Д.Ганхуяг: Тусгаар тогтносон улсын бензиний нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх нь эрсдэлтэй гэдгийг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн

Aдмин / Эдийн засаг

Үүсээд байгаа шатахууны хомсдол, хангамжийн нөхцөл байдалтай холбоотойгоор Уул уурхайн сайд асан Д.Ганхуягаас тодрууллаа.


-Шатахууны хомсдол дахиад бий боллоо. Үүнд иргэдийн хувьд хөдөө, хотгүй бухимдалтай байна. Та Уул уурхайн сайд байсан хүний хувьд уг асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Жил бүр наадам болдог. Ганцхан энэ жил наадам болоогүй. Иймд яам, агентлаг өмнөх жилүүдийн мэдээлэлд үндэслэж нөөц бүрдүүлэх ажлыг нефтийн бүтээгдэхүүн импортлогчтойгоо хамтарч хийсээр ирсэн уламжлалтай. Салбарын тэр даргын ярианаас “Наадмаар иргэд хөдөө гадаа аялалаар их явснаас болоод бензиний нөөц багасчихлаа…” гэсэн санаа гарсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч иргэд буруутай бололтой. Манай эрх баригчдын сурсан зан нь асуудал үүсэхээр өөр хэн нэгэнд бурууг тохох коммунист технологийг сайн эзэмшсэн. Угтаа бол буруугаа хүлээж чаддаг хувь хүн, байгууллага хөгждөг. Үйл ажиллагаа нь тогтмол сайжирдаг нь хорвоогийн жам. Төр ч мэдээж байх. Манай төр засагт дунд таван жил, урт хугацааны буюу 10 жилийн тогтвортой бодлого байтугай богино хугацааны хоёр жилийн бодлого ч байхгүй болсон. Үүний хар гай энд гарч байх шиг. Эрх баригчид өнөөдөр гуравхан сараар, эсхүл хагас жилээр ч стратегийн асуудлаа харж чадахаа байсан бололтой. Энэ нь төрийн албыг улстөрчдийн туршлагагүй, чадваргүй тавиулуудаар дүүргэсний гор байх.

-Таны хувьд шатахуун хангамж, нөөцийн асуудлыг хэрхэн анхаарч, энэ чиглэлээр ямар бодлого тодорхойлж гаргадаг байсан юм бэ?

-Аль 2014 онд бензиний нөөцийг төрөл бүр дээр нь Засгийн газар болон хувийн хэвшил хамтран 60 хоногоос доошгүй байлгах Засгийн газрын тогтоолыг батлуулж байсан. Энэ шийдвэрээс хойш 2016 оныг хүртэл долоо хоног бүр УУЯ-наас шатахууны нөөцийг мэдээлдэг байсан. Энэ нь хэрэглэгчдийг тайван байлгах зорилготой байсан юм. Үүнээс тусдаа эрсдэлийн нөөц гэж байх учиртай. Энэ тогтоолыг хүчингүй болгосон гэсэн мэдээлэл сонсоогүй. 2012-2013 онд Газрын тосны үнэ 112 ам.доллар хүрч байсан. Түүхий нефтийн энэ үнийн өсөлтийг далимдуулан Роснефт компани бензинийхээ хилийн үнийг байнга нэмж байсан. Иймээс энэ үед манай импортлогч аж ахуйн нэгжүүд Солонгосоос, гол нь ОХУ-ын Роснефтээс бусад жижиг компаниудаас нэлээд хэмжээний бензин шатахуун авч байсан. Ингээд бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын бензиний нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх нь маш эвгүй юм байна гэдгийг бодитоор мэдэрсэн. Иймээс Петрочайнад “Экспортлогдож байгаа түүхий нефтийнхээ оронд бензин, шатахуун авъя” гэсэн саналыг албан ёсоор тавьж тэд уриалгахан хүлээж авсан юм. Монгол Улсын бензин,шатахууны нийт хэрэглээ нь БНХАУ-ын нийт хэрэглээтэй харьцуулахад өчүүхэн бага юм л даа. Тэр үед Замын-Үүдийн нефтийн бүтээгдэхүүний шилжүүлэн ачих байгууламжийг Г.Өлзийбүрэн даргатай Газрын тосны газар гүйцэтгэгчийг нь дэмжиж, шахаж шаардсанаар 2013 онд ашиглалтад оруулж чадсан. Ингээд 2013 оны 4-5 сард Петрочайна компаниас бензин авч эхэлсэн ба тэр бензинээ МГЛ-92 гэж нэрлэсэн.

-2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж, ан-аас нэр дэвшсэн, ерөнхийлөгч асан ц.элбэгдорж “дорнод аймгаас сонгуулийн суртачилгаагаа эхлэхдээ мгл-92-оороо машиныхаа бензиний танкийг дүүргэлээ” гэсэн мэдээлэл явуулж байсан нь санагдаж байна...?

-Энэ үеэс хойш 13 жил өнгөрчээ. Юу хийж байсан юм бол доо. Төрийн үйл ажиллагааны уламжлалт чанар гэдэг юм манай улсад тун тааруу байдгийг илэрхийлж байгаа бололтой. Хууль тогтоомж хэрэгждэггүй болж хуулийн засаглал суларч хариуцлагагүйн зуд төр засагт хавтгайрсны шинж байх. Нөгөө талаас төр, түмний төлөө үндсэн ажлаа ядахдаа дунд хугацаанд төлөвлөн хардаг төрийн бүтцийн байгууллагын засаглалын чадавх суларч, албан тушаалд амташсан, тэрийгээ хэрхэн үргэлжлүүлэхийг нэн тэргүүнд тавьдаг, үүнийхээ төлөөнөөс юу ч хийхэд бэлэн улс төрийн албан тушаалын банзчин, хорчингууд төрөөр дүүрснийг илэрхийлж байж болзошгүй юм. Ер нь гол нийлүүлэгч ОХУ дайнтай, асуудал хүнд байгааг хэн ч ойлгох учиртай. Дайн эхэлснээс хойш дөрвөн жил болж байх шиг байна. Удахгүй нийгэм тайвширна гэдэгт найдаж байна. Нийгэм ардчилсан, ил тод, хууль засаглаж байвал учир олдох нь дамжиггүй.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.