О.Батхүү: Өрхийн хэрэгцээний ганц гараашаас татвар авах нь шударга бус
Хуульч О.Батхүүтэй гараашийн татвар нь тодорхой бус байгаагаас иргэдэд санхүүгийн нэмэлт дарамт болж байгаа талаар ярилцлаа.
-Иргэн өөрийн мөнгөөр худалдаж авсан гарааш, агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгөө өмчилж байгаагийнхаа төлөө жил бүр татвар төлөх нь ямар үндэслэлтэй вэ?
-Одоогийн хуулиар үл хөдлөх хөрөнгийн татварыг 0.6-2 хувийн хооронд тооцож авах зохицуулалттай. Тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хүрээнд хэдэн хувийн татвар ногдуулахыг шийддэг. Гараашийн хувьд үнэлгээ тогтоогдсон бол тухайн үнэлгээгээр, үнэлгээ байхгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэлгээг үндэслэн татвар ногдуулж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ өсөх тусам иргэдийн төлөх татвар нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь татварын бодлого зөвхөн төсөвт мөнгө төвлөрүүлэх зорилготой байж болохгүй. Төр юуг дэмжиж байна, юуг дэмжихгүй байна вэ гэдгийг илэрхийлдэг бодлогын хэрэгсэл байх ёстой.
-Гараашийн татварын хэмжээ зарим иргэний хувьд жилд хэдэн зуун мянга, бүр сая төгрөгт хүрч байна гэсэн гомдол бий. Татварыг яг ямар үнэлгээнд үндэслэн тооцож байна вэ?
-Иргэдийн гар утсанд татварын албанаас 500 мянгаас эхлээд нэг сая төгрөг хүртэлх татвараа төлөхийг сануулсан мессэж ирж байна. e-Mongolia-д нь хүртэл татварын өр үүссэн байдлаар харагдаж байгаа хүмүүс байна.Гараашийн үнэлгээний тухайд хуульд зах зээлийн үнэлгээгээр тооцно гэж байгаа. Гэхдээ тэр зах зээлийн үнэлгээг яг ямар аргачлалаар тогтоож байгаа нь ойлгомжгүй. Хотын төвийн дүүрэгт гарааш үнэтэй учраас өндөр татвар төлөх, зах руугаа гарааш хямд учраас бага татвар төлөх нөхцөл үүсэж байна. Талбайн хувьд ч тодорхой хязгаарлалт байхгүй. Дээр нь хэдэн хувиар тооцохыг тухайн ИТХ шийддэг. Хуулиар 0.6-2 хувийн хооронд байна.Тиймээс үнэлгээний аргачлал нь иргэдэд ил тод, ойлгомжтой байх ёстой.
-Өөр хоорондоо ижил хэмжээтэй гараашид хүртэл өөр өөр татвар ногдуулсан гэх гомдол байна. Үнэлгээ тогтоох шалгуур нь иргэдэд хэр тодорхой байдаг вэ?
-Энэ бол анхаарах ёстой асуудал. Зах зээлийн үнэлгээгээр тооцно гэж байгаа боловч тэр үнэлгээг хэрхэн гаргаж байгаа нь тодорхой байх хэрэгтэй.Хэрэв хоёр гарааш ижил хэмжээтэй байхад нэг нь өндөр, нөгөө нь бага үнэлэгдэж байгаа бол үүний үндэслэл нь иргэнд ойлгомжтой байх ёстой. Байршил, зах зээлийн үнэ гэх мэт хүчин зүйл нөлөөлж болох ч тухайн үнэлгээг иргэн өөрөө шалгаж, үндэслэлийг нь мэдэх боломжтой байх нь чухал.
-Иргэд “Гарааш, агуулах маань орлого оруулдаггүй, зөвхөн өөрсдийн хэрэгцээнд ашигладаг байхад яагаад татвар төлөх ёстой вэ?” гэж асууж байна. Өрхийн болон бизнесийн зориулалтыг ялгах шаардлагатай юу?
-Үүнийг ялгаж салгах ёстой гэж үзэж байна. Би гараашаас татвар авах бүх тогтолцоог үгүйсгэж байгаа юм биш. Харин өрхийн хэрэгцээнд ашиглаж байгаа ганц гараашийг бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй адилтган татвар ногдуулж болохгүй.Өнөөдөр гарааш хямдхан байхаа больсон. Бараг 50 сая төгрөгөөс эхэлж байна. Үүнийг бэлэн мөнгөөр авч байгаа хүн байхгүй. Банкнаас зээл авна, хүү төлнө, өөрсдөө цалингаасаа НДШ, татвар, хураамжаа төлнө. Тэгээд илүү гарсан мөнгөөрөө гарааш авч байна. Ингээд өөрийн хэрэгцээнд зориулж авсан хөрөнгөнөөс дахин жил бүр татвар төлөх нь иргэдэд дарамт болж байна.Харин таван гарааштай хүн байгаад дөрвийг нь түрээслүүлж, орлого олж байгаа бол өөр асуудал. Тэр хүн үл хөдлөх хөрөнгөөрөө ашиг олж байна. Тиймээс татвар төлөх нь зөв.
-Бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс орлого олж, орлогын татвар төлж байгаа тохиолдолд дахин үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулж байгаа нь давхар татвар мөн үү?
-Ерөнхийдөө бизнесийн зориулалттай эд хөрөнгөнөөс татвар авахыг би зөв гэж үзэж байгаа юм. Жишээлбэл, таван гарааштай, дөрвийг нь түрээслүүлж байгаа хүн ашиг орлого олж байна.Миний ярьж байгаа асуудал бол өрхийн хэрэгцээний нэг гараашийн тухай. Нийт иргэдийн дийлэнх нь нэг л гарааштай байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүст заавал ийм татварын ачаалал үүсгэх шаардлагатай юу гэдэг асуудал. Орлогоос төлдөг татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар хоёр хуулийн хувьд өөр өөр татвар байж болно. Гэхдээ тухайн иргэний бодит татварын ачааллыг авч үзэхдээ давхар дарамт болж байгаа эсэхийг бодлого боловсруулагчид анхаарах ёстой.
-Асуудлыг зөвхөн гараашийн татвараар хязгаарлахгүй, үл хөдлөх хөрөнгийн татварын тогтолцоог бүхэлд нь харах шаардлагатай болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тийм. Дэлхийн аль ч улсад үл хөдлөх хөрөнгийн татвар байдаг. Гэхдээ тухайн Засгийн газар, хууль тогтоогчид аль бодлогыг дэмжих вэ, аль нь хүний зайлшгүй хэрэгцээ вэ гэдгийг ялгаж салгаж үзэх ёстой. Жишээлбэл, мянган метр квадрат талбайтай, хэд хэдэн давхартай, түрээсэлж ашиг орлого олдог үл хөдлөх хөрөнгө байвал татвар төлөх ёстой. Үүнийг ойлгож байна.Харин өрхийн хэрэгцээнд ашигладаг 2-4 метрийн хэмжээтэй жижиг гараашаас заавал татвар авах нь зөв үү гэдэг бол асуудал. Өнөөдөр хоёр орон сууцтай хүн үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхгүй байхад ганц гарааштай хүн татвар төлж байна. Орон сууц бол талбай, үнэлгээний хувьд гараашаас хавьгүй өндөр үнэтэй хөрөнгө. Гэтэл яагаад ганц гарааштай хүн татвар төлөх ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ бол татварын тогтолцоонд ялгаатай байдлыг бий болгож байна гэж үзэж байгаа.
-Гарааш, агуулахад татвар ногдуулах зохицуулалт ямар хуулийн хүрээнд хэрэгждэг вэ? Уг зохицуулалтыг өөрчлөх боломжтой юу?
-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд гарааш, агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулах зохицуулалт орсон. Энэ зохицуулалт хэрэгжээд хэдэн жил болж байна.Хуулийг өөрчлөх хэд хэдэн боломж бий. Хууль санаачлах эрхтэй субъект нь УИХ, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч. Үүн дээр нэмээд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу иргэд саналаа өгч, тодорхой босгыг давуулбал энэ хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Би иргэн хүний хувьд энэ арга замаар явж байна.
-Өөрийн хэрэгцээнд ашигладаг нэг гарааш, нэг агуулахыг татвараас чөлөөлөх, эсвэл тодорхой босго тогтоох боломж бий юу?
-Боломжтой гэж үзэж байна. Миний гол санал бол өрхийн хэрэгцээний нэг гараашийг тусад нь авч үзэх. Тухайн хүн таван гарааштай бол дөрөв дээр нь татвар төлж болно. Нэгдүгээрт, тэр хүн санхүүгийн хувьд тодорхой боломжтой байна. Хоёрдугаарт, бусад гараашаа түрээслэх юм уу, өөр байдлаар ашиглаж, орлого олж байна. Харин өөрийн хэрэгцээнд ашигладаг нэг гараашийг татвараас чөлөөлөх, эсвэл тодорхой талбай, үнэлгээний босго тогтоох боломжийг судлах хэрэгтэй.
-Таны гаргасан санаачилгыг иргэд хэрхэн дэмжих боломжтой вэ?
-Одоо e-Mongolia системээр дамжуулан иргэдийн санал, гарын үсгийг цуглуулж байна. 100 мянган хүний санал бүрдвэл хуулийн дагуу хуулийн төсөл боловсруулж, Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцүүлэх боломжтой. Тиймээс иргэд “дургүй байна”, “эсэргүүцэж байна” гээд Facebook дээр коммент үлдээхээс илүү бодитой оролцох хэрэгтэй. Гарын үсэг зурахад удаан хугацаа шаардахгүй. Ерөөсөө нэг минутын дотор хэдэн товч дараад саналаа өгч болно. Мөн “Хуульч Батхүү” гэсэн Facebook хуудсаар орж, хаана, хэрхэн саналаа өгөх талаар мэдээлэл авах боломжтой. Эцсийн дүндээ иргэд бид өөрсдийнхөө төлөө явахгүй бол өөр хэн ч бидний өмнөөс явахгүй.
