаанд удаашралтай байна. Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шатахуун тасрахгүй гэсэн хариу мэдэгдэл гаргажээ.
Иргэдийн дунд “Шатахууны үнийг нэмэх зорилгоор зохиомол хомсдол үүсгэж байгаа болов уу” гэсэн таамаг үүсээд байгаа бол холбогдох албаныхны зүгээс “Баяр наадмын үер шатахуун түгээгүүрүүдийн татан авалтын ажил саатаад байгаа, түүнээс шатахуун тасалдсан зүйлгүй. Иргэдийн орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, Улаанбаатар хотоос 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийн чиглэлд зорчсоноор шатахууны хэрэглээ ердийн үеийнхээс дөрөв дахин өссөн. Үүнтэй холбоотойгоор зарим байршилд нийлүүлэлтийн тасалдал, ШТС-уудад ачаалал үүссэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензиний 15-17 хоногийн, дизель түлшний 20-23 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна.
Мөн хөдөө орон нутгаар гадаад, дотоодын жуулчид шатахууны хомсдол болж төлөвлөгөөт аяллаа үргэлжлүүлэх боломжгүй талаар “Орсо” компанийн хөтөч Л.Байгалмаа ярилаа. Тэрээр “Өвөрхангай аймгийн Хархорин суманд шатахууны дараалалд зогсож байна. Өчигдөр жуулчдаа Монгол Улсад буухаас эхлээд, автобус маань шатахуунгүйн улмаас асуудал үүсч эхэлсэн. Нөхцөл байдлыг жуулчид тэвчээртэй хүлээн авч байгаа ч дотроо их гайхаж байгаа нь мэдэгдсэн. Холоос зорьж ирсэн жуулчдад “Шатахуунгүй, аялал үргэлжлэх боломжгүй боллоо” гэж хэлэхээсээ ичиж, зовж байна. Ажил, төлөвлөгөөний дагуу явахад үнэхээр хүндрэл учруулж байна. Яаж 12 хоногийн аяллыг үргэлжлүүлнэ ээ” гэлээ.
Өмнөговь аймагт такси үйлчилгээнд явдаг иргэн Э, “Өглөөнөөс хойш таарсан колонкууд дээр очерлосоор авч чадсангүй, үдээс хойш хаачихаад байна. Шатахууны шар гэрэл ассан, гэр рүүгээ явахаас. Өнөөдрийн орлогоо олж чадсангүй ээ” гэсэн юм. Өвөрхангай аймгийн иргэн Б.Болортуяа, “Ээжийгээ аваад эмчилгээнд нь явах гэхээр шатахуун тасарчихаад, үнэхээр хэцүү байна. Удаан хээр зогсвол даралт тогтворгүй байгаа хүнээ яах билээ. Бид яах ёстой вэ” гэв.
Ховд, Баян-Өлгий аймгаар шатахуун олдохгүй байгаа бол Завхан аймгийн Тэс, Тосонцэнгэл сумдад 30-50 мянган төгрөгийн хязгаартай өгч байгаа ба оочер дараалал ч ихтэйг иргэд хэллээ. Хот хоорондын автобусны жолооч Э.Өсөхбаяр “Хөвсгөл аймаг руу ирж очих зам дагуу шатахуун түгээгүүрүүд тогтмол 30-70 орчим автомашины дараалалтай байна. Яарч сандарсан улсууд ганц нэгээр автобусанд дайгдах ч тохиолдол гарч байгаа” гэв.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.ДАРИЙМ






























































.jpg)



Сэтгэгдэл