-Гараашийн татвараас илүү өргөн хүрээнд харахад иргэдийн татварын дарамтыг бууруулахын тулд төр хамгийн түрүүнд юуг өөрчлөх шаардлагатай вэ?
-Нэгдүгээрт, татварын тогтолцоо шударга байх ёстой. Хоёрдугаарт, ил тод байх ёстой. Хамгийн гол нь амьдралд нийцсэн байх ёстой. “Юунаас ч хамаагүй татвар авна, хэдэн ч хувийн татвар авна” гэж болохгүй. Хэнийг дэмжих вэ, юуг дэмжих вэ гэдгээ бодох ёстой. Мөн татвар авч байгаа зүйл нь өөрөө нийгмийн асуудлыг шийдэж байна уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Жишээлбэл, хүн машинаа гадаа хонуулахад өвлийн хүйтэнд хөлдөнө. Өглөө машинаа халаахад маш их хэмжээний утаа ялгаруулна. Нөгөө талд байрны гадаа хангалттай зогсоолтой байр ховор. Машинууд нэг нэгнээ хааж тавьдаг. Тэгэхээр гарааштай хүн машинаа гараашдаа байрлуулснаар нийгэмдээ тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа гэж харж болно.
-Сая татварын багц хуульд нэлээд том өөрчлөлтүүд орсон. Амьдралд хэр нийцтэй болсон гэж та бодож байна вэ?
-Татварын хуульд маш том өөрчлөлт орсон. Сүүлийн 20 жилд байгаагүй хэмжээний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт орсон гэж хэлж болно. Хүмүүс яагаад одоо төдийлөн мэдэхгүй байна гэхээр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа зохицуулалт олон байна. Татварын багц хуулийн зарим хэсэг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс, үлдэх хэсэг нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тухайлбал, цалин хөлснөөс төлдөг орлогын албан татварт өөрчлөлт орж байна. 792 мянган төгрөг хүртэлх орлогод татвар төлөхгүй, хоёр сая төгрөг хүртэлх цалинд нэг хувийн татвар төлөхөөр зохицуулалт орж байгаа. Одоо 200 мянган төгрөгийн татвар төлж байгаа хүн шинэ зохицуулалтаар 20 мянган төгрөгийн татвар төлөх нөхцөл үүснэ. Энэ бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст том дэмжлэг болно. Мөн аж ахуйн нэгж, НӨАТ-тай холбоотой олон өөрчлөлт орсон.
-Суурь тэтгэврийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сая Засгийн газар шийдвэр гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэврийг нэг сая төгрөг рүү ойртуулж байна. Энэ бол тодорхой хэмжээний дэмжлэг. Гэхдээ тэтгэврийн тогтолцоог урт хугацаанд бүхэлд нь харах хэрэгтэй. Олон жил шимтгэл төлсөн хүн тэтгэвэрт гараад амьдралд хүрэлцэхгүй орлоготой үлдэх ёсгүй.
-Таны өмнө нь хөндөж байсан банкуудын иргэдэд буцаан олгох 50 тэрбум төгрөгийн асуудал ямар шатандаа явна вэ?
-Энэ асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очоод гацчихсан. Би ипотекийн зээл судлахад ямар ч зардал гараагүй байхад зардлаа нотолж чадахгүйгээр их хэмжээний мөнгө авдаг асуудлыг буруу гэж үзээд шүүхэд хандсан. Энэ асуудлаар шүүхэд ялсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Би энэ асуудлыг гурван жил хөөцөлдсөн. Гэхдээ хаяхгүй, эцсийг нь хүртэл явна гэж бодож байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Д.ЭРДЭНЭТУЯА

.jpg)






































































Сэтгэгдэл
хуульч [202.70.34.115] 2026-10-09 13:23:42
Үнэн шүү, бодит үнэн...........МАНай нам мөрийн хөтөлбөртөө ТАТВАР нэмэхгүй гэж шааж бгаад сонгогдсон, олонхи болоод эсрэгээрээ бүх татварыг нэмсээн. Иргэд 2027+2028 онуудад дэлхийн хөгжсөн орнуудын жишгээр Иргэдээ өмчтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэрэгжүүлдэг "АРДЧИЛСАН" үзэл баримтлалаа дэмжих нь нэгэнт тодорхой болжээээээээээээээээ...........................МАНай нам сүүлийн 10 гаруй жил төрийн эрхийг хуйвалдаж бариад танай гэрийн амьдралд ямар сайн нөлөө үзүүлсэн бэ? доор тоочоод бичээд байгаарай малнууд аа кх кх